Гелэн будгаар хумсаа будаад ультра ягаан туяагаар хатаах нь аюултай гэнэ

2017 оны 05-р сар 17-нд 13:02 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед хумсны будалт, урлагийн ертөнцөд ихээхэн амжилт олж буй шеллак /Shellac/ буюу бидний нэрлэж заншсанаар гелэн будгаар хумсаа будахдаа болгоомжлох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөх болжээ. 

Нэг будчихаад гоё, сайхан хумстай доод тал нь 14 хоног түүнээс дээш хугацаагаар ховхордоггүй, гэрийн ямар ч ажил хийсэн бат бөх гээд давуу тал маш олон бий. Гэвч шеллак буюу гелэн будгаар будаад хатаахдаа хэрэглэдэг ультра ягаан туяа нь хүний биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, олон өвчний эх үүсвэр болдог гэж эрдэмтэд анхааруулж байна. Тэгвэл гарч болох эрүүл мэндийн эрсдэлгүйгээр дуртай гелэн будгаар хумсаа будуулаад явах бололцоо бий юу. 

Шеллак гэж юу вэ

Shellac буюу гелэн будаг нь удаан хугацаагаар хумсныхаа будгийг хэвээр хадгалах хүсэл эрмэлзэлтэй, гэрийн ажил хийдэг, орчин үеийн завгүй бүсгүйчүүдэд зориулагдсан. Ердийн будаг дээр хатуулаг бүхий гелэн бүрхүүл нэмсэн энэ хумсны лак өнгө, хэлбэрээ алдахгүйгээр 2-3 долоо хоног байх ч боломжтой. Будгаа солих цор ганц шалтгаан нь ургасан хумс болдог. 

Будалтын хувьд нэлээн хүнд техниктэй тул хумсны салонд будуулж, арилгуулна уу гэхээс гэрийн нөхцөлд төвөгтэй процедуртай. Гол нууц нь тэгш биш хэмтэй хумсны толиог дүүргэж, нэгэн жигд болгон, хиймэл хумс хийсэн мэт толигор, төгс хэлбэртэй болгодогт олон эмэгтэйчүүд татагддаг. 

Ердийн будагнаас ялгаатай нь гелэн лакиаар будахад түрхсэн давхрага болгоны дараа ультра ягаан туяаны аппаратаар шарж, гелийг хатууруулан хумсанд бэхэлж өгдөг. Энэ процедур ч тийм удаан биш. Ердөө л 15 минутын дотор гүйцэтгэж болно. 

Харин гелэн буюу тогтоц удаантай хумсны будгийг арилгахдаа хөвөнд хумсны будаг арилгагч буюу ацетон шингээгээд хумсандаа сайтар нааж, гадуур нь тугалган цаасаар орооно. Ингээд ойролцоогоор 10 минут болсны авахад гелэн будаг хууларсан байна. Үлдэгдлийн зориулалтын жижиг хэрэгслээр хусаж авахад болно. 

Шеллак яагаад аюултай вэ

Нэгдүгээрт хумс амьсгалах ёстой эрхтэн. Байнга битүү гелиэр будаастай байхад хумс нимгэрч, эмзэгшиж, хуурайшдаг. Хугарамтхай болдог. Хумсны толионд өөрчлөлт орж, өнгөө алдан бүрсийдэг. Иймд нэг удаагийн шеллакийн дараа 2 сар орчим завсарлаж амраавал хумс урдынхаа янзанд орж, эрүүлждэг. 

Хамгийн их шүүмжлэл, маргаан үүсгэж буй асуудал бол гелэн хумсыг хатааж, тогтоцтой болгон бэхжүүлэхийн тулд ультра ягаан туяагаар шарах процесс юм. Зарим эрдэмтэд үүнийг эрүүл мэндээ эрсдэлд оруулж буй үзэгдэл хэмээн эсэргүүцэж байгаа юм. 

Нэн ялангуяа Америкийн арьсны өмөн үү буюу хорт хавдартай тэмцэх байгууллагын эрдэмтэн, докторууд гелэн будгаар хумсаа будуулах нь арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй тул татгалзаж, эрүүл мэндээ хамгаалахыг бүсгүйчүүддээ уриалж байна. Тэдний хийсэн судалгааны үр дүнд хумсны захын ил, эмзэг нимгэн хэсгээр гэрлийн туяа нэвтэрч орсноор арсны хорт хавдрын эх үүсвэр болж, цааш гарын арьсанд үүсч даамжрах боломжтой гэж үзжээ.

Энэ үйлчилгээ нэвтрээд удаагүй тул яг одоогоор эрүүл мэндээрээ хохирсон, хорт хавдар туссан хүн байхгүй ч эрүүл мэндээ хамгаалж, урьдчилан сэргийлэх үүднээс ийм үйлчилгээнээс татгалзах нь зүйтэй гэсэн байна.  

Хэрхэн сэргийлэх вэ

Хумсыг байнга гелиэр будуулахаас татгалзаж амраах хэрэгтэй. Хэрэгтэй бол улиралд нэг л удаа гелэн будгаар хумсаа будуулж байх, дараа нь хангалттай хугацаагаар эмчилгээний бодис болон тэжээлийн тос түрхэн амраах хэрэгтэй гэнэ. Нимгэн болон салаалдаг, хугардаг, толь нь эрүүл бус гэмтсэн хумсанд аль болох гелэн будаг хэрэглэхгүй байхыг тэд зөвлөжээ. 

Энэ нь аль болох ультра ягаан туяаны гэрлээр хумсаа шарах хугацааг багасгах тусмаа эрүүл мэндэд учруулах хор бага байна. Харин энэхүү ултра ягаан туяаны гэрлээс бүрэн хамгаалья гэвэл гелэн будгаар будуулах болон гелэн хумс хийлгэхийнхээ өмнө SPF 15-аас дээш хамгаалалт бүхий нарны тосыг хумсныхаа эргэн тойрон дахь арьс болон гэрэлд орох хэсэгт түрхэх нь хамгаалалт болно гэж мэргэжилтэнгүүд зөвлөжээ. 

Өөр нэг арга бол сүүлийн үед хумсны мэргэжлийн салонууд хатаагч ультра ягаан туяаны гэрлээс татгалзаж, LED гэрлийг ашиглах болсон тул ийм үйлчилгээ бүхий хумсны салоныг сонгон үйлчлүүлээрэй хэмээн зөвлөж байна. 

Эх сурвалж:http://fithacker.ru/

Орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.