Интернет орчин шалдир булдир…

Twitter Print
2017 оны 05-р сар 18-нд 18:29 цагт
Мэдээний зураг,

Интернет, цахим орчин яах аргагүй бидний өдөр тутмын амьдралын гол хэрэглээ, нүд сэтгэл оюуныг соронздон татагч болчихож. Өглөө ажил дээрээ ирээд л үндсэн ажлынхаа хажуугаар фейсбүүк харж, элдэв сайтын эрээн саарал мэдээлэл рүү хараа бэлчээнэ. Өдөр шөнө ээлжилж, сайн муу сүлэлдэн байдаг орчлонгийн түмэн явдлыг интернетийн эрээн мяраан хуудаснаас олж харна. Өнөөдөр үзсэн хамгийн сайхан мэдээлэл нь Манжийн дарлалын эсрэг 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөний баатар Манлай ван Дамдинсүрэнгийн зээ охин Лхамжавт сүмогийн их аварга Д.Дагвадорж Дархан хотод хоёр өрөө байр зургаадугаар сарын 1-ний эх үрсийн баярыг тохиолдуулан бэлэглэхээр болсон мэдээлэл байв.

Харин энэ сайхан мэдээг дөнгөж уншчихаад доош гүйлгэвэл төрсөн эхийгээ тагтан дээр гаргачихаад “Үхэж далд ороод өгөөч” хэмээн орилж хашхиран цамнаж байгаа согтуу хүүхний хахир дуу хавь ойрыг цочроосон бичлэг байв. Мэдээж согтуу хүүхэн зохих шийтгэлээ хүлээж долоо хоног баривчлагдахаар болсон тухай тэр дор нь олоод уншчихсан. Монголын нийгэм хэдийгээр бухимдалтай, урагшгүй улстөрчдийн балгаар ард  иргэд өлөн зэлмүүхэн байгаа ч буянтай үйлс бүтээх тухайгаа дуулгасан Аса аваргад талархсан коммент тэр дороо хөвөрч эхэлсэн бол ээжийгээ “Үх далд ор” цамнасан согтуу хүүхнийг хилэгнэн буруушаасан бичлэг мөн л үерийн ус шиг шаагиад орж ирнэ лээ.

Тэгээд ахиулаад харж байтал Ерөнхийлөгчийн сонгуулийн сургаар МАХН-д элсээд хоёрхон хонож байгаа ч нэр дэвших эрхээ СЕХ-ноос авч дөнгөсөн “Босоо Ганбаа”-гийн “Ард иргэдээсээ хандив цуглуулж сонгуульд оролцох 10 тэрбум төгрөгөө босгоно” гэсэн зарын шинжтэй мэдээлэл хоёр нүдийг маань бүлтийлгэж орхих нь тэр. Талхны мөнгөө яая гэж байгаа түмэн олноосоо 10 тэрбум төгрөг гуйгаад авчихна гэж сэтгэж чадсан түүний ариухан доторыг гайхаж баршгүй. Аргагүй л “Мунхагийн дотор ариухан” гэж үнэн юм. Бодвол “Босоо Ганбаа” өчигдөрхөн телевизтийн дэлгэцээр гарсан 500 төгрөгийн үнэтэй 500 литр усыг зээлээр авч байгаа Хайлаастын иргэдийн бодит амьдралыг үзээгүй, дуулаагүй бололтой.

За тэгээд цааш явж байтал УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшээд байгаа “Женко” Х.Баттулгыг “Шунал нь дийлдэхгүй хүн” хэмээгээд “Түгжил гэдэг нэр хэнд хамгийн их очиж наалдаж байна. Хэн хамгийн их мөнгийг намынхнаа намнахад зарцуулав. Ардын намтай үзээгүй өрсөлдөөнийг нам дотроо үзэн ядалтын хэмжээнд хийсэн гэх тэр хүн бусдын нүдэнд ил байгаа. Түүнийг яагаад ч дэмжиж болохгүй” хэмээн олон нийтийг уриалсан байхыг олж үзэв. Мэдээж энэ бол бас л базаахгүй хар мэдээ.

Хар мэдээ үүгээр дууссангүй. Л.Пүрэвбаатар гэгч этгээд 2016 оны 3-р сард УБТЗ-ын дарга байхдаа төмөр замын эзэмшил газраас “Эрэл” компанид  дур мэдэн шилжүүлсэн талаарх шуугиан мэлтэсхийтэл гараад ирэв. Тодруулбал ихээхэн хэл амтайгаар УБТЗ-ын даргын суудалд заларч байсан тэр нөхөр  “Эрэл” ХХК-ийн зүүн талд байрлах УБТЗ-ын эзэмшилд байсан “Мишээл экспо” төврүү орсон төмөр замыг “Эрэл” компанийн эзэмшилд сэмхэн шилжүүлж орхисон нь илэрчээ. Энэ бол төрийн нэр барьсан “Цагаан захтан”-ууд яаж хулгай, луйвар хийж хэтэвчээ түнтийлгэдэгийн бас нэгэн тодорхой жишээ. Мэдээж тэр товариш бүхэл бүтэн төмөр замыг “Эрэл”-ийн босс Б.Эрдэнэбатад зүгээр л “Алчуур болгоод барьчихъя. Ариглаж гамнаад аваарай” хэмээгээд бэлэглэчихээгүй нь лавтай. Энэ бол төрийн хулгайч нарын талаарх базаахгүй мэдээ буюу интернет дэх хар мэдээ.

Тэгсгээд явж байтал УИХ-ын нялх гишүүдийн нэг Х.Нямбаатар “Приус машины татварыг тэглэх хуулийн төсөл боловсруулж байна” гэсэн мэдээлэл цохиж явна. Энэ бол сайн ч биш , саар ч биш саарал мэдээ. Учир нь Монголын хууль гууль болж, 3 хоногийн настай хууль батлагчид борооны дараах мөөг шиг л толгойгоо өргөж байгаагийн сонгодог нотолгоо мөн.

Ингээд цааш нь жаахан ухдаг юм билүү гэсэн чинь үсээ сэгсийтэл нь ургуулсан УИХ-ын нялх гишүүдийн нэг С.Жавхлан “Намайг эсэргүүцлээ илэрхийлж суулт хийсэн чинь ажил тасаллаа гэж байна, үүнийг би эсэргүүцэж байна” хэмээн улаан нүдлээд сууж байхыг хардаг юм байна. Ингээд л цааш нь интернет ухах ямар ч сонирхолгүй болчихож байгаа юм.

Өдөр шөнө, сайн муу, сайхан муутай ээлжлэн байдаг хорвоогийн түмэн явдал шиг интернетийн эрээн бараанаас энэ өдөр нүд сэтгэлийг минь баясгасан их аварга Д.Дагвадоржийн жиргээг л онцлон хүргэе дээ. Өөр ч гойд сонин зүйлгүй, хэрүүл тэмцэл хэвийн үргэлжилсэн өдөр байлаа гэж…

    

Д.Дагвадорж “Эх оронч Манлай вангийн удмын эмээтэй холбогдох арга байна уу. Сэтгэл эмтэрч зүрх шимшрэв. Миний шүтээн энэ хүний үр сад ингэж явааг дөнгөж сая харлаа. Энэ эрхэм түүхэн хүний хөрөг зургийг хүсэн байж зуруулж ажлынхаа үүдэнд залсан билээ. Агуу эх орончдын үр сад ингэж явах учиргүй.... Эвий минь миний эмээгээс ялгаа юу байх вэ. Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай! Хийнээ......!!!! Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуайд өөрийн зүгээс эх үрсийн баярыг тохиолдуулан Дархан хотод 2 өрөө байр бэлэглэж байгааг уламжлаарай. Эх оронч миний шүтээн өвөг дээдсийн сүнс амирлах болтугай!". Уухай уухай уухай…

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.