Хуульч С.Нарангэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшье гэв

2017 оны 05-р сар 15-нд 15:33 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр СЕХ хуралдаж, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах тогтоол гаргасан. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнийг гурван шалтгаанаар тайлбарлаж байгаа юм. Үүнд,

1.Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу.Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.

2.Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэж үзсэн байна.. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах юм байна.

3.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлагатай. МАХН-ын дарга Н.Энхбаяр уг шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй тул бүртгэхээс татгалзсан байна.

Сонгуулийн тухайн хуулийн 28.1-д намаас нэр дэвшигч нас нөгчсөн, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 30 хоногийн өмнө ирүүлж болно хэмээн заасан. Энэ дагуу МАХН  нэр дэвшигчийнхээ баримт бичгийг СЕХ-нд нөхөн хүргүүлэх боломжтой юм.

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх бол гэсэн хүлээлттэй байгаа энэ үед МАХН-аас дэвшүүлэх магадлалтай хүнээр УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар тодорч яригдах болсон. Түүний намынхаа үйл ажиллагаанд хэр зэрэг идэвхтэй оролцож байгаагаас товоггүйхэн мэдэж болохоор байгаа. 

Тэгвэл Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ байгаагаа илэрхийлж, намынхандаа албан бичиг илгээсэн байна. Тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Бага чуулганд нэрийг минь оруулж байсанд талархаж байна. Одоо дахин нэрийг минь дэвшүүлвэл татгалзах зүйлгүйш бэлэн байна" гэсэн утгатай албан бичгийг илгээжээ.

Эх сурвалжийн мэдээлсэнээр уг асуудлаар МАХН-ынхан хуралдах гэнэ. Өнөө, маргаашийн дотор Бага чуулганаа хуралдуулж, уг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Хуулийн дагуу МАХН маргаашийн дотор нэр дэвшигчээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Харин СЕХ энэ сарын 17-нд буюу лхагва гаригт Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг албан ёсоор улсын хэмжээнд олон нийтэд зарлана.

PS: Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн C.Нарангэрэл Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.

1961-1971 онд Нийслэлийн 10 жилийн 6 дугаар сургуулийг төгссөн. 1971-1975 онд Монгол Улсын Их Сургууль, 1985-1988 онд ОХУ-ын Москва хотноо эчнээ аспирантурт суралцан төгссөн. Эрх зүйч, хуульч мэргэжилтэй.  

1975-1985 онд       МУИС-ийн Салбар эрх зүй судлалын тэнхимийн багш,
1985-1990 онд       Улаанбаатар хотын Ерөнхий Прокурорын орлогч, Улсын Ерөнхий Прокурорын туслах бөгөөд шүүн таслах
                           
ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга

1991-1992 онд       Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын Академийн дэд захирал
1992-1996 онд       Монгол Улсын Их Хурлын гишүүн
1997-2002 онд       Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч
2000-2009 онд       Эмнести интернейшнл хүний эрхийн олон улсын байгууллагын удирдах зөвлөлийн дарга
1996 оноос             МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш, тус сургуулийн дэд захирал. 
2004 онд                Япон улсын Нагояагийн Их Сургуульд зочин профессороор ажилласан.
1996-2011 онд        МУИС-ийн хууль зүйн сургуулийн захирал,
2012 оноос             МУИС-ийн хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга

Д.Энхтүвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.