Эмч үү, эрлэгийн элч үү…

2017 оны 05-р сар 17-нд 19:40 цагт
Мэдээний зураг,

Монгол оронд нүүрлэсэн авлига хээл хахууль, хариуцлага сахилгагүй, ажлаа мэддэггүй төрийн албаны хүнд суртал эрүүл мэнд, хууль шүүх, гааль, татварын салбарт хачиг мэт наалдаж ард иргэдийнхээ амь амьдралаар наадсаар байгаагийн бас нэгэн харамсалтай жишээ Нийслэлийн II амаржих буюу өөрсдийнх нь өргөмжлөн нэрлэдгээр Хүрээ амаржих газар энэ сарын 3-ны өдөр гарч, 40 гаруйхан насны нэгэн сайхан эх амиа алджээ.

Том охин нь 19 настай, удаах хүү нь 9 настай тэр ээж гурав дахь хүүхдээ төрүүлэхээр Хүрээ амаржих газар энэ сарын 2-ны өглөөний 09:30 цагт ирж хувцасаа солиод дотогш орсон ч ор байхгүй хэмээн 17:00 цаг хүртэл коридорт байлгаж байгаад 18:00 цагт тангараг өргөсөн эх барих эмч нь дотуур үзлэг гээчийг хийж байгаад усыг нь хагалчихсанаар бүх зүйл эхэлжээ.

Ингээд шөнөжингөө бужигналдаж байтал өглөө 10:30 цагт цээжин бие нь цэлдэн хөх болчихсон эх ухаан алдаж унасан байна. Тухайн үед нь хугацаа алдаж, ажилдаа хайнга хандсан эмч нар баахан пижигнэлдэж байгаад 13:30 цагийн үед өөр нэгэн эмч талийгаачийн нөхөр болон ах, эгч нарыг нь дуудаад  “Энхчимэг бол маш хүнд, 10 мянгад нэг тохиолддог эмгэгтэй хүн байна. Та нар сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Ураг орчмынх нь шингэн судсаар нь гүйгээд бөглөрөл үүссэн. Тэрнээс болоод цус нь бүлэгнэхгүй, гарах боломжгүй бүхий л газраар нь цус нь садраад тогтохгүй байна. Бид савнаас нь тайрч аваад оёсон ч оёдлоор нь цус шүүрээд байна. Булчин хэсгүүдийг нь оёсон ч цус тогтохгүй байна. Амьдрах найдвар тун бага. Хүүхдийг нь кесерова хагалгаагаар төрүүлсэн. Хүүхдэд нь ч гэсэн их хүнд байгаа. Хүүхдийнх нь зүрхний цохилт маш сул, ганц хоёр цохилох төдий л байна. Төрөл төрөгсдөдөө хэлээрэй” гэжээ.

Хачирхалтай нь 15:00 цагт талийгаачийн нөхөр болон том охин, ах гурвыг хагалгааны өрөөнд ороход аманд нь ямар ч гуурс байхгүй, ам, хамар руу нь бинт чихчихсэн, хоёр эмч цээжин дээр нь массажаар хиймэл амьсгаа хийж байсан гэнэ. Тухайн үед талийгаачийн нөхөр “Яагаад амьсгал дэмжих аппарат залгахгүй байгаа юм бэ” гэхэд нөгөө хоёр нь олигтой хариу хэлэхгүй дүлэгнээд байж. Болж байгаа үйл явдалд цочирдсон талийгаачийн нөхөр болон ах нь тухайн үед хар аваагүй ч сүүлд нь ухаан ороод “Талийгаачийг маань аль эрт өнгөрчихсөн хойно биднийг оруулж” гэдгийг мэджээ.

Талийгаачийн ар гэрийнхний сэжиглэж байгаагаар бол хөөрхий эхийг ор байхгүй гэж коридорт баахан суулгаж байгаад тэр орой нэг орон дээр хэвтүүлсэн болж, эх барих эмч нь дотуур үзлэг хийж байгаад усыг нь хагалж, дараа нь баахан цус алдуулан хугацаа алдсаныхаа эцэст л эрчимт эмчилгээ хиймэр болж пижигнэлдэж байгаад эрлэгт илгээжээ.

Эмч нар талийгаачийн үхлийг “Ургийн шингэний бөглөрөл” хэмээн дүгнэлт гаргаад байгаа ч ар гэрийнхэн нь “Цэвэр тангараг өргөсөн эмч нарын ажилдаа хайхрамжгүй, мэдлэг чадвар муутайгаас болсон гэмт хэрэг” хэмээн ихэд гомдолтой байгаа аж. Талийгаачийн ах энэ талаар судалж үзэхэд нэгдүгээр амаржих газарт “Ураг орчмын шингэний бөөгнөрөл” буюу дүүтэй нь яг ижил оноштой эх эрүүл саруул төрж байжээ. Харин II амаржих газрын хувьд төрөх өрөө болон хагалгааны өрөө нь хоорондоо маш хол зайтайгаас амь нас нь секундээр хэмжигдэж байсан талийгаач эмч нарын хатуу гар, хайхрамжгүй үйлдлийн золиос болон энджээ. Тухайлбал Хүрээ амаржих газрын нэгдүгээр давхарт төрөх өрөө нь байдаг бол хоёрдугаар давхарт хагалгааны өрөө нь байдаг аж. Амь нас нь минут, секундээр хэмжигдэж их хэмжээний цус алдаж байгаа ийм тохиолдолд эхийг төрөх тасгаас хагалгааны тасаг руу хэдэн эмэгтэй эмч нар сэгсчээд л зөөвөрлөдөг аж. Мэдээж тэр үед маш их цаг алдаж, талийгаачийн цус юүлэгдэж байсан нь тодорхой. 

Энэ харамсалтай хэргийн талаар талийгаачийн нөхөр Н.Баттөмөр “Миний хань жирэмсэн байхдаа ямар нэгэн хүндрэл өгч байгаагүй, тээлт хэвийн байсан. Жирэмсний эхний болон хожуу үеийн хорлогод ч ордоггүй байсан. Хоёр том дээрээ ч ялгаагүй, хэвийн тээгээд л их сайхан төрдөг байсан. Тэр ч бүү хэл ямар ч урагдалгүй төрж байсан юм. Гэтэл гурав дахь хүүхдээ төрүүлэхээр очоод л учир битүүлгээр эндчихлээ. Ээжийнхээ амины үнээр бидэнд үлдсэн охины минь биеийн байдал маш хүнд байна. Одоо ЭХЭМҮТ-ийн Сэхээний тасагт байгаа. Сахиур байлгааггүй учир хааяа орж гарч байна. Хүчилтөрөгчийн дутмагшлаас үүдэн тархи нь ажиллагаагүй төрсөн гэж эмч нар хэлсэн. Төрсөн цагаасаа хойш байнгын таталттай, хөхөх, уйлах рефлексгүй байгаа. Нийслэлийн II амаржих газрын эмч нар охиныг минь төрөх үед өнөөдрийг давах болов уу, их хүнд хүүхэд гэж байсан. Гэхдээ охин минь хүн болох гэж байдгаараа тэмцэж байна. ЭХЭМҮТ-ийн эмч нар цаашид мэдрэлийн талдаа их асуудалтай хүн болно шүү гэж анхааруулж байгаа” гэжээ.

Урьд нь хоёрын хоёр хүүхэд эрүүл саруул төрүүлсэн 40 гаруйхан насны ээж Хүрээ амаржих газрын ажлаа мэддэггүй, хайхрамжгүй, алгыг нь тэнийлгэх боломжгүй амьдралын боломж муутай иргэдэд арслан барс шиг аашилдаг хэрнээ 100-200 мянган төгрөгөөр гарыг нь цайлгадаг эрхмүүдэд алаг хав шиг нялагнадаг эмч нэртэй цагаан нөмрөг нөмөрсөн эрлэгийн элч нарын гарт алтан амиа алджээ.

Үүнийг тэрлэгч нь эх баригч эмч нэртэй цагаан нөмрөг нөмөрсөн ааш муутай, гарыг нь цайлгахаас нааш хөдөлж өгдөггүй, хөлдүү хөшүүн эрлэгийн элч нарын тухай нэг бус удаа дуулж сонсож, хоёр ч удаа тиймэрхүү явдлыг дэргэдээс нь харж байсны хувьд энэ бүхнийг тэрлэв.

Миний нэг танилын дүү анхны хүүхдээ төрүүлэхээр бас л Хүрээ амаржих газарт очтол “Ор байхгүй” хэмээн коридорт хэвтүүлж нус нулимастай нь хутгалдуулж гарчээ. “Намайг орон дээр хэвтүүлж өгөөч, би өвдөөд байна шүү дээ” хэмээн нус нулимастайгаа хутгалдсан 19-хөн настай анхны төрөгч охин руу хатуу сэтгэлтэй сувилагч хүүхэн горшок өшиглөөд “Май үүн дээр төрөхгүй юу” хэмээн өөрөө эмэгтэй хүн, эх хүн биш юм шиг авирлаж байсныг одоо ч гайхан дуу алддаг. Тухайн үед охин нь өвдөөд сүйд болж байгааг дуулсан ээж нь сувилагчийг дуудаж гарт нь 100 мянган төгрөг атгуултал торжигнотол гүйгээд алга болж. Тэгтэл удалгүй цагаан халаад нөмөрсөн эмч малилзтал инээсээр гарч ирээд “М-ийн ар гэрээс хүн байна уу, охин чинь их сайхан төрлөө. Эх охины бие сайн байгаа” гэсээр явж оджээ. "Тухайн үед сувилагчид нь 100 мянган төгрөг атгуулаагүй бол муу охиныг минь яаж зовоож, эцэст нь юу ч болох байсан юм билээ гэж бодохоос яс хавтайдаг. Манай зарим эмнэлэг, эмч нар ч үнэхээр аймшигтай шүү" хэмээн ээж нь одоо ч халаглан ярьдаг гэдэг. 

Хоёрхон долоо хоногийн өмнө II төрөх буюу Хүрээ амаржих газар гарсан энэхүү харамсалтай хэрэг “Эмч би эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулах аа тангараглая” хэмээн эх орон ард түмэндээ тангарга өргөдөг ч мэдлэг чадвар муутай, ажлын хариуцлагагүй, ёс жудаггүй зарим нэг цагаан нөмрөг нөмөрсөн эрлэгийн элч нарын гараар үйлдэгдсэн нь яах аргагүй үнэн тул бусдад нь сургамж болох үүднээс хатуухан анхааруулж бичлээ.

Үнэхээр ч дийлэнх олонхи нь гарыг нь цайлгахаас  нааш хөдлөхөө больчихсон эмч үү, эрлэгийн элч үү гэдгийг нь ч нэг тийш шийдмээр болсон цагаан нөмрөг нөмөрсөн авлигачид Монголын Эрүүл мэндийн салбарыг шалбаагтай нь хутгаж байгааг хэдий болтол чимээгүйхэн харж суух вэ, та минь ээ…

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.3.164) 2017-05-19 16:03
      • 0
      • 0

      Улсын эмнэлэгт мэргэжил мэдлэг дутуу эмч нар л ажиллаж байгаа шүү дээ.Чадалтайнууд нь хувийн эмнэлэгт ажиллаж байна.Ер нь бол Монгол улсад мөнгөтэй хүн л хувийн сайн эмнэлэг бараадаж амьд явах болоод удаж байна. Одоо бидэнд амьд явахын тулд сайн ажиллаж хувийн эмнэлгийн үнийг давж гарч байж л амьдрах зам үлдээд байна.Тэр чадваргүй эмч нарт хариуцлага тооцож эмнэлгийн даргыг ажлаас чөлөөлж чадах чадвар Цогцэцэгт байхгүй л дээ.

      Хариулах

    • Золбин

      (59.153.115.97) 2017-05-18 19:51
      • 0
      • 0

      Хүн алах эрхийн диплом олгож байгаа их дээд сургуулиуд эмчийн ёс зүй мэдлэг чадварт анхаараачээ.

      Хариулах

    • зочин

      (203.91.115.42) 2017-05-18 02:10
      • 0
      • 0

      hodoo hotgui ehiin endegdel huuhdiin endegdel mash ih garah boljee. Uund hyanalt tawij hariutslagiig ni saijruulmaar yuma. Zawkhand l gehed neleen eh huuhduud torohoos bolood uhej , hagatsaj owtsnii uur bolj bna . End hariutslaga bhgui hund surtal hahuuli 2 l bna yah we

      Хариулах

    • зочин

      (122.201.22.41) 2017-05-17 18:59
      • 0
      • 1

      улсын эмнэлгийн эмч сувилагч уйлчлэгч ер нь бугдээрээ аймаааар ууртай бур энэ хорвоог яаж туулах бэ гэж боддог хумуус нэг дор цугларсан харагддаг гарын нь хундруулэхгуй бол дуусаа шууд ухэл руугээл явна даа

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.1) 2017-05-17 18:09
      • 0
      • 1

      Улсын нэртэй төсөвийн үрлэг эрлэгийн элч болсон дөжирсөн байгууллагуудыг хувьчлах хэрэгтэй

      Хариулах

    • зочин

      (103.10.22.124) 2017-05-17 17:28
      • 0
      • 1

      ийм ажилдаа хайнга хандаж хүний алтан амиар тоглох үзэгдэл улсын бүх эмнэлэгүүдэд бараг хэвийн үзэгдэл болсон. ар гэрийх нь ашгүй нэг эмнэлэг барууллаа гэж тайвширдаг эмч нар нь байгаа байдалдаа дөчрөөд өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх чадваргүй болсон. э

      Хариулах