Хятад гадаадад зугтан гарсан авлигачдаа толгой дараалан агнана

2017 оны 05-р сар 28-нд 15:29 цагт
Мэдээний зураг,

Хятадууд түүхэндээ эрс шинэчлэлт хийх зорилт тавин ажиллаж буй. БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ зорилтыг хангахад Коммунист нам чухал үүрэгтэй гэж үзэж байгаагаар зогсохгүй энэ "шидэт зэвсэг"-ээр  "Аугаа их цус сэлбэлт" буюу намын кадруудыг шинэчлэн хүч сэлбэнэ гэж тэмдэглэсэн билээ.

Дэлхий дахины улс төрийн томоохон хүчний нэг Хятадын Коммунист намын тэргүүлэгчид өнгөрсөн оны сүүлчээр Бээжин хотод дөрөв хоног хуралдаж, Хятадад түүхэн шинэчлэлт хийх асуудлыг хэлэлцсэн.

БНХАУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин 2012 онд төрийн жолоо барих болсон цагаасаа намын бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, Мао Зэдуны хэмжээний өндөр эрх дарханд хүрэх бүх талын нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж олон улсын шинжээчид үздэг билээ.

Түүний авч хэрэгжүүлсэн авилгын эсрэг тэмцэл тулаан ч намын бүтэц зохион байгуулалтад өргөн хэмжээний цэвэрлэгээ явуулж, Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга асан Жоу Юнкан зэрэг найдваргүй этгээдүүдийг цэвэрлэж, улс орныг айдаст автуулсан гэж үздэг.  

Энэ тэмцэлдээ коммунист намыг "шидэт зэвсгээ" болгож авсан Си өөрийнх нь хэлдгээр «Хятад мөрөөдөл»-д хүргэх “цус сэлбэлтийн ажлаа” эрчимжүүлж байна.

Харин саяхны түүх сөхөхөд Си-ийн энэ тэмцэл дардан шулуун замаар явсангүй. Хятадын эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн стратегийн гол салбаруудыг атгаж байсан төрийн байгуулагуудад шургалсан авилгачид түүнд хамгийн хүнд бэрх саад тээг болж байлаа. Гэвч тэд хүчтэй эсэргүүцэл үзүүлээд ч нөхцөл байдлыг зах замбараагүй хэвээр авч үлдэж чадсангүй, Си-гийн төмөр нударгад няц даруулах болсноор одоо нэгэнт илүү хатуу дэглэмд орох болжээ.

"Энэ мэтийн шинэчлэл ойрын гурван жилд хаа ч үзэгдээгүй дэг журам" гэж Харвардын их сургуулийн Хятадын улс төр судлалын шинжээч Энтони Сайк (Saich) тэмдэглэсэн байна. Тэрээр "Хятадын коммунист намыг Си шинэчлэлт өөрчлөлтийг тээж явах хэрэгсэл гэж харж байгаа нь ойлгомжтой. Тэр өөрийнхөө зоргоор хөдлөхөд төр, нийгийн байгуулалтад алинд ч итгэхгүй байгаа учир ганц барьж авах зэвсэг нь нам" гэж үзэж байгаа аж.

Харин авилгын эсрэг тэмцэх кампанит ажлаа Си олон талын өнцгөөс харж байгаа бөгөөд юуны өмнө “дуулгаваргүй кадруудыг” цэвэрлэх жанжин шугам гэдэгт итгэлтэй байж толгой дараалан хариуцлага тооцсоор байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахууль аван гадаад улс орон руу зугтсан хүмүүсийг гадаад орноос баривчлан авчрах шийдвэрийг Хятадын эрх баригчид хоёр жилийн өмнө гаргасан. Энэ хэргийн явцын талаарх мэдээллийг анх удаа олон нийтэд зарласан байна.

Хятадын Авлигатай тэмцэх байгууллага энэ оны 4-р сарын 28-нд их хэмжээний авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдон гадаад орнуудад зугтан гарсан Хятадын төрд томоохон албан тушаал хашиж байсан 946 хүний нэрсийн жагсаалтыг гарган авлигатай хийж буй Хятадын төрийн бодлогыг дэмжин эдгээр хүмүүсийг эргүүлэн өгөх байх хэмээн найдаж буйгаа эдгээр орнуудын тэргүүн нарт хандан мэдэгджээ. 

4-р сарын 28-ны өдөр олон нийтэд ил болгосон энэ жагсаалтаар гадаадад оргон гарсан Хятадын авлигачдын нэр овог болон бусад мэдээллийг анх удаа зарлаж буй нь энэ юм. 

Нийт зарлагдаад буй 946 авлигач түшмэдийн 365-ийнх нь хаана оршин суугааг Хятадын хууль хүчний байгууллага яв таг мэдэж байгаа гэж мэдээлэлд дурджээ. Үлдсэн 581 хүний мэдээлэл тодорхойгүй байгаа гэж Хятадын Коммунист намын Сахилга, ёс журмын төв комиссын албан ёсны тайлан мэдээлэлд дурдагджээ. Доорхи зурагт оргон гарсан, буцаж ирсэн хүмүүс болон тэдний хөрөнгийн хэмжээг онуудаар графикт харуулжээ.

Anti-graft agency hunts 946 fugitives

"Эдгээр авлигач түшмэдүүд улсын төсөв, олон нийтийн сангаас их хэмжээний мөнгө хулгайлаад ял шийтгэлээс зугтаан гадаад орнуудад оргон зайлсан нь ард түмний төрд итгэх итгэлд асар их хор хөнөөл учруулж байна. Түүнчлэн хуулийн өмнө буруутай бол эрх тэгш байх зарчим алдагдаж байгааг чухалчлан авч үзэж, эдгээр хүмүүсийг барьж ирж хуулийн хариуцлага хүлээлгэх нь ёс зүйл нийцнэ" гэж Хятадын Коммунист намын Сахилга, журмын хорооны Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга Liu Jianchao хэлсэн үгэндээ онцлон тэмдэглээд "Бид энэ жагсаалтыг ил болгож байгаагаараа олон нийтэд хэн нь хэн бэ гэдгийг таниулах, авлига авч буй, авахаар завдаж буй, аваад зугтаах гэж төлөвлөж буй төрийн албан хаагчдад бид тэдэнтэй дэлхийн хаана ч байсан олж хариуцлага тооцож чадна гэдгийг мэдүүлж байна" гэлээ. 

Liu дарга түүнчлэн дэлхийн хамтын нийгэмлэгт хандан авлигатай тэмцэх олон улсын конвенцийн дагуу эдгээр авлигач түшмэдүүдийг барьж хариуцлага хүлээлгэхэд Хятадын хууль хүчнийхэнтэй хамтран ажиллахыг уриаллаа. 

Гадаад орнуудын хүний эрхийн хууль болон бусад зарчмын зөрүүтэй хууль тогтоомжуудыг Хятад улс хүндэтгэн үзэх ч ард түмэн, улсын өмчөөс их хэмжээгээр хулгайлсан Хятадын авлигачдыг хаацайлан орогнуулахгүй, тэрчлэн хууль бусаар олсон өмч хөрөнгийг шилжүүлэхгүй, бүртгэхгүй байх гэж найдаж итгэж байна гэлээ. 

Liu дарга "Бид жагсаалтад нэр дурдагдсан бүх хүмүүсийг толгой дараалан авчирч хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Ингэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллана. Иймд эдгээр авлигачид эх орондоо сайн дураараа ирж хэргээ хүлээх хэрэгтэй. Ингэвэл тэдний ял шийтгэл зохих журмаар оногдоно. Хэргээ хүлээхгүй удаан хугацаагаар зугтан баригдаж ирвэл оноогдох ялыг хүндрүүлэх нөхцөл болно гэдгийг эдгээр хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Учир нь бидний гараас нэг ч хүн зүгээр гарахгүй, бүгд гэм нүглээ үүрэх нь тодорхой" гэсэн байна. 

Сүүлийн жилүүдэд Хятадын дарга Си Зиньпиний авлигатай хийж буй тэмцлийн улмаас хэдэн арван жилээр төрийн албанд бугшаад байсан авлига, хээл хахуулийн хэрэг илэрч, авлигачид ихээр гадаад орнууд руу тэр дундаа АНУ, Канад руу оргон зайлсан юм.

"Тэд эргээр орны хүний сайн сайхны төлөө давуу талуудыг ашиглан оршин сууж тэрбайтугай зарим нь байнгын оршин суух эрх авсан байгаа. Гэсэн ч эргээр иргэд хууль бусаар олсон мөнгөөрөө оршин суух эрх авсан, эдгээр орны Цагаачлалын албуудад хуурамч мэдүүлэг өгсөн гэдгийг эргэн нягталж, шалгахыг хүсч байна" гэлээ. 

Хятад улс авлигатай хийх тэмцэлээ 2012 оны 11-р сараас эхлэн дотооддоо амжилттай цэвэрлэгээ хийж, 2014 оноос хойш гадаадад гарсан авлигачдаа ангуучилж байгаа билээ. 

2015 оны 4-р сард их хэмжээний авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдоод оргон зайлсан 100 хүнийг Олон улсын эрэн сурвалжлах Интерпол байгууллагаар "онц ноцтой хэрэгт эрэн сурвалжлагдаж буй" гэсэн улаан тэмдэглэгээтэйгээр зарлуулан хайсан. Тэднээс 16 оронд оршин сууж байсан 40 нь эх орондоо буцаагдан ирж, хуулийн хариуцлага хүлээсэн ч үлдсэн нь одоо хүртэл барууны орнуудад нуугдсан хэвээр байна гэж тайланд дурджээ. Баривчлагдсан 40 хүнээс 15-д нь ял оноож, хоёр сэжигтний гомдлыг хүчингүй болгож, нэг сэжигтний хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн хүмүүсийн хэргийг шалган байцааж байгаа ажээ.

Дөрөвдүгээр сарын 28-нд ил болгосон энэ жагсаалтаас төрд өндөр албан тушаал хашиж байсан 22 хүний мэдээллийг онцлон тараасан байна. Тэдний 15 нь АНУ болон Канадад оршин сууж байгаа нь тодорхой болсон. Тараагдсан мэдээлэлд бүтэн нэр овог, зураг, иргэний үнэмлэхний хуулбар, регисрийн дугаар, гадаад паспортын дугаар, хашиж байсан албан тушаал, хийсэн хэрэг, учруулсан хохирол, улсын хилээр гарсан он сар өдөр болон одоо оршин сууж байж болзошгүй орон, хот, хаяг зэргийг багтаажээ. Энэ тухай өдөр тутмын China Daily сонин болон Reuters агентлагууд мэдээлсэн байна.  

Anti-graft agency hunts 946 fugitives

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (78.209.187.2) 2017-06-06 07:13
      • 0
      • 0

      манайх авилгачдаа барьж авчираад дэмий... суллаад явуулчина. тэгсэнээс байгаа газар нь зүгээр нухчих хэрэгтэй. жишээ нь баярыг англид, баярцогтыг гэрт нь гэх мэт.

      Хариулах

    • Зочин

      (202.70.42.158) 2017-05-16 11:44
      • 0
      • 0

      Манайх хэзээ нэг авлигачдаа агнаж эхлэх юм бол доо. Тэдэнд төрийн төмөр нүүр харуулах л хэрэгтэй байх

      Хариулах