Шоронгийн амьдралаас хүн юу ч үгүй байсан ч аз жаргалтай амьдарч болохыг би ойлгосон

Twitter Print
2017 оны 05-р сар 18-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

2012 оны 6-р сарын 20-ны өдрийн Бразилийн Рио Де Жанейро хотод зохион байгуулагдсан “НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Хурал” (РИО+20) дээр Уругвайн ерөнхийлөгч асан Хосэ Мухика (Jose Mujica) тавьсан илтгэлдээ онцолсон “Хэрвээ германчууд шиг энэтхэгт айл болгон машинтай болбол энэ дэлхий чинь юу болж хувирах бол. Бид нарт амьсгалах хүчилтөрөгч үлдэх болов уу”, “Бид хөгжих гэж энэ дэлхий дээр ирээгүй. Аз жаргалтай болох гэж ирсэн юм”, “Ядуу хүн гэдэг бол цөөхөн юмтай хүнийг хэлэх биш, хязгааргүй шунал, хүсэл тачаалдаа хөтлөгдөөд хэдий хангалттай эд баялагтай ч, түүндээ сэтгэл нь ханадаггүй хүнийг хэлнэ"  ишлэлүүд олны анхаарлыг татсан юм.

Түүний өөрийн хөрөнгө нь ердөө 1987 оны Волксваген машин. Сарын орлого нь 12,000 ам.доллар ч 90 хувийг нь нийгмийн сайн сайхан, бүтээн байгуулалтанд зарцуулж, өөртөө ердөө 1,000 ам.долларыг авдаг. Ирээдүйд ХААИС байгуулахыг хүсч түүнийхээ тодорхой хэсгийг хүртэл хадгалдаг. Ерөнхийлөгчийн ордонд амьдардаггүй тэрээр өөрийнхөө жижигхэн бор гэртээ тариа ногоогоо тариад амьдардаг. Тиймээс түүнийг дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэдэг. Тэрээр өөрийг нь ядуу гэхэд “Би бол ядуу биш, зүгээр л энгийн амьдардаг хүн” гэж хэлдэг.

Түүнийг 7 настай байхад эцэг нь нас барж, багаасаа тариалангийн талбай дээр ядуу тарчиг, өлөн зэлмүүн амьдрал дунд өсчээ. Тухайн үед Уругвайд том үйлдвэрийн эзэд улсын дийлэнх баялагийг хувьдаа хуримтлуулж, ард иргэдийн ихэнх нь ядуу тарчиг амьдарч, баян ядуугийн ялгаа асар их байв.

Тэрбээр 1962 онд Тупамарос хэмээх ард түмнийг чөлөөлөх зэвсэгт бүлэглэлд орж, тухайн үеийн ард түмний хөрөнгийг шулж байсан үйлдвэрийн эзэд, банкны захирлууд, улс төрийн эрх мэдэлтнүүдийн эсрэг хүчирхийллийн аргаар тэмцэж байв. 8 жил тэмцсэний эцэст 1970 онд 3 сарын 24 өдөр 6 удаа буудуулж, 3 сар эмнэлэгт хэвтээд улмаар шоронд хоригдов. Нэг жилийн дараа тэрээр шоронгоос гэр хүртлээ туннел ухаж оргов. 1972 оны 8 сарын 20 ны өдөр 4 дэхээ баригдаж, цахилгаан гүйдлээр цохиулах, бороохойдуулах зэргээр хахир хэрцгий эрүү шүүлтүүдийг амссаны эцэст, хамгийн харгис шийтгэл болох харанхуй хүйтэн жижигхэн өрөөнд цор ганцаараа шоронгийн харуулаас өөр ямар ч хүнтэй харилцах эрхгүйгээр 9 жил хоригдов. Арав дахь жил дээрээ ном уншиж, захиа бичих боломжтой болж харанхуйн мухарт шинжлэх ухааны ном уншингаа хүн гэдэг ер нь юу болохыг үргэлжид эргэцүүлж эхэлсэн аж.

Хүн гэдэг ганцаараа амьдарч чаддаггүй амьтан юм. Хүнд найз нөхөд, гэр бүл, нийгмийн амьдрал хэрэгтэй юм. Хүчирхийллийн аргаар хорвоо дэлхийг өөрчилнө гэдэг бүтэхгүй нь гэдгээ ойлгож, хайртай бүсгүйдээ үргэлжид захиа бичин, шоронгоос гарахаараа хамтдаа тариалангийн талбай дээр амьдрахаа захиагаараа илэрхийлдэг байж. Тиймээс тэрбээр одоо ч тэрхүү тариалангийн талбайн бор гэртээ амьдарч байгаа ба ерөнхийлөгч байхдаа хүртэл ерөнхийлөгчийнхөө ордонд амьдраагүй аж.

1985 оны 3 сарын 10 өдөр шоронгоос суллагдаж, 13 жилийн дараа хайртай бүсгүйтэйгээ дахин уулзаж амьдралаа шинээр эхлүүлж.

“Би шоронгийн тамын амьдралаас хүн гэдэг өчүүхэн зүйл л байхад хичнээн сайхан аз жаргалтай амьдарч болохыг ойлгосон”

Тэрбээр энэ удаа хүчирхийллийн аргаар бус, энх тайвны аргаар, хүний амьдралд хандах хандлагыг өөрчлөхийг голчилж, хий дэмий тансаг амьдралаас татгалзахыг уриалах маягаар үйл ажиллагаагөө өрнүүлж, улмаар ард түмний итгэлийг олж, парламентын гишүүнээс Ерөнхийлөгчөөр (2010-2015) сонгогдон ажиллав.

Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа улс оронд нь гамшиг болсон хар тамхины хэрэглээг хуульчилж, далд эдийн засгийн газар авахуулахгүй хазаарлан зогсоох арга хэмжээ авав. Ядуу тарчиг амьдралтай хүмүүсийг үнэгүй орон сууцанд оруулж, тэр хэмжээгээр нь өөрсдөөр нь барилгын ажилд туслуулах зэрэг ажил өрнүүлэв. Төсвийн хэт хэрэглээг багасгаж, гадаад улс орнууд руу айлчилал хийхдээ хүртэл ерөнхийлөгчийн тусгай онгоцыг ашиглалгүйгээр, иргэний агаарын тээврийг ашиглаж, тэр дундаа энгийн зэрэглэлийн суудалд сууж явдаг байж. Ард түмний татварыг тансаг хэрэглээнд зарцуулж хэрхэвч болохгүй хэмээн тэрбээр үздэг байж.

Албан уулзалт хийхдээ хүртэл зангиа зүүдэггүйгээрээ олонд танигдсан. Зангиа зүүнэ гэдэг бол худлаа ярьж буйгаа мэдэгдүүлэхгүйн тулд зүүдэг халхавч хэмээн тэрээр онцолдог аж.

Түүний амьдралын философи, аз жаргалын тухай үзэл бодлыг илэрхийлсэн зарим ярилцлагуудаас түүвэрлэн хүргэе.

-Яагаад ерөнхийлөгчийн ордонд амьдараагүй вэ?

-Миний амьдарч байгаа энэ газрыг хар л даа. Хичнээн тайван чимээгүй гээч. Энэ улс чинь хичнээн сайхан байгальтай билээ. Нэн ялангуяа энэ жичигхэн тосгонд над шиг хөгшин хүн амьдрах нь хамгийн дээд жаргал. Би чинь анхнаасаа л тариалангийн талбай дээр өссөн. Байгаль дэлхийдээ хайртай хүн. 4 давхар орд харшид 30 хүнээр хүрээлүүлээд амьдрах нь миний амьдралын хэв маягт таарахгүй.

-Арабын нэгэн баян таны хайртай машиныг 1 сая ам.доллараар авах санал ирүүлсэн гэсэн?

-Тэгсэн. Хүү нь хуучны машин цуглуулах дуртай юм гээд надад санал тавьсан. Мэдээж би татгалзсан. Тэр машиныг чинь миний дотны анд надад бэлэглэсэн үнэ цэнэтэй бэлэг юм. Бэлэг гэдэг чинь зардаг эд юм биш.

-Таныг дэлхийн хамгийн “ядуу” ерөнхийлөгч гэж тодорхойлж байгаатай санал нэгдэж байна уу?

-Бүгд буруу ойлгож байна. Миний бодох ядуу хүн гэдэг бол Сенекагийн хэлсэнчилэн, хязгааргүй шунал тачаалдаа автагдаад эд баялаг байсан ч сэтгэл нь ханадаггүй улам шунах хүн юм. Гэхдээ би бол бага зэрэг юманд ч сэтгэл ханадаг хүн. Энгийн байна гэдэг ядуу байна гэсэн үг биш. Бид мөнгөөр аливааг авч байна гэж боддог. Гэхдээ энэ бол буруу бодол. Тэрхүү мөнгийг олохын тулд ажилласан АМЬДРАЛ хэмээх цаг хугацаагаар бид худалдаж авч байгаа юм. Амьдрахын тулд ажиллахгүй бол болохгүй. Гэхдээ ажиллахын төлөөх л амьдрал байна гэдэг утгагүй. Жинхэнэ утгаар амьдрах гэдэг чухал юм. Энгийн амьдардаг хүн чинь л хамгийн эрх чөлөөтэй байдаг юм. Хүн их баялагтай болоод ирэхээр тэр баялагаа алдчих вий хэмээх шинэ айдас бий болдог. Тийм болохоор мөнгөтэй баялагтай болсон ч аз жаргалыг мэдэрдэггүй. Алдахаасаа айдаг учир. Зорилгынхөө төлөө урагшаа тэмүүлж, тэмцэж буй хүн чинь л айх зүйлгүй тул хамгийн аз жаргалтай юм шүү дээ. Яагаад гэвэл хүсэл тэмүүлэл байгаа учир.

-Аз жаргалыг хэзээ мэдэрдэг вэ?

-Өөрийнхөө дуртай зүйлээ, хийхийг хүсч байгаа зүйлээ хийх үед. Одоо өвөлдөө бэлтгээд хүлэмжиндээ улаан лоолийн үрийг суулгах үе юм даа.

Аз жаргал гэдэг бол ойр орчныхоо хүмүүстээ ярьж хөөрөн, харилцан бие биенээ мэдэх явдал. Тэгж ярих чинь аз жаргал шүү дээ. Амьдарч байгаадаа сэтгэл зүрхнээсээ сэтгэл хангалуун байх нь аз жаргал юм. Өдөр бүр нар мандахыг харж байна гэдэг хичнээн талархууштай явдал гэж бодном.

-Их хотын амьдрал хэцүү юу?

-Хүн төрөлхтөний нэг том алдаа бол том хот байгуулсан явдал. Хүмүүний амьдрах хэв маягт таарахгүй орчинг бүрдүүлчихсэн. Амьдрахад чинь жижигхэн хот л хангалттай. Өдөр бүр 3-4 цагийг хий дэмий зарцуулаад ажилдаа явна гэдэг үнэхээр утгагүй амьдрал.

-Токиод өдөр бүр л ийм амьдрал өрнөдөг?

-Үр өгөөж, өсөлт хөгжлийг чухалчилсан барууны үзэл бодлоос ялгаатай соёл, амьдрах хэв маяг Японд өмнө нь байсан биз дээ. Түүнийгээ мартчихсан юм биш биз.

-2012 оны Бразил дахь НҮБ-ын илтгэл Японд зурагтай ном болж гарсан?

-Энэ чигээрээ хэт их хэрэглээн дээр тулгуурласан эдийн засгийн зарчмаар явбал байгалийн баялагийг байхгүй болгож, дэлхий чинь оршин тогтож чадахаа болино. Түүнийг л хэлэх гэсэн юм. Энгийн амьдрах л юм бол энэ бүхнийг өөрчилж чадна. Япончууд ч чадна гэж бодож байна. Намайг жаахан байхад хажуу хөрш тосгонд Японоос ирсэн тариаланчид зөндөө байсан. Бүгд л маш хичээнгүй ажиллацгааж, өчүүхэн жаахан л юмаар сэтгэл хангалуун амьдарч болж байсан. Өнөөгийн Япон хүн тэдэнтэй адил эсэхийг мэдэхгүй л байна.

-Цэргийн дэглэмийн дор олон жил гянданд хоригдсон тухайгаа дурсаач?

-Эрх тэгш амьдралыг хүсч би тэмцэл өрнүүлсэн ч 14 жил гаруй шоронд амьдралаа өнгөрүүлсэн. Түүний 10 жилийг нь харанхуй өрөөнд цоожлуулсан. Ном уншмаар байсан ч надад олон жилийн турш уншуулаагүй. Хүнд хахир жилүүд байсан даа. Харанхуй өрөөнд шөнө унтахад надад ганцхан л гудас байсан. Тэрхүү ганц гудас байхад л би хичнээн аз жаргалтай, сэтгэл хангалуун байсан гээч. Энгийн амьдрахын үнэ цэнийг эндээс л ойлгосон юм. Ганцаардлын дунд юу ч үгүй хоосон орон зайнд шантралгүй тэмцэж ирсэн. Хүн гэдэг илүү сайхан амьдралыг бүтээж болдог гэдэг хүсэл тэмүүлэл байгаагүй бол би өнөөдөр энд байхгүй байх сан.

-Шоронд байх үеэс эхлэлтэй гэсэн үг үү?

-Тийм. Хүн гэдэг зовлон зүдгүүр, ялагдлаас ихийг сурдаг. Өмнө нь харж чадаагүй зүйлээ харж чаддаг болдог. Бид нар хаа сайгүй сонсдог ч, алдаанаасаа суралцаад дахин өндийх л хамгийн чухал.

-Харанхуй өрөөнд хоригдож байхад юуг харж байв?

-Амьдралын гайхамшигийг. Хүн гэдэг ганцаараа амьдарч чаддаггүй. Хайртай хүн, гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгөрөөх цаг л амьдрахын утга учир. Тэр гайхамшигийг олж харсан. Амьдралын хамгийн том шийтгэл бол ганцаардал юм шүү дээ.

-Японд судалгаа хийгээд үзэхэд, яг одоо Япончуудын хамгийн их хүсч буй зүйл цаг хугацаа гэсэн. Хоёрдугаарт мөнгө гэсэн?

-Мөнгө хоёрдугаарт байна гэж үү. Дэлхийд эдийн засгаараа гуравт орох Японд мөнгө хоёрт байна гэдэг худлаа л баймаар юм.
Цаг хугацааны хувьд гэвэл, гол нь юунд зарцуулах цагийг тэгж их хүснэ вэ. Хүүхэдтэйгээ өнгөрөөх цаг уу. Гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг уу. Эсвэл найз нөхөдтэйгээ өнгөрөөх цаг уу. Эсвэл өөрийнхөөрөө л амьдрахад зарцуулах цаг уу. Тийм бол сайн байна. Харин илүү их ажиллаж илүү их мөнгө олохын төлөөх цагийг хүсч байна уу. Тэр бодол бол өнөөгийн хэт их хэрэглээн дээр тулгуурлаж буй эдийн засгийн бодлогын гай. Хүн чинь ердөө хормын зуур л амьдраад үгүй болох амьтан. Хүн гэдэг утгаараа яаж цаг хугацааг ашиглах хэрэгтэй вэ. Амьдрал гэдэг чинь бугуйн цагтай л адил. Хэзээ нэг цагт бугуйн цаг зогсоно шүү дээ. Тиймээс юунд цагаа зарцуулмаар байгаагаа хүн бүр бодууштай. Яагаад гэвэл амьдарна гэдэг чинь үхэл рүүгээ ойртож байгаагийн дохио. Үүнийг яаж ч өөрчилж чадахгүй.

-Эхнэртэйгээ хаана гэрлэсэн бэ?

-Гэрийнхээ гал тогоондоо хуримын ёслолоо хийсэн.

Тэрбээр дэлхийн хамгийн “ядуу” ерөнхийлөгч. Ерөнхийлөгчийнхөө албыг өгөөд явахдаа ард түмэндээ тэврүүлээд үнсүүлээд үдүүлсэн. Хамгийн шулуухан, хамгийн энгийн ерөнхийлөгчөөрөө Уругвайн ард түмэн бахархаж байна. Тэрбээр улс төрчдийн өдөр тутам хэлдэг гоё яруу үг хэллэгийг зүгээр хэлээгүй.

Түүний хүнд хүчир амьдралын нугачаа, туршлага түүнийг үгийг улам үнэ цэнэтэй болгож, дэлхийн улс гүрний тэргүүнүүдэд үлгэр дуурайлал үзүүлж байна. Зөвхөн улс төрчдөд ч биш, энгийн ард иргэд бидэнд хүртэл амьдрахын утга учрыг ойлгуулж байна. Заавал сүүлийн үеийн iPhone, үнэтэй тансаг машин, бугуйн цаг, эд хөрөнгийг бүү тахин шүт. Энгийн л амьдарцгаая.

Эх сурвалж: Tungaa's facebook page

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Г.Майнболд

      (59.153.113.241) 2017-11-26 18:33
      • 0
      • 0

      Манай улсад энэ хүн шиг хүмүүс олон байгаа л даа. Олонхи ийм хүмүүсийг янз янзаар үнэлдэг. Энгийн сайханаар байгалтайгаа ойр амьдрах нь дээд аз жаргал юм даа.

      Хариулах

    • freeman

      (180.149.67.118) 2017-09-25 13:17
      • 0
      • 0

      манай хөдөөний ард түмэн энгийн амидралийн гайхалтай тод жишээ ш дээ зүгээр сайхан малаа мллаж хөдөлмөрлөөд л энгийн зүйлээс гайхалтай мэдрэмж авч амидардаг хүмүүс шүүдээ бид ч энэ хүнээс илүү хөдөөний аж амидрал монгол хүний жинхэнэ философииг л сурах хэрэгтэй юмдаа нүдээ нээгээд орчноо хар бүх зүйл сайхан гэж одоо бүгд мэдлэг боловсрол гэдэг үнэндээ амидрлайин ямарч ухаангүй хүмүүс л байга шд ээ мэдэлэгээс цаашгүй хүн гэдэг утгаа алдаж бна даа одооний залуус хүн ухаан гэдэг юм бас байгаа шүү залуусаа

      Хариулах

    • freeman

      (180.149.67.118) 2017-09-25 13:12
      • 0
      • 0

      манай хөдөөний ард түмэн энгийн амидралийн гайхалтай тод жишээ ш дээ зүгээр сайхан малаа мллаж хөдөлмөрлөөд л энгийн зүйлээс гайхалтай мэдрэмж авч амидардаг хүмүүс шүүдээ бид ч энэ хүнээс илүү хөдөөний аж амидрал монгол хүний жинхэнэ философииг л сурах хэрэгтэй юмдаа нүдээ нээгээд орчноо хар бүх зүйл сайхан гэж

      Хариулах

    • зочин

      (202.131.236.250) 2017-05-20 16:12
      • 0
      • 2

      ямар гоё хүн бэ, хүн хүнээрээ байх, энгийн байхын утга учрыг хэлжээ, ийм ерөнхийлөгчтэй байхад насаар нь байлгасан ч яах вэ дээ, манай хагас ухаантнууд үүнийг уншаад юу гэж бодох бол хөөрхийс

      Хариулах

    • мэдээж дэмжигч

      (66.181.189.132) 2017-05-20 15:24
      • 0
      • 2

      хэд хэдэн удаа хөөх гээд л ухаарал өглөө.

      Хариулах

    • Ухаарал

      (202.9.43.200) 2017-05-20 10:22
      • 0
      • 3

      Бусдаас түрүүлж юм бүхнийг өөрийнх болгох гэсэн энэ их хязгааргүй шунал хүн төрөлхтнийг дэлхийтэй нь хамт сөнөөх тавилантай

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.208) 2017-05-19 14:46
      • 0
      • 1

      Баярлалаа

      Хариулах

    • jpn

      (36.12.33.87) 2017-05-19 13:01
      • 0
      • 1

      bid nuudeliin amidralaaraa amidarch bj khyataduudaas ontsgoiroh blaa.getel tedend orognoh dulaan bairiig ni beldej ugsunuur orognogchidiig olshiruulavaa.

      Хариулах

    • 999

      (50.174.87.5) 2017-05-19 04:29
      • 0
      • 1

      Байгалийн нөөц, аливаа элементүүд дэлхийг бат бөх оршин тогтнох эд эс нь юмуу даа. Гэтэл дэлхийн чиг хандлага тэр чигээрээ байгаль, эх дэлхийнхээ уул ус, мод, газар шороог минут секундээр сэндийчиж байна. Тэрний хэрээр байгалийн гамшиг бүр цаашлаад хүн төрлөхтөний нэгэн эрин үе юү ч үгүй устах магадлал улам л ихсэж байгаа хэрэг. Хүн төрлөхтөний хамгийн зөв сайхан амьдрал манай нүүдэлчин ахуй. Бид хөгжил гээд хэтэрхий туйлширч болохгүй.

      Хариулах

    • зочин

      (202.70.46.222) 2017-05-18 20:08
      • 0
      • 2

      маш сайхан мэдээлэл байна.агуу ерөнхийлөгч байна.хүн гэдэг мөн чанараа алдаагүй үнэхээр ухаалаг хүн юмаа.монгол улсын ерөнхийлөгч эрхэм төрийн түшээд хажууд нь хүн чанаргүй ,ард түмэн эх орноо уландаа гишгэж бөөн баяжиж хөлжсөн ,амин хувиа хичээсэн бэртэгчингүүд....ийм агуу ерөнхийлөгчтэй болно гэж горьдолтгүй байхаа.

      Хариулах

    • зочин

      (183.81.171.150) 2017-05-18 11:13
      • 0
      • 4

      баярлалаа яг хэрэгтэй үед ийм ярилцлага тавьсанд.....

      Хариулах