В.Путин шиг Ерөнхийлөгч Монголд хэзээ ч төрөхгүйн учир…

2017 оны 05-р сар 14-нд 15:44 цагт
Мэдээний зураг,

Төв Азийн буурай хөгжилтэйн дээр эдийн засгийн гүнзгий хямралд автаж, ард иргэд нь маргаашдаа итгэх ямар ч итгэлгүй болчихсон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод яг одоо цаг агаар хуурай, бүгчим халуун байгаа шигээ улстөрийн амьдрал нь ч хэвшиж жаншсанаараа тун ч бохир, ямар ч ирээдүйгүй бужигналдсаар л. Яг одоо л гэхэд 1990 оноос улстөрийн чиг баримжаагаа 360 градус эргүүлж социализмаас капитализмд шилжсэний дараа гурав дахь Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллаад албан тушаал, авилгын гэмт хэрэгт сэжиглэгдэн 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны өглөө гэрээсээ баривчлагдаж байсан Н.Энхбаярын тэргүүлдэг МАХН-ынхан Сонгуулийн Ерөнхий хорооны үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийж байна.

Өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж найман жил төрийн тэргүүнээр ажиллаад хуулийн хугацаа нь дуусч байгаа тул хүссэн хүсээгүй Монголчууд хэн нэгэн “Тэргүүн худалч”-ыг тав дахь Ерөнхийлөгч хэмээн толгой дээрээ залах өдөр нь 2017 оны зургаадугаар сарын 26-нд тохионо. Одоогоор тав дахь Ерөнхийлөгчийн төлөөх өөрсдөд нь бол аминаас нь дутахгүй үнэтэй ч Монголын ард түмний тухайд ямар ч ялгаагүй, маргаашийнх нь итгэл найдварыг бас дахин дэвсчих энэхүү “Цусгүй дайн”-д МАН болон УИХ-ын дарга М.Энхболд, АН-ын МоАХ фракцийн тэргүүн “Женко” Х.Баттулга, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын нэрс тодроод байгаа. Одоогоор тодроод байгаа дээрх гурваас “Женко” Х.Баттулга, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын нэрсийг эцсийн мөчид СЕХ батламжлахгүй байх тун ч магадлалтай тул МАХН-ынхан ийнхүү пижигнэлдэж байна. Хэн нь хэнээсээ өчүүхэн ч ялгарахгүй, ялгарах ямар ч боломжгүй дээрх гурван товаришийн тухайд “Женко” Х.Баттулга нь “Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанид тендэргүй олгож “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх нэрийн дор албан тушаалаа ашиглан улсад учруулсан онц их хэмжээний хохиролынх нь төлөө 2016 оны долоодугаар сард ялагдагчаар татсан, МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байдал нь дуусаагүй үндэслэлээр СЕХ энэ сарын 17-нд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг зарлахдаа нэрсийг нь дугуйлчихаж тун болзошгүй.

Байдал тун ноцтой, хаашаа ч эргэж мэдэхээр байгаа тул өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэтэвч нэгтэй гэгддэг, үнэн хэрэгтээ Монгол төрийн бүх эрх мэдлийг хоёр гартаа базаж суугаа МАН болон УИХ-ын дарга М.Энхболд худлаа үнэн ч гэсэн өрсөлдөгчгүй, ганцаараа нэр дэвшиж болзошгүй байдал үүсчихээд байгааг Монголчууд аанай л анзаарахгүй, амьдралын түмэн асуудал, хүндрэл бэрхшээлдээ толгой гудайлган гэлдэрцгээж явна. Бүхнийг мөнгөөр худалдан авч, туйлын бохир, хорсолтой сонгууль хийгээд сурчихсан Монголын улстөрчдийн жишгээр авч үзвэл өнөөдөр Монгол Улсын сангийн авдар дээр сандайлж суугаа МАН-ын дарга М.Энхболд “Улаан гэрэл”-ээр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр тодрох нь тодорхой. Гэхдээ тэрээр ганцхан сар хагасын дараа тохиох тэрхүү хүч тэнцвэргүй ялалтандаа тэгтлээ баярлахгүй, малилзсан инээмсэглэлийнх нь цаана бяцхан гуниг тодорч эхлээд байгаа. Учир нь 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Монголчуудын толгойг эргүүттэл нь эргүүлж, самууруулан амлаж байснаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж “Сонгодог парламентын тогтолцоо”-той болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч жинхэнэ утгаараа “Бэлгэ тэмдэг”-ийн төдий эрх мэдэлтэй болж, Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлдэг, УИХ-аас ямар ч хамааралгүй, тэр байтугай дургүй нь хүрвэл парламентыг тараах хэмжээний эрх мэдэлтэй болохоор яригдаж, асуудал бараг л шийдэгдэх шатандаа яваа болохоор УИХ-ын дарга М.Энхболдын сэтгэлийн гунигийг ойлгож цөхөх юмгүй. М.Энхболдын тухайд 1999 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга байхад нь гараас нь суга татаж Улаанбаатар хотын Захирагч болгосон хүн нь өнөөдөр хувь заяаны даажигналаар бараг л эвлэршгүй дайсан нь болчихоод байгаа,  өнөөх Н.Энхбаяр нь билээ.

Жаахан түүх сөхвөл 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн Н.Энхбаяр ялалт байгуулан намаасаа түдгэлзэх шаардлагатай болсон тул  2005 оны зургаадугаар сард МАХН-ын 24-р их хурал хуралдаж намын шинэ даргыг сонгох болоход түүний нэрийг өнөөдрийн өрсөлдөгч, бас гол дайсан нь болчихоод байгаа Н.Энхбаяр ах нь санал болгон дэвшүүлснээр М.Энхболд нь С.Баяртай тун ширүүн өрсөлдөж 29-хөн хүний саналын илүүтэй тун жигтэй ялалт байгуулан тухайн үеийн МАХН-ын дарга болж байсан түүх бий.

Өнөөдөр бараг л хэмжээгүй эрх мэдлийг хоёр гартаа базаж суугаа нь 2013 онд МАН-ын дарга болж улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд байж болох бүх л арга саамыг хэрэглэсээр хэт үнэмлэхүй олонхи буюу 65 суудал авсантай нь холбоотой. Тэгээд ч эдийн засгийн гүнзгий хямрал, дааж давшгүй өр зээлд гинжлэгдэн өдрөөс өдөрт толгойгоо улам л бөхийлгөсөөр байгаа Монголын ард түмнийг ангайтал нь молигодож чадсан гавьяагаа үнэлүүлж, хуулийн дагуу Ерөнхий сайдын сэнтийд залрах байсан ч сүр хүчээрээ далайлган Ж.Эрдэнэбатыг хурууныхаа үзүүрийн Ерөнхий сайд болгож өөрөө УИХ-ын дарга болсон нь чухамдаа сар хагасын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан бэлтгэл байсныг Монголчууд тэр дор нь л ойлгоцоосон.

Өөрийнх нь тодорхойлсноор ямар ч бизнес эрхэлж байгаагүй энэ эрхэм ХОМ-д мэдүүлэхдээ  нэг тэрбум 100 саяын орон сууцанд амьдарч, хадгаламжиндаа 336 сая төгрөгтэйгөө зарласан байна лээ. Ганц өдөр бизнес хийх завгүй төрийн төлөө морь нохой мэт зүтгэдэг Монголын улстөрчид хэрхэн баяжиж болдог, зөвхөн эгц дээшээ авирсаар эцэстээ Монгол төрийн дээд өндөрлөгт гарч болдгийг М.Энхболд бугай батлан харуулахад ганц сар хагасын хугацаа үлдлээ.

2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2016 оноос УИХ-ын даргаар ажиллаж байгаа МАН-ын болон УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь их улстөрд суга татан оруулан ирж, ажил амьдралын алтанхан замаар алхуулсан ч өнөөдөр гол өрсөлдөгч, дайсан нь болчихоод байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг СЕХ-ноос албан ёсоор зарлуулахгүй байж өлхөн чадна. Өрсөлдөгч хоёроо хогийн сав руу базаж шидчихээд торойтол Ерөнхийлөгчөөр тодроод гараад ирвэл Монгол төрийн 3 өндөрлөгийн сэнтийд заларсан хоёр дахь товариш болох юм. Өмнө нь ийм аз завшааныг өнөөх Н.Энхбаяр нь л эдэлж байв даа. Энд нэг зүйл онцлоход бас л бүхнийг хүч түрж, мөнгөөр худалдан авч сурсан, “Женко” Х.Баттулгын хувьд эцсийн мөчид ямар арга, хүч хэрэглэн энэ сарын 17-нд өөрийнхөө нэрийг өндөг шиг цэвэрлэчихээд, СЕХ-нд “Татгалзах аргагүй санал” тавьсныхаа хүчинд Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшээд зогсож байхыг одоогоор тааварлах боломжгүй.

Монголчууд хэзээнээс “60 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг” гэж хэлцсээр ирсэн. Бас “Таарсан таар шуудай”-нууд гэх нь ч бий. Эдгээр хэлц үгс ямархуу онч мэргэн гэдгээ Монголчуудад дахин нотлон харуулах өдөр сар хагасын дараа тохионо. Нэгдүгээрт улстөрийн тогтолцоо нь 27 дахь жилдээ огт буруу тийш эргэсээр яваа, хоёрдугаарт Ерөнхийлөгчөөр хэн гэгч аз нь шовойсон товариш тодрон гарах нь дийлэнх Монголчуудын хувьд огтхон ч падлийгүй болчихсон өнөөдрийн тухайд ганц үнэн юм нь сүйрлийн ирмэг дээр ирчихээд байсан орныг хөл дээр нь баттай зогсоож, өдрөөс өдөрт хүчирхэгжүүлсээр байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шиг ганц удирдагч мөддөө заяахгүй, тийм ч боломжгүй, тэгээд ч В.Путин шиг улс эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг өөрийнхөө хар толгойноос хамаагүй дээгүүр тавьдаг эр зоригтой, шазруун эр Монголын улстөрд ойрын 20-30 жилд төрөхгүй нь гашуун үнэн юм. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульдаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган шиг хүч түрэн өөрчлөлт хийж хэнбугай ч ганхуулж эс чадах хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай болох нөхцөл боломж Монголд байхгүй. Хэзээ нэгэн цагт үлгэр амьдралд хэрэгжин Ерөнхийлөгчийн засаглалтай болчихдог юмаа ч гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар шиг онцгойрон тодорч, эх орон ард түмнийхээ төлөө чин зоригтой, эрс шулуун ажиллаж, тэмцэж чадах аавын хүү өнөөдрийн байтугай ойрын 30 жилийн Монголын улстөрчдийн дундаас тодрон гарахыг хүлээснээс "Нар баруунаас навтас нөмөрчихөөд" салгалан дээшлэхийг хүлээсэн нь дээр. Хамгийн гол нь 27 жилийн өмнө улстөр, эдийн засгийн шинэчлэл гэгчийг хийхдээ алсыг харсан бус, Америкийг хуулбарлан дуурайсан хуурамч ардчиллын замыг хөөрцөглөн сонгосон Монголын мунхаг, харанхуй улстөрчдийн балгийг гуравхан сая Монголчууд өнөөдөр арьс махаараа мэдрэн бэдэрч явнам. Түүнчлэн ганц өдөр ч бизнес эрхлээгүй мөртлөө тэрбум тэрбумын хаусанд тарвалзаж, ядуу буурай ард түмнийхээ итгэл сэтгэлийг худалдан байж гаднаас бадар барьсан мөнгийг ханаж цадахаа мэдэхгүй хулгайлан цуслагчид ээлж дараалан толгойгоо өндийлгөсөөр Монгол Улсыг сүйрлийн ирмэгт авч ирсэн нь гунигт үнэн.

В.Путин шиг Ерөнхийлөгч хэзээ ч төрөхгүй хөх Монголынхоо гунигт ирээдүй, үр хүүхдүүдийнхээ төлөө яасан их шанааширнам билээ…          

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.21.109.138) 2017-05-16 16:31
      • 0
      • 0

      Үнэн байдлыг бичижээ. Бид морь унасан толгойгүй хүмүүс болжээ.

      Хариулах

    • Болд

      (59.153.113.87) 2017-05-15 11:42
      • 0
      • 0

      Монголын сонгосон америк маягийн "ардчилалын" тогтолцоонд гол нууц нь байгаа юм аа. Хоёр хөршийн ерөнхийлөгч, тэргүүн нь анхлан энэ албан тушаалд очих доо мөнгөнөөс хараат бус байдлаар очиж чадсан тул гадаад, дотоодын мөнгө барьж байгаа этгээдээс хараат бус байдлаар эрх мэдэлд хүрсэнд төрийг, мөнгөтэй биш тусгаар улсын эрх ашигтай холбох хүч чадлын нэг нууц нь байгаа юм.

      Хариулах

    • солонго

      (122.201.22.53) 2017-05-15 02:02
      • 0
      • 0

      сайхан зөв бичиж, баярлалаа. Тийм ээ, манайд Путин шиг агуу удирдагч гарах нөхцөл алга, тийм хүн мөд гарч ирэхгүй, харамсалтай, яагаад гэхээр ард түмэн төлөвшөөгүй байна

      Хариулах

    • mnbv

      (62.47.25.151) 2017-05-14 23:25
      • 0
      • 1

      Putin chin novsh dee

      Хариулах

    • Irgen.

      (146.198.197.31) 2017-05-14 20:16
      • 0
      • 1

      Khogiin uls turchdiin shunalaas bolj ediin zasgiin kharaat baidald orloo.

      Хариулах