Зөрүүд Н.Энхбаяр…

2017 оны 05-р сар 16-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, өдгөө МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг сонгуулийн төв байгууллага Сонгуулийн Ерөнхий хорооноос зарлаад хоёр хонож байна. Мэдээж энэ шийдвэрийг эсэргүүцэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, гишүүн асан З.Баянсэлэнгэ тэргүүтэй Н.Энхбаярын итгэмжит хүмүүс тэмцэж эхлээд байгаа. Магадгүй 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө бас л ийнхүү тэмцэж, жагсаж байсан гавьяагаа үнэлүүлж МАХН-ын жагсаалтаар шууд л гудамжнаас УИХ-д харайгаад орж ирсэн З.Баянсэлэнгэ өлсгөлөн зарлаж ч болзошгүй. Учир нь “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг түүний толгойд дараагийн том төлөвлөгөө эргэлдэж эхлээд байж ч магадгүй. Тэр нь мэдээж МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулчихвал орон гарсан Төв аймагт өрнөх УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх байж таарна. Гэхдээ энэ удаа З.Баянсэлэнгэ болон УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарын толгойд эргэлдэж байгаа дээрх тооцоог орхиж гол асуудалдаа оръё.

Монгол төрийн 3 өндөрлөгт заларч үдсэн одоогоор Монголдоо ганцхан хувь заяатай Н.Энхбаяр гэдэг хүн хэн бэ, түүний энэ их тэмцэл, хүсэл зориг юунаас үүдэлтэй вэ, энэ хүн хаана хүрч зогсох бол гэж Монголчуудын олонхи нь гайхан боддог нь тодорхой. Ер нь Н.Энхбаяр хэн бэ. 

Тэрээр 1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. 1965- 1975 онд 23-р сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо  М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэжээ. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиол-ийн чиглэлээр суралцаж, МУИС-ийн англи хэл-ний курс төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Дунд сургуульд байхдаа түвд хэл бичиг бие даан судалсан байдаг.

Н.Энхбаяр 1980-1990 онд Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд 1990-1992 онд Соёл-урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд даргаар ажиллажээ. 1985 онд МАХН-д гишүүнээр элсээд 1992 онд анх удаа УИХ-д сонгогдож, мөн тус оноос Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ажиллажээ. Ингээд Монголын улстөртэй салшгүй холбогдож 1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогдсон байдаг. 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан. 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-г нь МАХН-д авч чадсан нь түүний хувьд улстөрийнх нь амьдралын оргил үе юм. Энэ ялалтаа ч үнэлүүлж тэр оныхоо долоодугаар сарын 26-нд ялсан намын тэргүүний хувьд Ерөнхий сайдаар томилогджээ. 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй байр сууриа алдсан ч олон суудал авсан учраас наймдугаар сард сөрөг намуудтай хамтарч Их эвслийн Засгийн газар байгууллагдахад, Н.Энхбаяр 2004-2005 онд УИХ-ын даргаар сонгогдон ажиллажээ. Тэрбээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Харин 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёрдахь удаагаа нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн боловч нэг хувийн саналаар гол нь нийслэлд ялагдсанд ихэд хорсч тэр үеэс Ц.Элбэгдоржтой “Хонь чоно” бололцсон түүхтэй. МАХН нэрээ сольж МАН болсны дараа бууриа сахин үлдэгсэд 2011 оны нэгдүгээр сард МАХН-ыг дахин байгуулахад анхны даргаар нь сонгогдож өнөөдрийг хүрээд байгаа. Үнэндээ ч хуучин нэрээ авч үлдсэн МАХН-д түүнээс өөр лидер, Монголчуудад танигдсан улстөрч байхгүй гэхэд хилсдэхгүй.

Ингэж байтал хэрэг бишдэж 2012 оны  дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газар түүнд холбогдох Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорьсон нь тухайн үедээ Монгол Улсыг хөөрхөн доргиосон билээ. Хэзээний зөрүүд, шазруун Н.Энхбаярын зан хориход байхад нь сүрхий илэрч төрийн ажилтнуудад салаавч гарган хараан зүхэж дуулиан тарьж байсныг Монголчууд санаж л байгаа. Тухайн үед Шүүхээс түүнд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2 жил 6 сарын ял оноосон бөгөөд ялын хугацааныхаа тодорхой хэсгийг клиникийн 2-р эмнэлэгт эмчлүүлж өнгөрүүлсэн. Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны наймдугаар сарын 1-нд зарлиг гарган, хорих 401-р ангид ял эдэлж байсан ялтан Н.Энхбаярт уучлал үзүүлэн ялаас чөлөөлсөн түүхтэй.

2012 оны дөоөвдүгээр сараас хойш Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа ба туслах нарыг нь хээл хахуулийн хэрэгт холбогдуулан сэжигтнээр татсан боловч тэдгээр иргэд гадаадад зугтан гарч одоог хүртэл Интерполоор Олон улсад эрэн сурвалжлагдсаар байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр нь эхнэр О.Цолмон, 4 хүүхдийн хамт амьдардаг.

Ийм л нэгэн улстөрч, Монгол төрийн 3 өндөрлөгийн олбогт тухалж үзсэн хосгүй хувь заяатай нэгэн өнөөдөр үр ачаа тойруулаад намбайж суух насандаа эрт өмний өшөө хорсол, данс тооцоо бодсон шиг Монголын нийгмийг доргиулсаар л явнам. Мэдээж “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг” хойно улстөрийн амьдралын ноён оргилд олон жил тухлаад сурчихсан, бас ч гэж 1990 оноос хойшхи Монголын улстөрийн амьдралын “Амьд түүх” болсон нэгний хувьд улстөрчийн карьераа ялагдлаар дуусгахыг хүсэлгүй, зөрүүд тэрсэлдэгч зан нь түүнийг дотроос нь хатгаад суулгахгүй байгаа нь тодорхой. Мөн түүчлэн түүний тэрхүү хонзогногч, зөрүүд зан дээр дөрөөлөн улстөрийн ашиг хонжоо хайгсад, бэлэн амттай хоолонд санаархагсад элдвээр хатгаж, өдөөн турхирч байгаа нь ч ойлгомжтой. Ойрдоо Н.Энхбаярт хачиг шиг наалдчихаад салахгүй байгаа УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ нар одоогоор нууц төлөвлөгөөгөө ил гаргахгүй байгаа бол Монголдоо нэртэй хуульч С.Нарангэрэл “Дарга аа би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд үзье” хэмээн ил цагаан мэдэгдээд байгаа.

Н.Энхбаяр даргын зөрүүд зангийн талаар жаахан түүх сөхөж үеье.

Өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд МАН-МАХН хоёр эвсэж оролцохоор бараг л ярилцаж тохиролцоод байсан. Гэхдээ Н.Энхбаяр МАН-ын удирдлагуудад нэгэн шаардлагыг эцсээ хүртэл тавьсаар, хоёр нам сонгуульд хамтран оролцох төлөвлөгөө эцсийн мөчид бут үсэрч байв. Юу болсон бэ гэвэл 2016 оны дөрөвдүгээр сарын 18-нд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Д.Тэрбишдагва нар УИХ болон АН-ын дарга З.Энхболдтой уулзсан байдаг. Уулзалтаар Н.Энхбаяр З.Энхболдод “Миний ялтай байдлыг хүчингүйд тооцуулаад өгчих. Тэгвэл МАН-тай эвсэхгүй” гэжээ. Хачирхалтай нь тэр оройдоо З.Энхболд АН-ын ҮЗХ-ны хуралдаан дээр “МАХН МАН-тай эвсэхгүйг би баталгаатай хэлнэ” гэж мэдэгдсэн байдаг. Эндээс харвал, З.Энхболд Н.Энхбаярын болзол нэртэй шантаажинд орсон байхыг үгүйсгэхгүй. Өөр бас нэгэн мэдээллээр МАХН-ын дарга Н.Энхбаяр тэр  оройдоо нийслэлийн есөн дүүргийн намын хороодын дарга нартайгаа уулзсан гэдэг. Тухайн үед МАХН-ын хороодын дарга нар “Нийслэл, орон нутгийн тойргуудын 50 хувийг өгөхгүй бол МАН-тай эвсэхгүй. МАН-ынхан бидний болзлыг хүлээж авахгүй бол ёстой л их санасан газар есөн шөнө хоосон гэдэг шиг юм болно доо” гэцгээсэн байдаг. Ингээд байдал хурцадсаар эцсийн бүлэгт Н.Энхбаярын өөрийгөө л боддог зөрүүд зангаас болж МАН-МАХН-ын сонгуульд хамтран оролцох тохиролцоо ажил хэрэг болж чадалгүй, үүний үр дүнд Н.Энхбаяр өөрөө л томоохон ялалдал хүлээснийг Монголчууд мэднэ.

 

Гайхалтай нь яг тухайн үед МАН-ын Бага хурал МАХН-тай эвсэх талаар   хуралдаж байхад МАХН-ын дарга Н.Энхбаяр сурсан зангаараа зөрүүдлэн шантааж хийж, АН-ын дарга З.Энхболдтой тохиролцоо хийж явсан нь илэрч тэр нь эргээд өөрт нь тун хүнд цохилт авч ирсэн түүхтэй. 

Учир нь МАН-ын Бага хурлын IV хуралдаан 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны 09.00 цагаас Тусгаар тогтнолын ордны Их танхимд эхэлж УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг эцэслэн батлах, МАХН-тай сонгуульд хамтарч орох эсэх асуудлыг хэлэлцэж байх чухам тэр үед МАХН-ын дарга Н.Энхбаяр тухайн үеийн АН болон УИХ-ын дарга З.Энхболдтой тохиролцоо хийж явсан нь эргээд өөрт нь балаг тарьсны учир ийм.

Тухайн үед Н.Энхбаяр муу санаалж, бас зөрүүдлэн АН-ын дарга З.Энхболдтой далд тохиролцоо хийх гэж мунгинаж байж балралгүй МАН-тай эвссэн бол Орхон аймаг руу “цөлсөн” ганц муу О.Баасанхүүгээр тогтохгүй дор хаяж долоо найман суудал ч авч мэдэхээр байсан. Хэрэв тэгсэн бол өнөөдөр ийнхүү СЕХ-ны хаалганы өмнө хашхирч зогсохгүй байх байлаа. Монголчууд хэзээнээс “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гэдэг. Мөн “Дөргүй бух шиг зөрүүд зан өөртөө л гай тарина” гэх нь ч бий. МАХН-ын дарга Н.Энхбаярын зөрүүд, муйхар зан өөрт нь гай л тарьснаас гавьяа болсонгүй дээ…

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.