А.Цогцэцэг: Хөхний сүүгээр хооллоогүй эхийг шийтгэнэ гэдэг нь ташаа мэдээлэл

2017 оны 05-р сар 17-нд 13:12 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр тайлбар хийлээ. Тэрбээр “Эхийн сүүг орлуулдаг бүтээгдэхүүн дэлхийн өөр хаана ч байхгүй. Тиймээс бид нялх балчир хүүхдийн хоол хүнсийг дэмжиж ажиллах гэсэн юм. Өнөөдрийн байдлаар эхийн сүүгээр хооллодог хүүхдүүд 47 хувьтай байна. Эхийн сүүн дотор хүүхдэд шим тэжээл өгдөг маш олон бодис витаминууд байдаг. Тийм учраас бид хуулийн хүрээнд шийдэж өгөхийг хүссэн. Хэрэв хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 2 ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж байгаа хүүхдийн амь насыг аварч олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой юм. Эхийн сүүгээр хүүхдээ цатгаж чадахгүй хүүхдүүд нэмэлт тэжээл хэрэглэнэ. 0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр юу ч өгөхгүй ба хөхний сүүгээр хооллоогүй эхийг зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ гэсэн мэдээлэл их явж байна. Энэ нь буруу ташаа мэдээлэл. Энэ хуульд эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого болон үйл ажиллагаа гэж орсон. Үүнийг дэмжин хэрэгжүүлэх эрүүл мэндийн ажилтнуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай” гэв.

Сүүн тэжээл нь хүнс бөгөөд “Хүнсний тухай” хуулиар худалдааны зөвшөөрөлтэй аль ч газар худалдаалагдах боломжтой юм байна. Мөн эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор зөвхөн эмийн сангаар худалдаална гэсэн мэдээлэлч ташаа мэдээлэл гэлээ. Хуульд 0-6 сартай хүүхдээ хөхүүлэх боломжгүй эхэд эмнэлгийн мэргэжилтэн сүүн тэжээлийг хэрхэн хэрэглэх зөвлөгөө зааврыг өгөх үүрэг хүлээсэн ба эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг хэрхэн хооллохыг өөрсдөө шийдвэрлэх юм байна.

2005 онд Эхийн сүү орлуулагчийн тухай хуулийг баталсан. Энэ хууль өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй, нэр нь хүртэл хөхний сүүг орлох боломжтой мэт ойлголт төрүүлж байсан учраас шинэчлэх шаардлагатай болсон аж.

Учир нь хилээр хяналтгүй оруулж буй нэмэлт тэжээл нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, стандартын шаардлага хангаагүйн дээр хувцасны лангуу, барилгын материалын дэлгүүр гээд шаардлага хангахгүй газраар худалдаалж байгаа нь тогтоогджээ.

Манай улсын хувьд 2000 онд хөхөөр хооллолт 90 хувьд хүрч дэлхий нийтэд сайн жишээ болж байсан бол 2005 онд 56 2013 онд 47 хувь болж буурсан байна. Үүнтэй зэрэгцээд хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт нэмэгдэж жилийн дотор 400 тонноор нэмэгдсэн тул хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болсон гэв. Түүнчлэн Улаанбурхан өвчнөөр амиа алдсан хүүхдийн 70 хувь нь хөхөөр хооллоогүй байсан нь үүнийг баталж байна гэлээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.