Дэлхийн банкнаас Монголд 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно

2017 оны 05-р сар 18-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох юм байна. Тодруулбал, өнгөрсөн лхагва гаригт Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод (2017.05.17) Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Тус “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд дээрх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг олгохоор болжээ.

Хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, төсөв, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дугаар заалтын дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийг тохирох хүрээнд Монгол Улсын Засгийн газар нь олон улсын банк, санхүүгийн байгууллагууд болон хоёр талт Австри Улс, ХБНГУ, БНСУ, БНХАУ гэх мэт хөгжлийн түншүүдтэй санхүүжилтийн хэмжээ, зээлийн ерөнхий нөхцөлийг тохиролцсон санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулж, тус ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газрын түвшинд хэлэлцэн байгуулдаг.

Иймд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2013-2017 онуудад хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай 2017 онд хамтран ажиллах "Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр"-ийг 2017 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр байгуулсан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.