Шоронжсон Монгол…

2017 оны 05-р сар 19-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдрийн УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад буюу 2002 онд батлагдсан “Шоронжсон” хэмээх тодотголтой Эрүүгийн хуульд 25-28 нэмэлт өөрчлөлт оруулан баталснаар ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болов. Ийнхүү тухайн үеийн Ц.Нямдоржийн хуулиар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол багатай буюу гар утас хулгайлсан хүн 6-10 жилийн ял авдаг байсан бол сая батлагдаж хоёр сарын дараа мөрдөгдөж эхлэх Эрүүгийн хууль ард иргэдээ өчүүхэн л хазгай гишгэвэл толгой дараалан намнаж жинхэнэ “Шоронжсон Монгол”-ыг бүтээн байгуулах хууль болсныг туршлагатай хуульчид толгой сэгсрэн хэлцгээж байгаа юм. Шинэчлэн батлагдсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байснаа суга дэвшин УИХ-д орж ирсэн нялх Х.Нямбаатар гишүүн жигтэйхэн идэвхтэй ажиллаж ёстой л гэрлийн хурдаар батлуулахыг Монголчууд их багагүй харж, гайхаш тасран гөлийж хоцров.

Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд Монголын толгой хуульчдын нэг Хууль зүйн ухааны доктор профессор, академич С.Нарангэрэл нэгэнтээ “Хамгийн сайн хууль бол ард иргэд уншаад л шууд ойлгодог хуулийг хэлнэ. Тийм л хууль амьдралтай хөл нийлж, гууль болчихолгүй хэрэгжээд явдаг” гэснийг “нялх Сэнгүм” Х.Нямбаатарын оройлон манлайлсаар батлуулсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиуд хэрхэн бантагнуулж, ирэх долоодугаар сарын 1-нээс Монголын ард түмэн болон хууль хүчнийхнийг хооронд нь хэрхэн хагаралдуулан тэмцэлдүүлж, хэдэн мянган аавын хүү, ээжийн охидыг нус нулимастай нь хутган шорон руу чихэхийг харах, хүлээх л үлдэж байна.

Түүх сөхвөл 1942 оноос Эрүүгийн хууль нэрээр хэрэгжиж, ард түмний амьдралд Үндсэн хуулийн дараагаар шууд, маш хүчтэйгээр нөлөөлдөг Эрүүгийн хуулийг 2012 онд Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болмогцоо хүч түрэн барьж авч АНУ-ын хуулийг хазгай муруй орчуулсан болоод Гэмт хэргийн тухай хууль хэмээн нэрийдэж, гурван жил гаруй хэлэлцэж маргалдсаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар баталж 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр болоод байсан. Тэгвэл МАН-ынхан төр засгийн эрхэнд гарч ирэнгүүтээ дээрх хуулийн үйлчлэх хугацааг нь хойшлуулж, нэмэлт өөрчлөлт оруулан батлан гаргаж байгаа нь энэ билээ. Төр засгийн эрх барьж байгаа эрх мэдэлтнүүд, улстөрчид, элдэв бусын аргаар хөлжиж хөрөнгөжсөн этгээдүүдэд төдийлөн халгаатай бус, зөвхөн ядуу дорой ард иргэдийнхээ эсрэг чиглэж Монгол Улсыг асар том шорон болгохоор заналхийлж байгаа эдгээр хуулийн төслийг өглөө нь УИХ-ын гишүүдэд тарааж танилцуулсан болоод өдөр нь 65-ын бүлэг хүч түрэн батласны ард мэдээж МАН болон УИХ-ын дарга М.Энхболд зогсож байгааг Монголын парламентад 26 жил тасралтгүй сууж байгаа Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар нь ч шулуухан хэлж “Бид та нарын хутгасан ийм заваан юманд огтхон ч хутгалдахгүй” гэцгээхийг ард түмэн цэнхэр дэлгэцээрээ харлаа, сонслоо.

2002 оны “Шоронжсон” Эрүүгийн хуулийн эцэг Ц.Нямдорж хүртэл “Энхболд оо, та нарын хийж байгаа ийм балиар юмнууд жинхэнэ хууль зүйн завхрал руу түлхэнэ шүү. Та нар Монгол Улсыг ёстой л шоронжсон улс болгох замыг заслаа шүү” гэсэн бол УИХ дахь МАН-ын тулхтай гишүүдийн нэг Ц.Даваасүрэн “Нямбаатар аа, чи хүний дохио зангаагаар битгий хөөрч гүйгээд бай л даа. Нэг л сүрхий ухаантай царай гаргаад гүйгээд байх юм. Монголын ард түмний амьдралд ихээхэн балаг тарих зүйл хийгээд байгаагаа ойлгож байна уу” гэвэл шинэхэн гишүүн М.Билэгт “Ард иргэд 300 мянгаас дээш хохирол учруулвал Эрүү үүсдэг. Харин албан тушаалтнууд 10 саяас дээш хохиролтой бол Эрүү үүснэ гэж байна. Ард түмнээ ингэж ялгаварлан гадуурхаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг” гэсэн. Тэгвэл бас л Х.Нямбаатартай цуг УИХ-д орж ирсэн шинэ гишүүн Ж.Ганбаатар “Нямбаатар аа чи хэн байснаа санаарай. Бид нар хуулийн төсөл боловсруулаад Байнгын хороогоор хэлэлцүүлж чадахгүй 3 сар явж байна. Тэгэхэд чи шөнө нь зүүдэндээ боловсруулсан хуулийн төслөө маргааш нь оруулж ирээд батлуулчихаж байна. Мэдээж чиний ард хэн байгаа нь ойлгомжтой. Татвараас зайлсхийсэн хэргээр аж ахуйн нэгжүүдийг татан буулгаж, захирлуудыг нь шоронд хийгээд байж болохгүй” хэмээн хүчтэй эсэргүүцсээр байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн 65-ыг М.Энхболд нүдний харц, гарынхаа хөдөлгөөнөөр удирдсаар дээрх хуулиудыг батлууллаа.

Өнөөдөр Монгол Улсын Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Орхон, Төв, Өвөрхангай, Хэнтий, Говьсүмбэр зэрэг 10 аймаг Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Багануур дүүргүүдэд нийтдээ 27 хорих ангид 9 орчим мянган иргэд эрх чөлөөгөө хасуулан дээд тал нь 25 жилийн ял эдлээд сууцгааж байгаа. Тун удахгүй Баянзүрх дүүргийн нутаг Амгаланд ашиглалтад орох нэгдсэн хорих ангид 3000 хоригдол ял эдлэх тооцоо хийгдэж, бүтээн байгуулалтынх нь зардалд улсын төсвөөс 20 гаруй тэрбум төгрөг зарцуулчихаад байгаа. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Тахир соёотод гяндан, Булган аймаг дахь онцгой дэглэмийн шоронд хүн амь, хүчин, эх орноосоо урвасан, онц ноцтой танхайрагчид зэрэг хүнд гэмт хэрэгтнүүд хоригдож байгаа бол Авдрант, Мааньт, Багануур, Зүүн хараа, Дархан зэрэг 6 чанга дэглэмтэй хорих ангиудад хүндэвтэр гэмт хэрэгтнүүд, үлдсэн жирийн дэглэмтэй 19 хорих ангиудад 9 орчим мянган хоригдол эрх чөлөөгөө хасуулан ял эдлэж байгаа. Эдгээр олон мянган эрх чөлөөгөө хасуулагчид болон тэдний ар гэр, ойр дотны хэдэн зуун мянган хүн шинээр батлагдан гарах Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг өдөр шөнөгүй нүд, чих тавин анхааралтай ажиглаж, өөрсдийнх нь амьдралд хэрхэн нөлөөлөх, эрх чөлөөтэй болгох уу, ял шийтгэлээс нь хөнгөлөх болов уу хэмээн өдөр шөнөгүй харуулдан сууцгаасан. Тэдний чин хүсэл, мөрөөдөлд хэдхэн хоногийн өмнө батлагдан гарсан хууль хэрхэн нийцэх, нөлөөлөхийг одоогоор хэлэх, баримжаалах боломжгүй.  

Харин хоёрхон сарын дараа хэрэгжиж эхлэх Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн олон зүйл заалтыг амьдрал дээр биечлэн хэрэгжүүлэх прокурор, шүүгчид нь эдгээр хуулиудаа уншиж ч амжихгүй, наад захын ойлголт ч аваагүй шахуу байж шууд л ханцуй шамлаад иргэдээ яллах, шорон руу ачих ажиллагаа эхлэх гэж байгааг хатуухан хэлэх цаг болсон. Тодорхой хэлбэл шинээр хэрэгжих Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг Монгол төрийн нэрийн өмнөөс 44 мянга гаруй хуульч, прокурор, шүүгчид амьдралд хэрэгжүүлэх учиртай. Гэтэл энэ олон мянган төрийн мөрдөстэй, хуульчид шүүгчид тэр болгон хүний хамгийн гол эрх болсон амьд явах, эрх чөлөөг нь хязгаарлах тухай үйл ажиллагааг зохицуулах хуулийн тэр олон зүйл заалтыг нэг бүрчлэн бүрэн гүйцэд ойлгож, амьдралд хэрэгжүүлж чадна гэхэд үнэхээр итгэл төрөхгүй байна. 

Үүнээс гадна бас нэгэн тун ноцтой зүйл нь Зөрчлийн тухай хуульд зарим тохиолдолд мэргэжлийн хуульч, шүүгчид биш гааль, мэргэжлийн хяналт, салбар хариуцсан улсын байцаагчид, онцгой байдлынхан хүртэл хэн нэгнийг гэм буруутан болгох, ял зэм тулгаж болох тухай зүйл заалт орчихсон тууж яваа нь хэрэгжих хүрээ, ач холбогдлоороо Үндсэн хуулийн дараа ордог Эрүүгийн хуулийг жинхэнэ холион бантан хутгалдуулсан үйл ажиллагаа болох нь хэнд ч ойлгомжтой юм.

Хамгийн гол нь ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-д ганцхан жил ч суугаагүй нялх гишүүн Х.Нямбаатар ажиллаж өглөө нь оруулж ирээд өдөр нь батлуулчихсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн зүйл заалт, шинж чанар нь ард иргэдээ ялгаварлан гадуурхсан, хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн толгойг илж, амьдралын боломж муутай, ядуу дорой иргэдийнхээ эрх чөлөөг илтэд боомилсон Х.Нямбаатарын өөрийнх нь хэлснээр “Төрийн хууль хатуу чанга байх ёстой” гэсэн зарчимтай болсон нь л хамгийн их түгшүүр төрүүлж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад болсон болоогүй, гуравхан сарын настайтайгаа нийлээд 240 гаруй хууль хэрэгжин Монголын ард түмний амьдралыг алдаж онон зохицуулж байгаа. Гэтэл бас дахин нэг гурван сарын настай Эрүүгийн болон Зөрчлийн хууль хэрэгжиж эхлэх гэж байгаа юм биш байгаа. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх хуульчид нь бэлэн үү, Монголын ард түмэн зах зухаас нь ойлгож мэдэрсэн болов уу, хамгийн гол нь эдгээр хууль хэрэгжсэнээр өнөөдөр хорих ангиудад ял эдлэж байгаа 9 мянга орчим хоригдлын хэд нь эрх чөлөөтэй болж, шинээр хэдэн мянган хүн хорих анги руу ачигдах бол. Аль эсвэл эцсийн эцэст “Шоронжсон Монгол” болох замаа засчихав уу…    

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.