Израйль улс араб цөөнхийг хавчин гадуурхаж, ардчиллын зарчимд заналхийллээ

Twitter Print
2017 оны 05-р сар 16-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Израильд зөвхөн еврей үндэстний бүх эрхийг зөвшөөрч, араб хэлний албан ёсны статусыг цуцлах заалт бүхий маргаантай хуулийн төслийг тус улсын парламент лхагва гарагт урьдчилсан байдлаар сайшаалаа.

Хууль болгон батлах гэвэл парламентаар дахиад гурван удаа санал хурааж, дээд шүүхээр хянуулах ёстой уг төслийг Ерөнхий сайд Беньямин Нетаньяху дэмжиж, сайд нарын зөвлөл ням гарагт сайшаасан юм. Төсөл Израилийн араб цөөнхийг ялгаварлан гадуурхаж, ардчиллын зарчимд заналхийллээ хэмээн парламентын зарим гишүүн шүүмжлэв. Энэхүү төслийг батлах аваас Израильд үндсэн хуулийн үүрэг гүйцэтгэдэг Суурь хуулийн бүрэлдэхүүнд багтах болно.

Хуулийн төсөлд “Израиль улс нь еврей ард түмний төрөлх гэр” хэмээн тодорхойлжээ. Мөн “Израиль улсад үндэстний ухамсрыг тодорхойлох эрхийг зөвхөн еврей үндэстэн эдэлнэ” хэмээн заасан байна.

Израилийн албан ёсны цор ганц хэл нь иврит хэл байх болно. Харин төрийн үйлчилгээг төрөлх хэлээрээ хүртэх боломжийг араб гаралтай иргэдэд олгох үүднээс араб хэл Израильд “тусгай байр суурьтай” гэсэн заалт орууллаа.

Израиль нь еврей ард түмний төрт улс байх статусыг хамгаалах үүднээс уг хуулийг батлах гэж буй талаар Нетаньяхугийн Ликуд намын хуульч, уг хуулийг дэмжигчийн нэг Ави Дихтер тайлбарласан юм. Төслийг батлахтай холбоотой маргаан нь “Израилийн дүр төрх, үндэсний мөн чанарыг тодорхойлохын төлөөх тэмцэл” болж буйг ноён Дихтер дурдлаа. Тэрбээр “палестинчууд еврей үндэстний төрт улсыг арчин хаях зорилгоо нуухаа байсан” хэмээн өгүүлсэн юм.

Шинэ хууль Израилийн хүн амын 20 хувийг бүрдүүлдэг арабчуудыг хоёрдугаар зэрэглэлийн иргэд болгоно хэмээн парламент дахь араб намын эвслийн тэргүүн Айман Уда үзэж байна. “Энэ улсад хоёр ард түмэн оршиж байгааг ямар ч апартейд, арьс өнгөөр ялгаварлагч, үндсэрхэг хууль үгүйсгэж чадахгүй” хэмээн төслийг парламент урьдчилан сайшаах үед ноён Уда мэдэгдлээ. “Хэт барууны үзэлт Засгийн газар үндэстэн хоорондын дайсагнал үүсгэхээр санаархаж байна. Гэхдээ энд чуулж буй хүмүүсийн ихэнх нь энх тайван, эрх тэгш ёс, ардчиллын төлөө гэдэгт миний бие эргэлзэхгүй” хэмээн тэрбээр өгүүлэв.

“Төсөл еврей иргэдийг нэгдүгээрт тавьж хүний эрх, ардчилал, Израиль дахь араб үндэсний цөөнхийн эсрэг чиглэж” хэмээн зүүн жигүүрийн Мерец намын удирдагч Захава Гальон шүүмжиллээ.

Засгийн газраас төсөв батлах, төлөвлөгөө дэвшүүлэх үед системтэйгээр ялгаварлан гадуурхдаг хэмээн араб иргэд гомдол тавьдаг. Араб иргэдийг боловсрол, соёлын автономит статус бүхий үндэсний цөөнх болгох шаардлагыг Израилийн зарим араб удирдагч тавьсаар байгаа юм.

Энэхүү төсөл нь Израилийн ардчиллыг еврейн онцлогт захируулах агуулгатай өмнөх төслийн шинэчилсэн хувилбар. Цаашид удаа дараа өөрчлөлт орлоо ч эцэстээ батлагдах нь гарцаагүй тухай ноён Нетаньяху энэ долоо хоногт тайлбарласан. “Тэр цагт еврейн төрт улс гэсэн Израилийн статус хууль ёсны болно ” хэмээн тэрбээр парламентад өгүүлэв.

Ерөнхий сайд “Израиль улс ардчилсан байх, еврейн төрт улс байх хоёрт зөрчил байхгүй. Тус улсын бүх иргэний тэгш эрхийг хангахын төлөө бид байнга чармайна” хэмээн мэдэгдлээ. Цаашид өрнүүлэх аливаа энхийн хэлэлцээнд Палестины удирдлага Израилийг еврейн улс гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхээр ноён Нетаньяху эртнээс хүчин зүтгэл гаргаж ирсэн. Харин Палестины удирдагчид Израилийн араб цөөнхийг дурдан байж уг байр суурийг эсэргүүцдэг.

Жоэл Гринберг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.