Дэлхийн хоккейн аваргад шведүүд 4 жилийн дараа анх удаа аваргаллаа

Twitter Print
2017 оны 05-р сар 22-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Олон улсын шайбтай хоккейн холбооны календарчилсан хөтөлбөрийн дагуу дэлхийн аварга шалгаруулах тэмцээн орон нутгийн цагаар тавдугаар сарын 5-21 хооронд Франц улсын нийслэл Парис хот болон Герман улсын Кёльн хотноо болж, тэмцээний аварга баг өнгөрөгч шөнө тодорлоо.

Тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч 14 орон болон зохион байгуулагч орны Герман, Франц гэсэн нийт 16 баг оролцсон. Тэмцээний турш нийт 64 тоглолт өрнөснөөс шилдэг 4 багаар ОХУ, Финлянд, Швед, Канад гэсэн шилдэг 4 баг тунанж үлдээд байсан юм. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд медалийн эздийг тодруулах шийдвэрлэх тоглолтууд ширүүн өрсөлдөөн дунд өрнөлөө.

Хүрэл медалын төлөөх тоглолт А хэсгийг 5 хожил, 1 хожигдол, 1 нэмэлт цагийн хожлоор өндөрлүүлж хэсгээсээ хоёрдугаар байраар гарсан ОХУ-ын баг болон Б хэсгийн хамгийн сүүлийн буюу 4 дүгээр байраар хасагдах шатанд шалгарсан Финляндын багуудын хооронд болжээ. Эхний хоёр үеийн дараах байдлаар 4-0 гэсэн онооны давамгайллыг ОХУ-ын баг авсан нь үзэгчдэд бүх зүйл дуусж байна уу даа гэсэн бодлыг төрүүлсэн юм. Гэвч тоглолтын гуравдугаар үед Финляндын шигшээ баг хүчирхэг ОХУ-ын багийн хаалганд 3 гоол оруулснаар алдаад байсан тоглолтоос эргэн ирж чаджээ. Харамсалтай нь хүчирхэг ОХУ-ын баг тэдэнд оноог гүйцэх боломж өгсөнгүй. Ингээд тоглолтын цаг дуусахад 5-3 гэсэн онооны харьцаатайгаар ОХУ-ын баг хүрэл медалын эздээр тодорсон юм. ОХУ-ын багаас Владимр Ткачёв, Богдан Киселевич, Никита Кучеров нар гоолдсон бол Валерий Ничушкин 3 ашигтай дамжуулалт өгсөн юм. Энэ бол тус тэмцээний 63 дахь тоглолт байлаа.

Тэгвэл өнгөрсөн шөнө тэмцээний 64 дэх тоглолт Кёльн хотын Ланксесс ордонд болсон. 17300 гаруй үзэгч тэмцээний хамгийн шилдэг 2 багийн тоглолтыг үзэж сонирхсон юм. А хэсгийн 3 дугаар байраар хасагдах шатанд шалгарсан Шведийн шигшээ баг болон, Б хэсгийн 7 тоглолтоос ганцхан ялагдал хүлээж бүсээ тэргүүлсэн.  

Канадын шигшээ багуудын хоорондын тоглолт хамгаалалт сайтай, хий бага гаргасан тоглолт болж алтан медалын эзэд тодорлоо. 2:1-ийн харьцаатай өндөрлөсөн тус тоглолтонд нийт цохилтын 4.76 хувийг нь оновчтой болгож хоёр шайбыг эсрэг багийн хаалганд шигтгэж чадсан Шведийн баг тамирчид энэ үдшийн хамгийн шилдгүүд байлаа. Хүчирхэг Канадын багийг буулган авсан Шведийн багийн хувьд 2013 оноос хойш тус тэмцээнд анх удаагаа түрүүлж байгаа нь энэ юм. Жил бүр уламжлал болон зохиогдож буй тус тэмцээний 2016 оны аваргууд болох Канадын багийн хувьд торгуулийн цохилтоос 4 цохилтоо алдсанаар 3 дараалласан алтан медал хүртэх боломжоо алдсан.

Тэмцээний түүхэнд алтан медалын төлөөх тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдэж байсан тохиолддол 1994 онд ганцхан удаа тохиож байсанд ялагчаар нь Канадын баг тодорч байжээ. Харин түүнээс 23 жилийн дараа Канадын баг дахин нэг удаа түүхэн тоглолтын гэрч болон үлдсэн юм. Гэхдээ энэ удаад тэдний медаль шар өнгөөр гэрэлтсэнгүй.

Б.Энх-Амгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.