Сэтгэл гэгч эрхтэн…

Twitter Print
2017 оны 05-р сар 15-нд 18:16 цагт
Мэдээний зураг,

Яруу найрагч Б.Галсансүх нэгэнтээ “Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж, Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж, Сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч, Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог” хэмээн толгой руу тоншоод авах шиг шүлэглэж билээ. Нээрээ л толгойтой болгон нь өр зээлтэй, албан газрууд нь хаалгаа барьж эдийн засгийн хямрал, мөнгөний гачаал гэгчид улс Монголоороо хүлүүлсэн энэхэн цагт бидний олонхийнх нь сэтгэл гэдэг эрхтэн Б.Галсансүхийн шүлэг шиг тарчилж байж ч болзошгүй. Харин яагаад ч юм миний хувьд ойрын үед сэтгэл гэдэг эрхтэн маань айсуй нэгэн их баярын зөнд хөтлөгдөж, аж амьдрал, ажил төрлийн хувьд ч түүртэх зүйл огтхон ч байгаагүй, хойшид ч тохиохгүй мэт жигтэйхэн амар тайвныг алхам тутамдаа мэдрээд байгаа нь гайхалтай.

Улаанбаатарын маань хаврын хуурай салхиар дэгдэх тоос шороо урьдынх шиг бухимдуулах нь байтугай өглөө оройд автобусны буудал дээр тус тусынхаа суух унааг хүлээн багшралдах хүн зон ч урьдынхаасаа өнгөлөг, хэн нэгэндээ урьд нь дандаа л ийм байсан мэт нүүр дүүрэн мишээлтэй найр тавьцгаах нь үзэгдэж, тэр ч байтугай хагас сайн өдрийн орой хоёр цаг гаруй цахилгаан тасрахад эрт урьдынх шигээ олиггүй муухай үгс  амнаасаа унаган байж ядан түнтэгнээгүйгээ ч сайн санаж байна.

Тэр ч байтугай байрны гадна тавьсан машин дээр байсхийгээд л сүү цацчихдаг дөрвөн давхарын бүдүүн хүүхэнд тэгтлээ битгий уурла гэж эхнэрийнхээ сэтгэлийг тайвшруулахаа ч мартсангүй. Шөнө тэртээ орой байрны гадна дуут дохиогоо хангинуулаад байгаа нөхдүүдэд тэгтлээ уур хүрэхээ больчихсон байгаагаа гэнэтхэн анзаарсан төдийгүй, фейсбүүк, твиттерээр тэнүүчлэх инженер Бат, дугаар хорооны Дугар нарын элдэв цэцэрхэлд ч бухимдах нь байтугай харин ч бүр унших тусам инээд хүрээд байх болов.

Орой бүр 20-30 телевизийн суваг солин хэвтдэг үндсэн ажлыг маань баахан уйтгартай болгож суваг болгоны дэлгэцээр улстөр, эдийн засаг, байгаль орчин, цагдаа сэргийлэх гээд дэвэн дэлхийн түмэн явдлыг бүгдийг нь хамж шимэн худлаа үнэн цэцэрхэн суудаг нөхдүүдийн яриа тайлбарыг ч урьдынх шигээ нүдээ эрээлжилтэл гүйлгэхээ больж зарим нэгнийх нь хичээнгүйлэн тайлбарлахыг тээршаасан шинжгүй сонсдог болчихсон байх юм.

За тэгээд, Улаанбаатарын замын түгжрэлд мунгинахаа мартаж, тэр ч байтугай ОУВС-тай нийлж Монгол Улсын аргагүй байдалд хүч түрэн манай хууль тогтоох дээд байгууллагыг хөл дороо дэвсэлж байгаад ганцхан өдрийн өмнө гаргасан Оюутолгойн борлуулалтын орлогыг Монголын банкаар дамжуулж байх тухай тогтоолыг нь буцаалгаж дөнгөсөн Рио Тинтогийн шар толгойтой ноёдыг болдогсон бол багалзуурдах юмсан гэсэн хорсол маань ч арилж одсон бололтой.

Энэ их тайтгарал, сэтгэлийн амар амгалан хаанаас нисэн ирж, өглөөний нарны шаргал туяа цонхны завсраар тусах бүр баяр хөөртэйгөөр үсрэн босгоод байгааг сэрж мэдрэх санаатай жаал бодлогоширов. Тэгээд эцэст нь “Бодож бодож бодын шийр дөрөв” гэгчээр сэтгэл гэгч эрхтэнг маань амирлуулан жаргааж, бодгаль биеийг минь амар амгалан болгоод байгаа айсуй их баярын зөн совин тэртээ холд биш зөвхөн миний зүрх сэтгэл, тархинд л зүүрмэглэж байсныг хэдэн сарын өмнө болоод өнгөрсөн нэгэн үйл явдал ул мөрөө үлдээн сэргээж, гэмшил маань ухаарлаар солигдсоных байжээ хэмээн сонгодог нээлт хийчихсэн аятай духаа хөнгөхөн гэгч алгадаад авлаа.

Амирлуулан бодвол сэтгэл гэгч яах аргагүй амьтай, үйл хөдлөл, зорилго чиглэлтэй сонор соргог эрхтэн аж. Мартсаныг сануулж, алдсаныг ухааруулж, ирээдүйн чигч шулуун туйлбартай замыг гэрэлтүүлэн заагч шидэт дохиур юмсанж. Харин элэг шиг үрэвсүүлж, толгой шиг өвтгөж, ходоод лугаа цооруулж, зүрх адил зогсоохгүйн тулд сэтгэл гэгч нандин эрхтэнээ байнга анир тавин сонсож, амирлуулан тайвшруулах зөв зам, зүйтэй үйлдэл бүхэн гагцхүү та бидний гарт, зүрх тархинд л оршдог юмсанж.

Сэтгэлийн амар амгалан, баяр жаргал бүхэн хажууд дэргэд минь л тойрон эргэлдэж байж. Сэтгэл гэгч эрхтэнээ эрүүл байлгах тийм ч хэцүүгүй юмсанж…      

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.