ОХУ-тай сэргээгдэх эрчим хүчний систем байгуулах чиглэлээр хамтарна

2017 оны 05-р сар 17-нд 16:09 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын “Россети” компанийн ерөнхий захирал Бударгин Олег Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Россети” компани сэргээгдэх эрчим хүчний сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Монгол, ОХУ-ыг холбосон 500 вольтын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шугам сүлжээтэй болох чиглэлээр хоёр талаас Ажлын хэсэг байгуулж  ажлыг нь эхлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд дэмжлээ.

Шугам сүлжээтэй болсноор манай улс тогтвортой эрчим хүчээр хангагдах боломж бүрдэнэ. Мөн энэ төслийг хэрэгжүүлснээр цаашид 220 вольтын хүчин чадал бүхий сүлжээгээр өргөтгөхийг  талууд зорьж байна.

Шилэн кабелиар тавих эрчим хүчний энэ сүлжээний хүрээнд харилцаа холбоог хөгжүүлэх боломж бий болно. Европын улс орнууд нэгдсэн эрчим хүчний тогтолцоотой болохыг зорьж байгаа өнөө үед Монгол улс үүнд нэгдэж энэ зах зээл дээр тоглох боломжтойг Ерөнхий сайд тэмдэглэлээ.  

НҮБ-аас Дэлхийн эрчим хүчний нэгдсэн системд сэргээгдэх эрчим хүчийг ашиглана гэж шийдвэрлэсэн. Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж байгаа өнөөгийн нөхцөлд манай хоёр улс нэгдмэл эрчим хүчний сүлжээ бий болгож Ази-Европыг холбох боломж байгаа гэдэгт талууд санал нэгдлээ.  

Монгол Улс баруун зүүн, төв гэсэн  төмөр замын корридор байгуулахаар хөрш орнуудтайгаа тохиролцсон. Сэргээгдэх  эрчим хүчний сүлжээгээ ч ийм байдлаар байгуулж болохыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.