
Наадмууд сайхан л боллоо оо. Өнгөтэй, мөнгөтэй, бөхтэй, морьтой, бай шагнал ч сайтай, бүжигтэй, дуучидтай, бас цэргүүдтэй. Зохион байгуулсан, оролцсон, явсан, үзсэн бүх хүн баяртай байгаа биз ээ. Гагцхүү энэ бүхний цаана ямар асуудал, хор уршиг нуугдаж байгаа талаар бодсон хүн байна уу. Мэдээж эрх баригчид “Сайхан наадъя аа” л гэнэ. Яагаад гэвэл ард түмэн баясаж, цэнгэж, ууж идэж л байвал тэдэнд ашигтай. Залахад амар.
Ой тэмдэглэх, тэгш ой гэж тодруулан товойлгох, тэмдэглэн баярлах, далимаар нь хүмүүст өнөөх л одон медаль, жуух бичиг сэлтээ гардуулж магнайг нь хагартал баярлуулах соц нийгмээс эхтэй, олон түмнийг хөөргөн сагуулах технологи, тактик ардчилсан Монгол Улсыг байгуулж буй гэх энэ цаг үед улам бүр хүчээ авч, бүр гаарлаа. Ёстой одоогийн залуусын хэлдгээр социализм цаашаа юм болж байна. Юун социализм. Бүр феодалын нийгэм рүүгээ буцаад явчихсан мэт ноёд, харцуудын харилцаа шинээр төлөвших гэж буй мэт сэтгэгдэл төрүүлж байна.
Эрх баригчид төрийн бүхий л институцийг, төсвийг, түмний нэртэй телевизийг ч өөрсдөдөө үйлчлүүлж байна. Сая болоод өнгөрсөн наадмуудыг хэрхэн тэмдэглэснийг харъя. “Цогтой”, зальтай улс болохоор бүх юм хуулийн дагуу гэнэ л дээ. Гэхдээ...
Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 7-нд 221 дүгээр тогтоол гаргасан. Зарим аймаг байгуулагдсаны ойг тэмдэглэх болон баяр наадмын хугацааг тогтоох тухай уг тогтоолын 1-рт “Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны 07 дугаар сарын 27-28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт 2023 оны 08 дугаар сарын 01-02-нд тус тус тэмдэглэхээр тогтоосугай” гээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар гарын үсэг зурсан. Энд хөрөнгийн тухай зүйлчилж оруулаагүй.
Засгийн газар, түүний тэргүүн ийнхүү тогтоол гаргаж байгаад, өөрсдөө уриалан, оройлон аймгуудын наадмыг аз жаргалтайгаар дараалуулав.
Ерөнхийлөгчтэй аймаг нь Ерөнхийлөгчөө, үгүй нь экс-үүдийг, бүр байхгүй нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг залж байгаад наадав. Наадам бүрийн нээлтийг улсын наадмынхаас дутаахгүй, гоё хийх юм шүү гэж өрсөлдөхдөө бараг нэгэн хэв загварын болгож орхисон. Ядаж байхад Засгийн газрын тогтоолд өдгөө хүчинтэй Архангай, Төв, Завхан, Хэнтий аймгийг зуун жилийн өмнөхөөр нь цоллосноос болсон уу, нээлтийг зохион байгуулсан найруулагчид аймгуудын 100 жилийн түүхийг товч базан мэдээлж, үзүүлэх гэхдээ “орц, найрлага-ыг алдагдуулснаас юм уу, эдгээр аймагт түүхээс өөр бахархах юм үгүй мэт сэтгэгдэл төртөл хөтлөгчид чанга яригчаар уншиж байв. Мөн аймгуудын тухайд улстөрч, дарга, алдар гавьяатан, дуучид, морь, бөх хэр олонтой юм бэ гэсэн мэдээлэл чихэнд үлдэж. За, тэгээд, жалга довны үзэл гэдэг бол энэ хэдэн өдөрт “өнгө, өнгөөрөө “ ялгарч байлаа даа.
Мэдээлэл хангалттай тул олныг нуршихгүй. Гагцхүү цаашид яах вэ, наадмыг яаж гоё зохион байгуулах тухайд санаа, бодол уралдуулан улсын, аймгийн, сумын, аж ахуйн нэгжүүдийн, иргэдийн ч халаасыг тэмтэрсээр байх юм уу. Засгийн газар нь тогтоол гаргаж байгаад л наадуулаад байдаг одоогийн жишгийг халах юм уу, эсвэл улам “төгөлдөржүүлэх” үү. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт референтээр ажиллаж байсан нэгэн бухимдаж “Төрийн мөнгийг ямар нэг сэдвээр үлгэр зохиож, Засгийн газрын тогтоол гаргуулах замаар яаж хувааж иддэг, бие биедээ доль цохих хэрэгсэл болгодог гэж санаж байна” хэмээн хэдэн жилийн өмнө хэлж байсан нь санаанаас гардаггүй.
Дорноговийнхон цөм нь болж, говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тэмдэглэх ажлыг аймгуудын 100 жилийн дундуур хавчуулсан нь сонсогдоод өнгөрөв. Олон улсад, тодруулбал, ЮНЕСКО-гийн түвшний нэр хүндтэй Дорнын соён гэгээрүүлэгчдийн нэг хэмээн үзэх түүний мэндэлсний ойг арай өөрөөр тэмдэглэсэн ч болоосой гэж бодогдож буй юм. Намтар, түүхээс нь сэдэвлэн бүтээж, тоглуулсан “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг уг наадмын аврал байлаа гэхэд хилсдэхгүй. Хутагт нь эрдэм, соёл, урлагийг түгээгч, дэлгэрүүлэгч байсныг илтгэн, тайзны урлагийн шинэ бүтээл төрүүлж, задгай талбайд тоглуулснаар аймгуудын наадмаас бага зэрэг ялгав гэхээр. Бусдаар адил. Энэ наадмыг тэмдэглэх тухайд гаргасан Засгийн газрын тогтоолд “Ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдон гарах зардлыг 2023 оны батлагдсан төсвийнхөө хүрээнд гаргах арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номин, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай” гээд мөн л Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Эх сурвалжид ойр нэгэн хэлэхдээ наадмыг зохион байгуулагчид Соёлын яамнаас 220 сая төгрөг хүсэмжилсэн гэж байна лээ.
Монголд өнөөдөр юу чухал, наадам, найр л чухал байна. Үер, ган, хэт халалт хамаа байхгүй. Монголчууд наадаж, найрлаж байх зуурт дэлхийн олон оронд үер, ган гачиг, хэл халалтад улс орнууд зүдэрч байлаа. “Энэ ямар хамаатай юм, манайд зүгээр л байна даг” гэж дурын хүн хэлэх байх. Гэхдээ дэлхий хэмээх гариг дээр бусадтай хамт багтан оршдог манай улсад дэлхийн томоохон асуудлууд хамаатай. Энэ удаа манайхан Засгийн газрын тогтоолын дагуу төлөвлөчихсөн, мөнгө төгрөгөө зоочихсон байсан тул уул нурж, ус эргээгүй болохоор хаана, хаанаа наадацгааж санаагаа амраалаа.
Цаашид бас ийм байх уу. Энэ олон, тийм уул, ийм уулын аймаг гэж цоллон 110, 120 жилийнх нь ойг тэмдэглэх гэж цэрэг дайчлан, бүжиглэдэг болгоныг хааш нь ч хамаагүй ачиж аваачиж, наранд халааж, усанд норгосоор байх юм уу. Аймаг юм бол аймгийнхаа нөөцөөр л бүх юмаа хийж байвал яасан юм.
Ерөнхийлөгчөөсөө авхуулаад төр, засаг удирдаж буй бүхий л эрхтэн дархтан ганц “ширхэг” Монгол Улсаа өнгө, мөнгө, бөх, морьд дулдуйдан 21 хуваан талцуулж байдаг феодал шинжийн бурангуй уламжлалаа болихгүй, болиулахгүй бол цөөн хүн амтай Монгол Улс би, чи, манайх, танайхдаа тулсаар мунхгийн харанхуй ангал руу хамтдаа уналаа.
Одоо цаана нь 100 жилээ тэмдэглэхээр хэдэн аймаг хүлээж байна вэ. Мэдээж тэмдэглэлгүй яах вэ. XXI зууны монголчууд байна даа, оюуны, мэдлэгийн, өв соёлын, урлагийн, спортын, инновацын, экспортын, брэнд бүтээгдэхүүний ч болов наадам хийцгээ л дээ. Монголдоо байтугай, дэлхийд өрсөлдөх чадвартайгаа харуул л даа. Аль нэг аймаг нь санаачлаад, түүчээлээд, үлгэр болоод урагшил л даа. Хэдий болтол аймаг, сумаараа, жалга довоороо өнгөрсөн үеийн үмхий шавартаа хий эргэх вэ дээ.
Наадам хэмээх хөөрцөглөлд сая болоод өнгөрсөн “100 жил”-үүдээр цэг тавибал ямар вэ.
Бичлэгээ эхлэхдээ “Гагцхүү энэ бүхний цаана ямар асуудал, хор уршиг нуугдаж байгаа талаар бодсон хүн байна уу” гэж асуусан. Эдгээр наадмууд бүхэлдээ ирэх жилийн УИХ-ын сонгуулийн урьдчилсан санал хураалт боллоо гэхэд хилсдэхгүй байх. Олон хүн янз янз. Наадамд явсан, шагшин магтсан бүхэн эрх баригчдад саналаа өгөхгүй байх л даа. Гэхдээ олон жилийн түүх, туршлага сонгогчдын хэн нь хэн болохыг харуулсаар ирсэн. Эрх баригчид болбоос төрийг, засгийг, тогтоолыг, төсвийг дайчилж байгаад даяар нь санал хураалт явуулчихлаа гэж хэлэхэд эсэргүүцэх хүн тийм ч олон гарахгүй л болов уу.
“Биш ээ, цаад эздийг нь олсон уу” гэж нэг асуулт байдаг. Наадамчид минь цаад эздийнх нь талаар бодож үзэв үү.
Р.Оюунжаргал
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Иргэн
(202.9.40.116) 2023-08-05 17:46Аймаг сумын онцгой баяр наадмыг тэмдэглэлгүй яахав дээ уулзаагүй анд нөхөд хамаатнууд уулздаг сайхан баяр шүү, харин аймаг сумаа яаж хөгжүүлэх талаар төлөвлөгөө саналаа батлах дорвитой үлдэцтэй бүтээн байгуулалтууд хийдэг болчиход л болно
Хариулах