Ц.Хосбаяр: Д.Сумьяабазар, Б.Батбаяр, Б.Баттулга нар Монголын чөлөөт бөхийг сүйрүүлж байна…

Twitter Print
2017 оны 05-р сар 21-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяртай уулзаж Монголын чөлөөт бөхийн холбоо болон “Алдар” нийгэмлэгийн багш дасгалжуулагчид, тамирчдын хооронд үүсээд байгаа үл ойлголцол, ер нь Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч асан Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржоос хойш тэрхүү албыг орлон гүйцэтгэж байгаа УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар нартай хэрхэн ойлголцож байгаа болон хойшдынх нь зорилго чиглэлийн талаар ярилцсанаа хүргэж байна.

-За ажил алба тавтай юу. Өнөөдөр “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагчаар хэдэн хүн ажиллаж байгаа вэ?

-Ажил төрөл маань хуучнаараа хэвийн хэмжээнд үргэлжлээд явж байна. За “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн хувьд миний дүү Монгол Улсын гавьяат тамирчин, Риогийн олимпийн дэвжээн дээр шударга бус шүүлтийн эсрэг нүцгэн тэмцэл хийж Монголын чөлөөт бөхийн нэр хүндийг даян дэлхийд чадлынхаа хэрээр хамгаалсан Ц.Цогтбаяр бид хоёр ажиллаж, шавь нараа сургаж дасгалжуулаад явж байна.

-Өөрийг чинь “Алдар” спорт хорооноос ажил хөдөлмөр, их спортын гараагаа эхэлж өнөөдрийг хүрээд явж байгаа унаган “Алдар”-ын хүн гэж ойлгодог маань зөв үү?

-Зөв байлгүй яах вэ. Ажил амьдралд минь алтан сайхан ээлээ өгсөн энэ сайхан хороотойгоо 1984 он буюу одоогоос 33 жилийн өмнө амьдралаа холбосноос хойш огтхон ч холдож хөндийрсөнгүй өнөөдрийг хүрээд явж байна. Анх 1984-1989 онд цэргийн албанаас эхлээд “Алдар”-таа байж байгаад дараа нь 1989-1993 онд Биеийн тамирын дээд сургуульд сурч байхдаа Үндэсний шигшээ багт хамрагдаж 1992 оны Барселоны олимпод Ц.Энхбаяр, Ц.Цогтбаяр хоёр дүүтэйгээ гурвуулаа оролцож л явлаа. Эргээд 1993-1995 онд “Алдар”-таа тамирчнаар ирж байж байгаад “Монгени” сургуульд дасгалжуулагч багшаар нэг хэсэг ажилласан. Тэгж байгаад 2003 онд “Алдар”-таа буцан ирж өнөөдрийг хүртэл хүүхдүүдтэйгээ бужигналдаад явж байна. Одоо та бид хоёр гаднах усан оргилуурынх нь дууг сонсож, энэ сайхан талбай дээр нь ярилцаж суугаа “Алдар” спорт хороо маань газар доорх давхартайгаа нийлээд таван давхар юм шүү дээ. Энэ сайхан шинэ ордонд өдөр бүр шавь нартайгаа ажиллаж, тэднийгээ өдөр ирэх тусам бие бялдар нь чангарч, арга мэх нь сайжирч, дэлхийн хаана ч, ямар ч дэвжээн дээр очоод барилдсан Монгол гэдэг нэрийг мандуулж чадах хэмжээний бөхчүүд болж байгааг дэргэдээс нь харж, зааж зөвлөж яваа минь дасгалжуулагч хүний аз жаргал юм даа.

-Өөрөө армийн мөрдөстэй бил үү?

-Үгүй би энгийн. Харин манай дүү Ц.Цогтбаяр маань армийн дэд хурандаа цолтой.

-2003 оноос хойш “Алдар”-аар овоглодог өөрийн чинь гарын шавь нараас дэлхийн аварга С.Цэрэнчимэд, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Г.Мандахнаран гээд олон алдартай бөхчүүд төрсөн. Шавь нарынхаа томоохон амжилтын талаар цухасхан дурдаж болох уу?

-За даа маш товчхон ярихгүй бол яг үнэндээ дуусахгүй шүү. 2003 онд намайг “Алдар”-т эргэж ирэхэд бүх зүйл ундуй сундуй болчихсон, 310 дугаар ангийн харьяанд, чөлөөт бөхөд гэхэд үндсэн 3-4-хөн тамирчин алдаг оног бэлтгэл хиймэр болж байсныг шударгаар хэлчихье. Юмыг үнэнээр нь л ярчихсан нь дээр. Өсвөр, залуучууд, эмэгтэй баг гэж юу ч байгаагүй. Бүхнийг тэгээс эхэлсэн юм шүү. Чөлөөтийн үндсэн 4 тамирчны нэг нь миний дүү Ц.Цогтбаяр өөрөө байж тамирчин, дасгалжуулагч гээд л явж байсан. Тэгвэл өнөөдөр бид хоёр дээр 130-140 хүүхэд өдрийн таван ээлжээр тогтмол хичээллэж байна. Өнөөдөр “Алдар”-ын бөхчүүд улсын аварга болон бусад томоохон тэмцээнүүдэд байнга түрүү байрын төлөө л өрсөлдөж байгааг спорт сонирхогчид андахгүй.

Та шавь нараасаа тоймтойгоос нь нэрлээч гэлээ. Яг үнэндээ нэрлэж, тоолж дуусахгүй. Намайг “Монгени” цогцолбор сургуульд ажиллаж байхад миний гар дээр чөлөөт бөхөөр хоёр жил бэлтгэл хийж байсан Үндэсний бөхийн арслан Н.Батсуурь байна. За тэгээд улсын гарди Б.Гончигдамба байна. Ноднин Ц.Нямдорж, Л.Шинэбаатар, Б.Чимэдвандан нар маань начин боллоо. Мөн үзүүрлэсэн Р.Пүрэвдагва арслан маань орж гараад бэлтгэл хийгээд явдаг. Сүмод гэхэд л Б.Нанжид маань хааяа дээд зиндаанд гарч барилдаад байгаа.

Чөлөөтөөр гэвэл дэлхийн аваргын хошой хүрэл медальт Г.Мандахнаран гавьяат маань Риогийн олимпод яг үнэндээ хүрэл медаль авахыг дэлхий нийтээрээ харсан шүү дээ. Олимпийн дэвжээн дээрх булхай луйвар, хээл хахуулийг эсэргүүцэж нүцгэн тэмцэл хийсэн дүү минь өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбоо, түүнийг удирдаж байсан Д.Дагвадорж нарын худал хуурмаг бүхнийг илчлэн тэмцсэнийхээ төлөө элдэв зуулт, занаанд нь орж хохироод л явж байна.

Манай шавь нар насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс л гэхэд 5-6 медаль авчихаад байгаа. Тодруулбал дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд шавьтайгаа хамт 2014 оны 12 дугаар сарын 24-нд буюу Үндэсний эрх чөлөөний 103 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм цолыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гараас энгэртээ зүүж, хийсэн бүтээснээ төр засаг, ард түмнээрээ үнэлүүлж байлаа. Мөн шавь Б.Одончимэг маань 2009 онд Дани улсын Хернинг хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, өнгөрсөн нэгдүгээр сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд найм дахь удаагаа түрүүлэн бахдам амжилт гаргасан ч өнөөдрийг хүртэл эдгээр амжилтыг нь үнэлэхгүй байгаад сэтгэл дундуур л явдаг. За тэгээд армийн дэлхийн аварга О.Үйтүмэн, өсвөр, залуучууд, сурагчдын дэлхийн аваргууд гээд явж өгнө дөө. Гавьяат авахаасаа өмнөхөн тоолоход л манай шавь нар насны дэлхийн аваргаас 18 медаль авсан байсан. Одоо гурван жилийн дараа тэр тоо мэдээж улам олон болж 30 гараад явчихсан. 

-Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг ялимгүй өөрчилье. Хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн нийслэл Дели хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын бөхчүүд тун хангалтгүй оролцлоо. Энэ амжилтгүй явдал “Алдар”-ын баг тамирчид Делигийн тэмцээнд оролцолгүй хасагдсантай холбоотой юу?

-Шулуухан хэлэхэд тийм. Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбооноос Д.Дагвадорж зайлсан гэгдэж байгаа ч түүний ах УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар албан бус Ерөнхийлөгч болчихсон юм бишүү. Нөгөөтэйгүүр Монголын чөлөөтийн эмэгтэй шигшээ багийг баллаж хаясан Б.Батбаяр гэдэг нөхөр одоо эрэгтэй шигшээ багаар тоглож эхэлсний гор гарч байна. Азийн аваргын өмнөх хамтарсан бэлтгэлд “Алдар”-ын бөхчүүд хамрагдаагүй гээд биднийг багаар нь хасчихсан. Бид яагаад хамтарсан бэлтгэлд хамрагдаагүй гэвэл үндсэн 3-4 шалгаан байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээнээс “Алдар”-ын 16 бөх медаль авсан. Манай 16 бөхөөс 9-ийг нь шигшээ багт авсан бол “Хасу мегаватт”-ын медаль авсан 9 бөхийн 8-ыг нь шигшээ багт авч ялгаварлан гадуурхсан. Гэтэл өнөөдөр Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болчихсон томроод байгаа Б.Баттулгын  “Арслан” клубын бөхчүүд 7 медаль авахад 6 бөхийг Үндэсний шигшээ багт хамруулж байх жишээтэй. Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багт ийм л шударга бус, ялгаварлан гадуурхсан үйл ажиллагаа маш олон жил үргэлжлэн яваад байгаа учир бид тэмцээд байгаа юм. Яг үнэндээ Х.Баянмөнх аварга энэ тэрийн үеэс л ийм заваан юм даамжирсаар өнөөдрийг хүрсэн л дээ. Өнгөрсөн улсын аваргаар манайх “Алдар” спорт хороо, Банзүрх дүүрэг, “Даян” клуб гэсэн гурван баг оруулж шударгаар өрсөлдөөд 16 медаль авч байхад "Хилчин" клубээс эхлээд гаднаас хүн авч янз бүрийн аргаар хэдэн медаль цуглуулж байх жишээтэй.

Түүнээс гадна одоо дэлхий нийтийн мэргэжлийн тамирчдын жишгийг аваад үзвэл өсөх ирээдүйтэй сайн тамирчид дасгалжуулагчдаа өөрсдөө сонгож хичээллэдэг болсон. Хамгийн шударга, зөв энэ арга барилыг өнөөдрийн Монголын Үндэсний шигшээ багийн хуучинсаг удирдлага, юм ойлгодоггүй чадвар муутай зарим дасгалжуулагч нар ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байгаад л хамгийн гол зөрчилдөөн оршиж байна. Өнөөдөр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гэгдэж өөрийгөө “Элит дасгалжуулагч” хэмээн толгой нь эргэчихээд харайлгаад байгаа Б.Баттулга л гэхэд сая Азийн аварга шалгаруулах тэмцээнд дэвжээний хажууд зогсчихсон “Яваад бай, яваад бай, шахаад өг” хэмээн орилоод зогсож байна. Үнэндээ энэ нөхөр бол чөлөөт бөхийн дасгалжуулалтын нарийн техник, арга барилгүй, бүдүүн тоймын товариш шүү дээ. Ийм нөхөр чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн амжилтыг хойш нь чангааж, өсч яваа хүүхдүүдийг юу ч биш болгон баллаж хаяхаас өөрийг үнэндээ л хийж чадахгүй. Яагаад энэ Б.Баттулга гэдэг нөхрөөс шавь нь гэгддэг дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар болон гавьяат тамирчин Э.Ням-Очир, Азийн наадам болон Азийн аваргын мөнгөн медальт Ж.Чулуунбат нар улаан цайм зугатаагаад байдаг юм. Ердөө л дасгалжуулах арга барил байхгүй, нарийн техник мэдэхгүй, бүдүүн тоймоор яваад байгаагаас нь л залхсан хэрэг шүү дээ. Гэтэл ийм нөхөр өнөөдөр Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гэгдэж анхныхаа Азийн аваргаар дэвжээний шороо арчуулаад ирлээ.

-Та хэдийг Төв аймагт тусдаа бэлтгэлд гарсан гэсэн? 

-Тэгсэн. Манай академийн 4 багш 40-өөд шавиа аваад Төв аймагт бэлтгэл хийсэн юм. Гэхдээ тэр бэлтгэлд улсын төсөв болон, татвар төлөгчдийн мөнгөнөөс ганц ч төгрөг гаргаагүй бүгдийг нь ивээн тэтгэгчдийн хандив болон өөрсдөө бор зүрхээрээ бүхнийг зохицуулсан юм. Ер нь манай энэ 4 багшийг ирэхээс өмнө чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг ямархуу байдалтай байсныг Монголын ард түмэн мэдэж л байгаа. Эндээс ганцхан л юм ажиглагдаж байгаа юм. Ямар ч их хөрөнгө мөнгө хаяад, яаж ч тусалж дэмжээд чөлөөт бөхөд сэтгэлгүй, мэдлэг чадвар муутай, орчин үеийн барилдааны арга техник сайн мэдэхгүй, хүн чанар муутай багш дасгалжуулагчтай багаас амжилт гардаггүй юмаа. Гол нь багш дасгалжуулагч нарт л байгаа болохоос биш тамирчид, бөхчүүдэд ямар ч буруу байхгүй.

Яах вэ өнөөдөр нийт Монголчуудын амьдралын нөхцөл, боломж бололцоо ямар байгаа билээ. Өнөөдөр цалин мөнгө авах гээд, ахуй хангамжаа сайжруулах гэж Үндэсний шигшээ багийг бараадаад өөрийнх нь барилдааны арга техник өсч хөгжихгүй, амьдралаараа хохироод явж байгаа хүүхдүүд бий. Би тэдэнд буруу өгөхгүй. Гол нь тэдний толгойг эргүүлж, ид амжилт гаргах насыг нь үрэн таран хийж байгаа Б.Баттулга, Б.Батбаяр нартай л хариуцлага ярих ёстой. Тухайлбал өнгөрсөн гуравдугаар сард болсон “Монголиа опен” тэмцээний нэг хоёрдугаар тойрогт Үндэсний шигшээ багийн таван бөх манай академийн шавь нарт юу ч бололгүй хожигдохыг бөх сонирхогчид харсан л байх. Үндэсний шигшээ багийн 57, 61, 65, 70, 74 кг гээд доод таван жин тавуулаа нэгдүгээр тойрогт мултарсан шүү дээ. Хэн ч медаль аваагүй байхад ийм л бөхчүүдийг сая Азийн аваргад авч яваад амаар нь шороо үмхүүлээд ирж байна.

Өнөөдөр Үндэсний шигшээ баг татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч байна, цугларалтад гарлаа, өчнөөн мөнгө хөрөнгө үрэн таран хийлээ. Тэгээд яав. Шинэ Делид болсон Азийн аваргаар гавьяат С.Батцэцэгийн авсан ганцхан алтан медалиар л ширэн нүүрээ тахаллаа шүү дээ. “Алдар” спорт хороо академийн тамирчдыг Азийн аваргад үлдээснээр Б.Батбаяр, Б.Баттулга нар хожив уу, Монгол Улс хохиров уу, бодох л хэрэгтэй.

-Эрэгтэй бөхчүүд Азийн аваргаас ганц мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн гэхээр тун тааруухан амжилт шүү?

-Яах аргагүй тийм. 57 кг-д З.Занбазар мөнгө 86-д гавьяат П.Өнөрбат, 125-д Н.Золбоо нар хүрэл медаль гэсэн үнэхээр тааруухан барилдаан гаргалаа. Би дээр хэлсэн. Бөхчүүдэд буруу байхгүй, хамгийн гол нь тэднийг удирдан дэвжээнд авч гарч байгаа дасгалжуулагч нэртэй ажлаа мэдэхгүй, хоцрогдсон юмнуудад л гол буруу нь байгаа юм. Эмэгтэй бөхчүүд ч тун тааруухан барилдсан. С.Батцэцэг гавьяат яах аргагүй шийр зааж сайхан түрүүлснийг хэлэх ёстой. Гэхдээ миний шавь П.Орхон очсон бол түүнээс л илүү шуугиулан түрүүлэх байсныг баттай хэлэх байна. Яагаад гэвэл энэ жил П.Орхон С.Батцэцэг гавьяатыг хоёр ч удаа илт илүүрхэн цэвэр ялчихаад байсан. Гол нь тамирчдыг удирдаж байгаа дасгалжуулагч нэртэй юмнууд ямар үед тамирчиддаа аль зэрэг ачаалал өгөх вэ, ямар үед нь арга техник, мэхний хувилбартай нь ажиллах вэ, ямар үед хүчний бэлтгэлийг ахиухан хийлгэх вэ зэрэг нарийн юмаа ерөөсөө мэдэхгүй, үндсэндээ дасгалжуулж чадахгүй байна шүү дээ. Хамгийн гол нь Монголын чөлөөт бөхөд хэн нь татвар төлөгчдийн мөнгийг шал дэмий хоосон үрэн таран хийгээд байна, хэн нь чухам үнэн сэтгэлээсээ хүүхдүүдтэй ажиллаж амжилт гаргаад байна вэ гэдгийг яаралтай тодруулж энэ асуудлыг нэг тийш болгохгүй бол Монголын чөлөөт бөх тун удахгүй дахиад л уналтын байдалд орж болзошгүй болчихлоо.

Сая болсон Делигийн Азийн аваргад “Алдар”-ынхан мэдүүлгээ өгөлгүй хоцроосноос болоод хасагдсан гэж гүтгээд байгаа. Гэтэл би дөрөвдүгээр сарын 14-нд фейсбүүк хуудастаа Азийн аваргад оролцох баг тамирчдынхаа мэдүүлгийг чөлөөт бөхийн холбоонд гаргаж өгсөн тухайгаа нэгд нэгэнгүй биччихсэн байна. Бидний зүгээс тамирчдаа хохироож мэдүүлэг энэ тэрээ хоцроосон юм огт байхгүйг хариуцлагатай хэлэх байна. Энэ бол Монголын чөлөөт бөхийн холбоог ашиг хонжооны хэрэгсэл болгочихоод байгаа хэдхэн дарга, дасгалжуулагч нарын л хийж байгаа бусармаг үйл ажиллагаа юм.

Би бүр Делигийн Азийн аваргын өмнө “Хэрвээ Азийн аваргад Монголын баг муу оролцвол Алдарын Хосбаяр, Цогтбаяр нараас боллоо гэнэ. Хэрвээ сайн оролцвол Монголын чөлөөт бөхийн холбоо үнэхээр сайн ажиллаж байна хэмээн өөрсдийгөө тэнгэрт гартал магтана даа” хэмээн мэдсэн юм шиг ярьж байсан. Өнөөдөр яг л миний хэлснээр болж байна. Одоо хамгийн гол нь хомоол хамаад Делигээс буцахдаа онгоцон дотор Б.Батбаяр, Б.Баттулга, А.Цэдэнсодном болон бас бус нөхдүүд ямар хор найруулж, юу гэж тохиролцож ирсэн нь л сонирхолтой.

Уг нь тэмцээний өмнө Удирдах зөвлөлийн зарим гишүүн “Улсын аваргаар тасархай түрүүлсэн Н.Лхамгармаа, П.Орхон нарыг Дели явуулъя” гэсэн чинь “Академийн тамирчдыг нар үзүүлэхгүй. Тэд нарыг битгий тэгж давраа” хэмээн шууд дарсан тухай сонссон. Өнөөдөр Монголын чөлөөт бөхийг ийм л хүмүүс удирдан чиглүүлсэн болж байгаа тул үнэндээ хэлэх үг олдохгүй байна.

Азийн аваргын нэгдүгээр тойрогт шал арчаад дуусч байгаа тамирчид наймдугаар сард Францын дэлхийн аваргад очоод яах юм ёстой хэлж мэдэхгүй байна. 

-Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, “Арслан” клубээр овоглогддог Б.Баттулга та хоёрын дунд ямар үл ойлголцол, хэрүүл тэмцэл байдаг юм бэ дээ?

-Сүйдтэй хэрүүл тэмцэл юу байх вэ дээ. Энэ нөхөр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болоод таван сар болчихлоо. Амжилт гаргавал гаргах хугацаа өнгөрчихөөд байхад анхныхаа том тэмцээнд хэн бэ гэдгээ харуулчихаад ирж байгааг нь л шүүмжилж байна. Өөрийгөө “Элит дасгалжуулагч” гээд л гүйгээд байсан. Бас өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга хийж байгаа Б.Батбаяр бол төрсөн ах Б.Болдын буянгаар л гавьяат болж өнөөдөр дарга хийгээд сууж байгаа нөхөр. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр би өрөөнд нь явж ороод олон хүний нүдэн дээр “За чи ахынхаа буянгаар гавьяат боллоо. Тэр чинь яах вэ. Чи эмэгтэй шигшээ багаар тоглож дуусгалаа. Одоо эрэгтэй багийг нураагаад эхэллээ. Одоо чи болоо юм бишүү. Монголын чөлөөт бөх чамд ямар гай тарьсан юм бэ. Чи одоо зайгаа тавьж өгөөд зайлаач ээ” хэмээн шууд асуухад “Би явахгүй, зайгаа тавихгүй ээ” л гэж байсан. Тухайн үед би “За удахгүй Азийн аваргаар чи хэн бэ гэдгээ харуулна даа” гэж хэлж байсан. Яг л миний хэлж байснаар болоод дууслаа. Тухайн үед өрөөнд нь Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Алтаа эгч, гадаад харицааны Буянаа гээд хүүхэн, нарийн бичгийн дарга Батчимэг, Эрдэнэбаатар орон нутгийн дасгалжуулагчид гээд маш олон хүн байсан. Би эд нарын хуйвалдаан, бузар булайг нь шууд нүүрэн дээр нь пал хийтэл нь хэлчихдэг. Эд нар шиг элдэв хор найруулж, хов хутгаж гүйдэггүй. Бүр сүүлд нь би “За хэдүүлээ зурагтын шууд мэтгэлцээнд оръё. Хэн нь үнэн яриад, хэн нь хор найруулаад байгааг Монголын ард түмэн мэдэх эрхтэй” гэсэн. Эд нар “Орж чадахгүй ээ” л гэж байна лээ.  

-Шигшээ багийг таван сар удирдаад амжилт гаргах үндэслэл аль хэр бодитой вэ?

-Өөрт чинь би ганцхан жишээ хэлье. Манай “Алдар”-т Ж.Лодой гэж мундаг дасгалжуулагч байсан юм. Тэр багш маань өнгөрөөд бид нар багшгүй 1986 оны 12 дугаар сард Эрдэнэтийн улсын аваргад ороод багаараа наймдугаар байранд орж байлаа.Тэгээд С.Магсар багш маань бидэнтэй ажиллах болж долоохон сарын дараа 1987 оны спартакиадад манайхан яг тэр багаараа ороод тасархай түрүүлж байсан юм. Сайн багш дасгалжуулагч гэдэг ийм л чадвартай, хамт олныг дээш нь гаргаж чаддаг юм. Харин өнөөдрийн чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар бол яг эсрэгээр нь хийж байгаа, тэднээс амжилт хараад нэмэргүй. Би хатуу ч гэсэн яг л үнэнийг хэлж байна.

Гэтэл маш муу жишээг хэлэхэд  Үндэсний шигшээ багийн 48 кг-ын жинд Б.Батбаярын ивээлд байдаг Э.Нарангэрэл гээд охин байгаа. Энэ охин сүүлийн таван жилд дэлхийн аварга гээд бүх том тэмцээнд Б.Батбаярын ивээлээр очоод л эхний тойрогтоо ялагдчихдаг. “Одоо наад Нарангэрэл ээ болиоч ээ, эхний даваанд ялагдаад байна шүү дээ” гээд байхад л Б.Батбаяр огт халгаадаггүй. Сая Делид бас л тэр байдал давтагдаж, эхний тойрогтоо л эзэн орны бөхөд 11:4-өөр шал арчаад дуусгаж байна лээ.  

-Монголын чөлөөт бөхийн холбооны энэ их талцаж хуваагдсан тэмцэл ер нь яг юунаас эхэлчихвээ. Засч залруулж болохгүй юу. Х.Баянмөнх аварга, А.Басхүү багш нарын үеэс л эхэлсэн энэ хэрүүл тэмцэл хэзээ дуусах бол?    

-Яг үнэндээ Монголын чөлөөт бөхөд багагүй балаг тарьсан хүмүүсийг хэн нь хэн бэ гэдгийг Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй нэртэй устай нь мэдэж л байгаа. Харин шалчийтлаа уналтад орчихсон байсан чөлөөт бөхийн холбоог хөл дээр босгосон нэгэн гавьяатай хүнийг заавал дурдахгүй бол болохгүй. Тухайн үед холбоог А.Басхүү багш удирдаж байхад  албан ёсоор хурлаа хийгээд “Гацуурт” компанийн захирал, өнгөрсөн Цагаан сараар Хөдөлмөрийн баатар болсон Л.Чинбат гуай Ерөнхийлөгч болж жинхэнэ утгаар нь хөл дээр нь босгосон. Гэтэл хэдхэн жилийн дараа Монголын чөлөөт бөхийн холбоогоор шахааны бизнес хийж хэзээнээсээ хөрөнгө мөнгийг нь завшаад сурчихсан бүлэг хүмүүс хов хутгаж, ил далд хэл ам хийсээр байгаад Л.Чинбат гуайн хүсэл зоригийг мохоож ажлыг нь булааж авсан. Тэгээд юу болов. Д.Дагвадорж албан ёсоор хурал хуй ч хийлгүй Ерөнхийлөгч болж баахан бужигнууллаа. Нарийн ярьвал асар их мөнгө төгрөгний ч асуудал босч ирнэ шүү. Түүнээс гадна Монголын чөлөөт бөхийн холбоонд ёстой л хачиг шиг наалдчихсан гавьяат тамирчин Б.Болд гэдэг хүнийг дурдалгүй өнгөрч болохгүй. Энэ хүн 5-6 Ерөнхийлөгчийн нүүр үзлээ, бүгдээрэнгийх нь шилийг харлаа. Нүүрэн дээр нь малилзаж байгаад явангуут нь “Хүйтэн цустай, тууз хайчлахаас өөрийг мэддэггүй амьтад” гээд л муулж гарна. Гэтэл өөрөө юу хийсэн, юу хийж байгаа хүн бэ гэдгийг бид огт мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй. Яг үнэндээ Монголын чөлөөт бөхийн холбоонд хамгийн их ажил хийсэн, амжуулсан хүн бол Хөдөлмөрийн баатар “Гацуурт”-ын Л.Чинбат гэдгийг тамирчид, дамгалжуулагч нар бүгд хэлнэ дээ. Гэтэл ийм хүнээ хөөж явуулчихаад өнөөдөр өнөөх л А.Басхүү, Б.Болд, Б.Батбаяр, Б.Баттулга гэсэн хов ярьж, хор найруулахаас өөрийг чаддаггүй, мэддэггүй нөхдүүд ил далд эзэн сууцгааж байна.

Өнөөдөр Д.Дагвадорж ажлаа өгсөн л гэсэн. Ах Д.Сумьяабазар нь ч авсан юм уу хэн нь авсан юм бүү мэд. Тухайн үед Д.Дагвадоржийг хурал ч хийлгүй Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч болоход далдуур “Новш, гахай, нохой”-д нь дуудаад явж байсан Б.Баттулга өнөөдөр янз бүрийн арга хэрэглэж гүйсээр байгаад ахлах дасгалжуулагч болчихсон. Энэ хоёр нэг удаа цахим ертөнцөөр яаж хэрүүл тэмцэл болж байсныг санаж байна. Тухайн үед Б.Баттулгын шавь З.Занабазар өсвөрийн Азийн аваргад түрүүлэхэд нь Д.Дагвадорж “Аварга болсон ганц бөхдөө дэлхийн аврагад оролцох зардал мөнгийг нь өгнө” гэж хэлээд хулхидчихсан юм. Тэгээд л бөөн хэрүүл тэмцэл болоод байсан чинь удалгүй л хүзүү сээрээрээ холбогдчихсон л байсан.

-Өөрөө түрүүнд асар их мөнгө төгрөний асуудал гэлээ. Энэ талаар жаахан тодруулахгүй юу? 

-Ноднин манайд Риогийн эрх олгох том тэмцээн болсон шүү дээ. Тэнд дэлхийн 40-өөд орны 700-800 тамирчин дасгалжуулагчид ирж 3-7 хоноцгоосон. Тэдгээр хүмүүс бүгдээрээ хоногийн 150 швейцарь франк төлж байр хоолын зардлаа гаргасан. Тухайн үед нэг швейцари франк 2430 төгрөгтэй тэнцэж байсан санагдаж байна. Тэгээд 750 хүний 150 швейцари франкийг дундажаар тав хоногоор бодоод 2430-аар үржүүлээд үзээрэй. Мөн ч овоо мөнгө болж байгаа биз.  Зүгээр ойролцоогоор бодоод үзэхэд л мөн ч их мөнгө Монголын чөлөөт бөхийн холбооны дансанд орсон нь илэрхий болно. Уг нь энэ тэмцээний зардалд Засгийн газраас хангалттай их мөнгө өгсөн юм шүү дээ. Харин гаднаас ирсэн тамирчид, дасгалжуулагчдын Монголын чөлөөт бөхийн холбооны дансанд оруулсан бүх зардлын тэдгээр мөнгийг багаар бодоход 3 тэрбум төгрөгийн асуудал яригдана. Хамгийн инээдтэй нь наймдугаар сард нь би тамирчдаа дагаж Рио явах гээд хувиасаа болон найз нөхдөөсөө 6.2 сая төгрөг босгочихоод ганц сая төгрөг дутангуут нь тэр үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга байсан О.Баянмөнх дээр орсон юм. “За Баянмөнх өө Батлан хамгаалах яам, Жанжин штаб, найз нөхөд маань туслаад 6.2 сая төгрөг олчихлоо. Одоо ганц сая төгрөг нэмэрлээч” гэтэл “Манай дансанд ганц ч төгрөг байхгүй” гээд огт хөдлөөгүй. Үнэхээр тэр их мөнгө Д.Дагвадорж, Д.Сумьяабазар, Б.Болд зэрэг хэдхэн хүний гараар ороод дууссан бол шалгах л ёстой, луйварчдыг нь олж хариуцлага хүлээлгэх л ёстой. О.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр “Балкан” Баяраа, Б.Энхбаяр бид нар ийм л шударга бус бүхэнтэй тэмцээд яваад байгаа болохоос биш дарга даамал болох гээд, хөрөнгө мөнгө хумслах гээд зүтгээд байгаа зүйл огт байхгүй. Бидэнд хүүхдүүдтэйгээ бужигналдаад, хөлс үнэртсэн зааландаа дуртай ажлаа хийгээд явж байх шиг жаргал байхгүй. 

 

Харин энд гэж хэлэхэд УИХ-ын гишүүн А.Сүхбат Монголын чөлөөт бөхийн холбооны энэ бүх бузар булай, бусармаг бүхнийг ойлгож мэдрээд тэдний хэрэгт огт оролцоо больж, үзэгдэхээ ч больчихсон байна лээ. Өнөөдөр чөлөөт бөхийн багш дасгалжуулагч нараас бүгдээс нь асуугаад үзээрэй. Монголын чөлөөт бөхийн холбооны өнөөдрийн үйл ажиллагаа, удирдлагуудыг нь хүлээн зөвшөөрч байгаа хүн үнэхээр тун цөөхөн гарын хуруунд багтах төдий л байгаа. Бүгдээрээ айгаад дуугардаггүй, ажил төрөлгүй болчих вий гэсэндээ л дуугарахгүй явцгаагаад байгаа болохоос биш Монголын чөлөөт бөхийн холбоонд болж бүтэж байгаа ажил, амжилт бүтээл гэж юу ч байхгүй болсон. Миний хувьд яагаад ингэж зоригтой яриад байна гэвэл манай “Алдар” нийгэмлэгийн дарга Дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр, Батлан хамгаалах яам, сайд Б.Бат-Эрдэнэ нар асуудлын мөн чанарыг маш сайн мэдэж, биднийг байнга дэмжиж урам хайрладаг учраас айхгүй байна. Та өөрөө харж байна. Манай “Алдар” нийгэмлэг ямар сайхан байртай, бидний ажиллах нөхцлийг хэрхэн хангасныг. Ийм сайхан дэмжлэг туслалцаа байхад улам сайн ажиллахаас өөрийг бодох эрх бидэнд байхгүй. Мэдээж Делид шившгээ хутгасан Б.Батбаяр, Б.Баттулга нар манай дарга нартай уулзах л байлгүй. Асуудлаа эвээр ярьж учраа олох гээд үзнэ дээ. Болохгүй бол тэр л биз.

Энд нэг зүйл хэлэхэд Д.Сумьяабазар “Эмэгтэй шигшээгийнхээ банзал доор нуугдсан эрэгтэй шигшээ” гэж ярьж явсан удаа бий. Тэгвэл тийм шигшээг О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Ц.Цогбаяр, Б.Энхбаяр нар аваад дэлхийн цомд гурван удаа тасралтгүй барилдууллаа. Сүүлийн жилүүдэд тогтмол дэлхийн шилдэг найман багийн нэгээр шалгарч байсан Монголын шигшээ багийг Д.Сумьяабазар, Б.Болд, Б.Батбаяр, Б.Баттулга нар шороотой нь хутгаад эхэллээ. Сая Азийн аваргаар арайхийн тавдугаар байранд орлоо. Хатуухан хэлэхэд “Эмэгтэй шигшээгийнхээ "банзал" доор нуугдаж” байсан бол одоо УИХ-ын гишүүний "бандааш"-инд хавчуулагдаж эхэллээ. Жаахан хатуухан хэлчихлээ, гэхдээ бодит байдал ийм л байна. Эцэст нь хэлэхэд ямар ч гэсэн ирэх наймдугаар сард Францад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Алдар”-ын бөхчүүд шуугиулна гэдгийг л хэлчихье.

-Цаг зав гарган ярилцан танд баярлалаа.          

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (103.229.123.180) 2017-05-22 21:59
      • 0
      • 0

      Спортын холбоод бараг бүгд ийм болсон доо. БТСГ муу ажиллаж байна. Үүнийг ойлгоод засаж залаад явах эрх нь тэдэнд бий шүү дээ. Орхон бол аймшгийн хүчтэй бөх гэдэг нь харагдсан. Азид очсон бол тасархай түрүүлнэ.Дэлхийд ч бас тэгэх бх. Боксын холбоо бас тамирчид нь суларсаар байна.Хэл ам ч их байх шиг. Спорт улс төрөөс хол байх ёстой. Хов жив,анбиц ихэдвэл дуусаа.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.195) 2017-05-22 16:11
      • 0
      • 0

      Ингэж хэрүүл хийгээд байхыг бодоход их л эмзэг газар нь хатгаж дээ. Хосбаярын үнэн хэлсэн үгэнд мөн их өс санаж байнаа.

      Хариулах

    • sonirhogq

      (202.179.27.23) 2017-05-22 14:17
      • 0
      • 0

      Horhoi chi odoo bolioch yasan buzar heruulch yum be. chinii arhi uuj huuhen erguulj muriitai toglodog, heruuliin buzar chine l heden tamirchdaa buzartuulj duuslaa.

      Хариулах

    • Бөх

      (112.72.9.22) 2017-05-22 11:25
      • 0
      • 0

      Алдар нийгэмлэгийн чөлөөт бөхийн дасгалжуулагч гэж бичихэд утгын сүйдтэй алдаа байхгүй. Учир нь өнөөдөр Монголын чөлөөт бөхөд Алдар нийгэмлэг тэргүүлэх байр суурьтай байгаа. Ах дүү хоёр гавьяат үнэхээр сайн ажиллаж чөлөөт бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа. Зарим их мэдэгчид хол очиж хуц. байгаа

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.41) 2017-05-22 09:01
      • 0
      • 0

      Алпар нийгэмлэгийн чөлөөт бөх гэж бас юу байна вэ. Найруулгаа хараач. Цэг таслал хэрэглэж сур малуудаа. Эхний өгүүлбэр чинь алдар нийгэмлэгийн чөлөөт бөх, тэр чөлөөт бөхийн монгол улс, тэр улсын гавьяат дасгалжуулагч гэсэн утгатай болсон байна. дүнхүү гарууд аа

      Хариулах

    • Дулмаа

      (66.181.178.230) 2017-05-19 09:12
      • 0
      • 0

      Хорчин ховчин эх захаа алдсан хэрүүл тэмцэл монголыг бүрхжээ.4 жилд биш жил тутам ажлаа тайлагнадаг данс нь шилэн бол ажил явна мафи дарангуйлагч нар сөнөтүгэй.

      Хариулах