БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэе-Ин "Хөх ордон"-оос татгалзав

2017 оны 05-р сар 13-нд 18:32 цагт
Мэдээний зураг,

Ажлаа аваад удаагүй байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэе-Ин Хөх ордноос татгалзлаа. Тэрбээр дэлхийн 2-р дайнаас хойш БНСУ-ын бүхий л ерөнхийлөгчид амьдарч, улсаа удирдаж байсан Хөх ордноос татгалзаж, Сөүл хотын Гуангхвамүн дүүргийн нэгэн оффисоос улсаа удирдана хэмээн албан ёсоор мэдэгдээд байна.

Энэхүү явдал нь БНСУ-ын өмнөх төрийн тэргүүн Пак Гын Хэтэй холбоотой хэмээн ажиглагчид үзэж буй юм байна. Учир нь энэ оны 3-р сард авилга авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, төрийн нууц задруулсан гэх хэргээр баривчлагдан хоригдсон Пак Гын Хэгийн амьдрал Хөх ордонтой салшгүй холбоотой байсан бөгөөд ард иргэд түүнийг “Хөх ордны охин” хэмээн нэрийддэг байсан юм. Пак Гын Хэ анх 1963 оноос БНСУ-ын удирдагч Пак Чонг Хигийн охиноор, эхийгээ нас барсны дараа тэргүүн хатагтайгаар, дараа нь 2012 онд БНСУ-ын ерөнхийлөгчөөр Хөх ордонд амьдарч байсан юм.

Пак Гын Хэг ард иргэд дарангуйллын чиг хандлагатай ерөнхийлөгч байсан хэмээн шүүмжилдэг байсан бөгөөд тэрбээр цөөхөн удаа оролцсон хэвлэлийн хурлын үеэр зарим асуултад хариулдаггүй байсан юм. Тиймээс шинэхэн ерөнхийлөгч бүх зүйлийг шинээр, өөр арга барилаар хийхээр шийдсэн эхний алхам нь энэ юм болов уу.

БНСУ-ын иргэд ч түүнийг маш энгийн, амьдралд илүү ойрхон ерөнхийлөгч хэмээн сайшаалтай хандаж байгаа юм.

“Бэлтгэл ажил бүгд хангагдаж дууссаны дараа би "Хөх ордон"-оос нүүж, "Гуангхвамүний ерөнхийлөгчийн эрин"-г эхлүүлнэ. Өдөр бүр гэрээсээ Гуангхвамүн рүү явж тэндээсээ улсаа удирдах болно. 

Хэвлэл мэдээллийнхэнд чухал улс оронд болж буй амин чухал сэдвүүдээр өөрийн биеэр, улс орны тэргүүний хувиар үнэн зөв, бодитой мэдээлэлл хийж байх болно. Мөн ажил тарсны дараа зах орж иргэдтэйгээ ярилцаж байх болно. Ингэснээр би ард түмэнтэйгээ илүү ойр байх болно” гэж Мун Жэе-Ин ажлаа хүлээн авахдаа хэлсэн юм. 

Түүний шинэ оффисийн дэргэдэх Гуангхвамүний талбай бол Пак Гын Хэг төрийн тэргүүнээс буулгахад хүргэсэн эсэргүүцлийн жагсаал болж байсан газар юм.

Мун Жэе-Ин "Хөх ордон"-ы газар доогуурх хурлын өрөөг төрийн нууцын зэрэглэлтэй асуудлыг хэлэлцэх уулзалт зохион байгуулахад ашиглах бөгөөд, Ёнгбинхван танхимыг гадаадын хүндэт зочдыг хүлээн авахад ашиглана гэв.

Харин "Хөх ордон"-ы бусад хэсгийг олон нийтэд нээлттэй музей болгож жуулчдыг татахад ашиглана хэмээн мэдэгдээд буй юм.

Ийнхүү шинэ Ерөнхийлөгч Мун Жэе-Ин Хөх ордонд суулгүй ард иргэдтэйгээ ойрхон энгийн нэгэн оффист ажлаа хийх болсон нь ард иргэдийн сайшаал магтаалын хүртэн БНСУ-ын түүхэн дахь хамгийн энгийн ерөнхийлөгч гэдгээ харуулаад байна. 

Харин түүний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг бүхий хамгаалалтын албаныхан нэлээн хүндхэн асуудалтай тулгарч байгаа бөгөөд энэ асуудлыг даруй зүй зохистой шийдвэрлэнэ гэжээ. 

Эх сурвалж: VOA News

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.