С.Ганбаатар: Өчигдөр Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд "ялчихлаа"

Twitter Print
2017 оны 05-р сар 15-нд 13:19 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр СЕХ хуралдаж, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах тогтоол гаргасан. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнийг гурван шалтгаанаар тайлбарлаж байгаа юм. Үүнд,

1.Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу.Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.

2.Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэж үзсэн байна.. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах юм байна.

3.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлагатай. МАХН-ын дарга Н.Энхбаяр уг шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй тул бүртгэхээс татгалзсан байна.

Сонгуулийн тухайн хуулийн 28.1-д намаас нэр дэвшигч нас нөгчсөн, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 30 хоногийн өмнө ирүүлж болно хэмээн заасан. Энэ дагуу МАХН  нэр дэвшигчийнхээ баримт бичгийг СЕХ-нд нөхөн хүргүүлэх боломжтой юм.

Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсантай холбогдуулан тус намын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болох УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар “Монголын нийгмийг эрүүл саруул бологох, МАНАН дамжсан улстөрийн бохир тогтолцооноос салгах асуудлыг бид энэ удаагийн сонгуулиар засах боломжтой. Гэтэл эрх баригч нам төрийн албаны сайд дарга нарт мөнгөний босго тогтоож, сонгуулийн зардлаа босгож, төрийн байгууллагад хүчээр нөлөөлж байна. Асар их мөнгөний сонгууль явуулахаар эрх баригч нам улайрч байна. Энэ бүхнийг Монголын ард түмэн болон Ардчилсан нам хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт итгэж байна” гэсэн бол МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Шаравдорж “Өчигдөр бид МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлэх хүлээлттэй байв. Гэвч СЕХ хууль зөрчих замаар Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзах шийдвэрийг гаргалаа. Тус байгууллааас гаргасан тогтоолын гол агуулга нь гурван шалтгаанаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан явдал байлаа. Тогтоолд туссан заалтууд нь маш ерөнхий байгаа нь хардлага төрүүлж байна.

Энэ мэт ерөнхий заалтыг барьж бүртгэхээс татгалзаж байгаа нь нэг талд ажиллаж буйг нь харуулж байна. Заалт нь маш тодорхой байх ёстой. СЕХ нэр дэвшигчдийг бүртгүүлэх ажиллагааг нээлттэй явуулна гэсэн атлаа хуралдаанаа хаалттай явууллаа. Бид хурлын явцыг нээлттэй байдлаар сонсохоор очсон ч СЕХ-ноос нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй. Нэр дэвшигч Н.Энхбаяр өөрөө хүртэл очсон. Бидний зүгээс хуралдаанд тайлбар хийхийг хуулийн хүрээнд хүссэн юм. Гэвч цагдаагийн хамгаалалт авч, биднийг нэвтрүүлэхийг хатуу хориглосон” гэлээ.

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар "Өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. Тэд ерөнхийлөгч болъё гэвэл сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан. МАХН-ыг иргэний хөдөлгөөн, эвслүүд дэмжиж ажиллаж байгаа. МАНАН гурван сая иргэний эрхэнд халдсан юм биш. ОУВС, Рио тинто Монгол төрийн эрх барих эрхэнд халдлаа. Тиймээс энэ сарын 18-нд 11:00 цагаас  Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаалд ирээрэй.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж бид оролцож байгаа. МАХН-аас ерөнхийлөгч болчих олон хүчтэй боловсон хүчин байгаа.  Ойрын үед МАХН-ын эрх бүхий байгууллага шийдээ гаргаж та бүхэнд мэдээлэх болно. Миний хувьд гурван жилийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч болж улсаа авармаар байна төлөвлөгөө гаргаж байсан. Энэ удаад бид МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна" гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.