О.Магнай: Засгийн газар зөвхөн "МАК"-д зориулж гэрээгээ өөрчилсөн байна

2017 оны 05-р сар 19-нд 00:12 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Өчигдөр МАН-аас Их хуралд сонгогдсон нэг гишүүн ажлын хэсгийн дүгнэлт авчирч өглөө. Энэ нь найман концесстой холбоотой дүгнэлт юм байна. Ер нь улс орон даяар хулгай, зэлгий цагаандаа гарлаа. Ардын намын 65 дотор улс эх орноо боддог хүн байдагт баярлаж байна.

Найман концессын нийт төсөв нь 807 тэрбум төгрөг байгаа. Хамгийн гол дүгнэлт нь 2018 оны төсвийн жил хүртэл барих, шилжүүлэх төрлийн концессын гэрээ байгуулахыг хориглох тухай тогтоолоо Ж.Эрдэнэбатын Засгийн газар таван сарын дараа өөрчилж 2020 он хүртэл төсөвт хүндрэл учруулж болохгүй нэрийн дор дахин барих, шилжүүлэх концессын гэрээг байгуулах боломжийг бий болгосон байна.

Засгийн газар 2016 оны 37 дугаар тогтоолоор 2018 оны төсвийн жил хүртэл барих шилжүүлэх концессыг хийхгүй гэсэн. Гэвч Цагаансуварга буюу "Монголын Алт" компанитай холбоотой концесс байгуулах зөвшөөрлийг өөрсдөө өгсөн байна. Өөрөөр хэлбэл, таван сарын өмнө концесс хийхийх бүрэн хориглож байсан бол таван сарын дараа өөрсдийнхөө тогтоолыг зөрчөөд МАК-тай гэрээ хийсэн байна.

Мөн дээрх концессууд дээр цэвэр ам.доллараар гэрээ хийхээр тусгасан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төв банкны хуулиар бүх гүйлгээ монгол төгрөгөөр явах ёстой. Гэтэл Засгийн газрын гишүүд өөрийнхөө компанийн концессыг ам.доллараар хийх гэрээг оруулсан байна.  

2020 он гэхэд 327,3 тэрбум төгрөг, 2021 онд 216,2 тэрбум төгрөг, 2020 оны төсөвт 540 тэрбум төгрөгийн ачаалал өгөхөөр хулгайг энэ нөхдүүд хийх гэж байна. Энэ бол байж боломжгүй зүйл. 2017 оны нэгдүгээр сарын 18-ны 16 дугаар тогтоол гарсны дараа "МАК"-аас бусад компаниудтай гэрээ байгуулсан. Гэтэл "МАК"-тай уг тогтоол гарахаас өмнө буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан. Үүнээс харахад 18-ны өдөр зөвхөн "МАК"-д зориулж гэрээгээ өөрчилсөн байна.

Монгол Улсын Засгийн газар уу, "МАК"-ийн Засгийн газар уу гэж асуугаад байдгийн хариулт энэ байна. Хулгай улаан цагаандаа гарч байна. Мэргэжлийн Засгийн газар бус хулгай хийх гэж байгуулсан юм байна. Энэ асуудлаар холбогдох газруудад Ардчилсан нам хандана” гэлээ. Засгийн газар өөрсдийн гаргасан тогтоолоо зөрчиж байж хувийн компанитай гэрээ байгуулна гэдэг бол Үндсэн хуулийн үнэт зүйлийг уландаа гишгэж байгаа зүйл. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд хандана гэсэн юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.