Түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж

Twitter Print
2018 оны 05-р сар 13-нд 21:07 цагт
Мэдээний зураг,

Түлэгдэлт

Хүмүүс эрт галавын үед түүдэг асаахаасаа эхлэн түлэгдэлт гээчийг мэдэх болсон. Орчин үед байгалийн хүчин зүйлийг өөрийн болгож галыг хэрэглэж хянадаг болсон ч галаас болж түлэгдэж, өвдсөөр л байна. Амрах, гэртээ, ажил дээрээ гээд аль ч үед санамсар болгоомжгүйгээс галын аюулд өртөх эрсдэл байсаар байдаг.

Гэхдээ энэ төрлийн гэмтлийг зөвхөн галаас бус буцламтай шингэн, халуун уур, цахилгаан гүйдэл гээд олон өөр зүйлээс авах аюултай.

Түлэгдэлтийн үед авах анхны арга хэмжээ

Юуны өмнө түлэгдэлт үүсгэж байгаа хүчин зүйлийг зайлуулах. Өөрөөр хэлбэл түлж байгаа зүйлээс холдох, холдуулах. Галыг унтраах, тогийг салгах, химийн бодисыг их хэмжээний усаар удаан хугацааны туршид угаах г.м. арга хэмжээг нэн даруй авна.

Түлэгдэлтийн зэргээс хамаараад авах арга хэмжээ өөр өөр байна. Эмч ирэх, эмчид үзүүлэхээс өмнө түлэгдэлтийн зэргийг тогтоохдоо:

Өвдөж арьс улайсан, арьс бага зэрэг “пэмбийсэн” бол 1-р зэргийн түлэгдэлт

Хүчтэй өвдөн цэврүү үсэрсэн бол -2-р зэргийн түлэгдэлт

Шарх үүсч, цэврүү өөрөө хагарсан, арьс хууларсан, энэ үед арьсны доор байгаа мэдрэлийн эсүүд гэмтдэг болохоор өвдөлт бараг мэдрэхгүй байж бас болно- 3-р зэргийн түлэгдэлт

Нүүрсжиж мэдрэмжгүй болсон бол -4-р зэргийн түлэгдэлт

Анхны тусламж

1 ба 2-р зэргийн түлэгдэлтийн үед түлэгдсэн газрыг 10-15 минут хүйтэн урсгал усанд хөргөх. Жишээлэхэд, крантаа нээгээд хүйтэн усанд гараа 10-15 минут байлгах, эсвэл мөс тавих, хувин шанагаар хүйтэн ус асгах. Ингэж удаан хөргөх зайлшгүй шаардлагатай. Хар үгээр тайлбарлавал арьсны наад өнгөн хэсэг нь хөрсөн ч дотор хэсгүүд нь өндөр температуртай түлсэн хэвээр байдаг. Тэгэхээр 10-15минут хүйтэн усаар норгож байж л арьсны гүнд байгаа хэсгүүд хөрнө.

Тиймээс түлэгдсэн даруйд элдэв тос түрхэх, савандах, элсэн чихэр асгах, өндөг түрхэх зэргээр тослог зүйл түрхэж болохгүй ингэвэл арьсны гүнд байгаа халуун хэсгүүд нь удаа хөрнө. Удаан хөрнө гэдэг илүү гүн гэмтэж, хүн илүү удаан шанална. Үүнээс гадна элдэв өндөг, элсэн г.м. зүйлс түрхэхэд шархад бохир орж цаашид үрэвсэх, идээлэх зэрэг хүндрэл үүсэх шалтгаан болж болзошгүй. Тэгэхээр цаг алдалгүй шууд хүйтэн усаар шүрших, шавших, норгох хэрэгтэйг ахин сануулъя.

1-р зэргийн түлэгдэлтийн үед буюу арьс улайхаас өөр гэмтэл гараагүй хүйтэн усанд 10-15 минут шүршиж, шавшиж, норгож, асгаж хөргөсний дараа өвчин намдаагч эм ууж болно. Харин дараа нь спирт агуулсан шингэнээр арчина. Цаашид энэ мэтээр өдөр хэдэн удаа тусгай цацлага, түрхлэг түрхээд байхад 3-4 хоногийн дотор эдгэрнэ.

2-р түлэгдэлтийн үед буюу цэврүү үсэрсэн үед түлэгдсэн хэсгийг спирт агуулсан уусмалаар арчиж болохгүй. Цэврүү нь шархуу бохир орохоос сэргийлж байдаг болохоор хэрхэвч хагалж болохгүй. Дээр өгүүлсэнчлэн хүйтэн усаар шавшиж хөргөсний дараа ариутгасан бинт, боолтоор дарж бооно. Тэгээд нэгэнт хөрсөн болохоор дараа нь “хоромхон” г.м. түрхлэгийг түрхэж болох юм. Түлэнхийн шарханд сайн гээд таарсан болгоноо түрхэх гэж яарах хэрэггүй, зааврыг нь уншихаа мартуузай. 2-р зэргийн түлэгдэлт идээлэхгүй бол дийлэнхдээ 10-14 хоногт бүрэн эдгэрдэг. Тэгэхээр байнга ариутгасан боолтоор боох, тийм боолт байхгүй бол халуун индүүгээр индүүдсэн боолтоор боох хэрэгтэй. ы

3 ба 4-р зэргийн түлэгдэлтийн үед цэвэрхэн чийгтэй алчуураар ороож хүйтэн усаар шавшиж, эсвэл хүйтэн устай ванн зэрэг саванд хийнэ. Шокийн эсрэг арга хэмжээ аваад эмчид яаралтай хандана. Өөрөөр хэлбэл түргэн дуудна. Энэ хоёр түлэгдэлтийн үед эмчийн тусламж заавал авах ёстой.

Бас нэг анхаарах ёстой зүйл бол түлэнхийн талбай нь 5 алга нийлүүлсэн хэмжээнээс их, бага насны хүүхэд, өндөр настан түлэгдсэн, цавь, хамар, ам, толгой, амьсгалын зам, хоёр гар,хоёр хөл түлэгдсэн үед түлэгдэлтийн зэргээс үл хамаараад эмчид заавал хандаж үзүүлж байгаарай.

Эмчилгээ

Галын эх үүсвэр температур янз янз байдаг болохоор түлэгдэлтийн гүн нь ч ялгаатай байна. Арьс ба эдийн гэмтэл бүх талбайд жигд ижил байж болно. Мөн гэмтсэн хэсэгт алаг цоог янз бүрийн гүнийг хамарч болдог. Гэмтлийн хүндийн зэрэг нь дөл ба уур хэр удаан үйлчилсэн хугацаанаас хамаарна. Мэргэжилтнүүд түлэнхийн хүндийг талбай ба гэмтсэн гүнээр нь дүгнэдэг. Эдгээр үзүүлэлт бага байх тусам түлэгдэлт хурдан эдгэнэ. Гэмтсэн хэсгийг хэмжихийн тулд дараах стандартыг хэрэглэдэг. Үүнд:

Хүний гарын алга биеийн 1 хувийг  эзэлдэг. Үүнээс үүдэн түлэгдсэн гадаргуйг хувиар тогтоохын тулд биеийн гадаргуйг тус бүр нь 9 хувьтай 11 хэсэг болгон хуваадаг. Үүнийг естийн дүрэм гэнэ. Ингэхэд гар 9%, 1 хөл 18%, хүзүү нүүр 9% гэх хувьтай болно.

Түлэгдэлтийг биенд хэр гүн нэвтэрснээр нь зэрэглэдэг. Ингэхэд арьсны гадна хэсэг эпидермис гэмтсэн бол нэгдүгээр зэргийнх. Наранд түлэгдсэн арьс нь ийм төрлийн түлэгдэлтийн жишээ. Эпидермисээс гадна арьсны хөхлөг эд гэмтсэн бол түлэгдэлтийн хоёрдугаар зэрэг болно. Ийм гэмтлийн үед эдийн шингэнээр дүүрсэн цэврүү үүсдэг. Түлэгдэлтийн нэг ба хоёрдугаар зэргийг өнгөц түлэгдэлт гэх ба тэд аяндаа эдгэрдэг.

Гүнзгий түлэгдвэл илүү хүнд л болно. Ийм түлэгдэлт авсан бол эпидермис хөхлөг давхраа гэмтэхээс гадна холбогч эдүүд, арьсны бүх давхарга гэмтэнэ. Энэ нь түлэгдэлтийн гуравдугаар зэрэг юм. Булчин, яс гэмтсэн үед түлэгдэлтийн дөрөвдүгээр зэрэг болно. Хүнд гүнзгий түлэгдэлтийн эмчилгээг зөвхөн эмнэлэгт л хийнэ.

Түлэгдэлтийн дагадаг хамгийн гол аюул нь халдвар юм. Иймээс эмчилгээ хийхдээ анхаарах ёстой нэг гол зүйл нь эдэд халдвар, нян орохоос сэргийлэх явдал юм.

Нүүр, гар, хүзүү, үений шархнууд эдгэхдээ удаан байдаг. Биеийн эдгээр хэсэг нь хөдөлгөөн ихтэй, арьс нь хуниас,  нугалаас ихтэй байдаг. Улмаар шархны сэргэсэн гадаргуу нь татагдаж сорвижихоос гадна хөдөлгөөн нь хязгаарлагдмал болдог. Жишээ нь: Хүзүүний сорвижилтийн үед толгойн хөдөлгөөн хязгаарлагддаг.

Гурав, дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтийн үед бие махбодод хариу үйлдэл өгснөөр түлэнхий өвчин үүснэ. Биеийн гадаргын 10-15% түлэгдсэн үед шок үүсдэг. Ингэхэд дотоод шүүрлийн систем хариу урвал өгснөөр судас агшиж хүчилтөрөгчийн дутагдал үүсдэг.

Гүнзгий түлэгдэлтийн үед зөвхөн мэс заслын аргаар арьсыг нөхөн сольж болно. Энэ нь тун хүнд чимхлүүр байдаг. Эхлээд нягт хөдөлгөөнгүй тав, үхжсэн эдийг авч шархыг цэвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд гэмтсэн эд, булчинг бүхлээр нь сольдог. Цаашдаа арьс нөхөх пластик хагалгааг хийдэг. Өвчтнөөс дерматом гэдэг тусгай багажаар арьсны эрүүл эдээс 0.2-0.3 мм зузаантай хэсэг авна. Их хэмжээний талбайн арьсыг нөхөхийн тулд хэд дахин том хэсэг авна. Ингэхийн тулд  өөр багажаар цоолж түүгээр 1 чиглэлд том биш зүслэг хэрчээс авахад тэр арьс нь 2-4 дахин сунадаг. Түлэгдсэн шархыг бүрэхийн тулд өвчтнөөс түүний арьсны 10-11% илүүгүйг авна. Хэрэв түлэгдэлтийн талбай том биш бол хагалгааг 7-10 хоногийн зайтай хийж шилжүүлсэн арьс сэргэхийг хүлээдэг.

Өөрөөс нь арьс авч нөхөх аргыг түлэнхийн талбай биеийн гадаргын 40% илүүгүй үед хэрэглэдэг. Бүр их хэмжээтэй түлэгдсэн үед нөхөх арьсаа хаанаас авах вэ гэвэл зохиомлоор ургуулдаг. Арьсны жижиг хэсгийг авч тусгай химийн орчинд ургуулдаг.

103.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.