"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг шүүх хурал өнөөдөр болно

2017 оны 05-р сар 22-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр буюу 5-р сарын 22-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болно.

Тэрбээр Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй нь илэрсэн юм. Хэргийг шалгах явцад "Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбатад дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн нэгдүгээр сард Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын алба хаагч Хан-Уул дүүрэгт байрлах Зуслангийн байранд нь хамтарсан шалгалт хийж, гэрийг нь нэгжих үед мөрдөн байцаагч, комиссар Ц.Батболдыг алгадаж, эсэргүүцэл үзүүлсэн юм.  Энэ үйлдэлд нь Прокуророос түүнийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь биед нь халдаж, хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хуулийн заалттай юм. 

Түүний хэргийг шалгах явц дуусч, шүүх хурал ийнхүү товлогджээ.

Д.Энхтүвшин 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.