Холокост буюу фашистууд еврейчүүдийг хомроглон устгаж байсан үед 669 хүүхдийн амийг аварсан англи эр

Twitter Print
2017 оны 05-р сар 30-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Бидэнд амьдралд үлгэр жишээ болохуйц баатрууд, тэр дундаа хүнд хэцүү цагт итгэж найдаж болохуйц хүмүүс хичнээн их хэрэгтэй билээ дээ. Яг ийм хүмүүсийн нэг гэвэл британи үндэстэн ноён Николас Уинтон юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы фашистуудад эзлэгдсэн орнуудын 669 еврей хүүхдийн амийг аврах хэцүү хувь заяа түүнд оногдсон юм. Эх орондоо эргэж ирснийхээ дараа английн гэр бүлүүдийг эдгээр хүүхдүүдийг үрчлэн авч өсгөж хүмүүжүүлээч гэж уриалж явсан билээ. 

 

Тэрээр энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд маш нарийн зохион байгуулж, сайтар төлөвлөсөн бөгөөд эдгээр хүүхдүүдийг аварч, аюулгүй газар шилжүүлэхэд бүхэл бүтэн 8 вагон хэрэгтэй болсон гэдэг.

Маш нууц бөгөөд аюултай байдалд хийгдсэн энэ төлөвлөгөө, нууц ажиллагаагаа хэрхэн хэрэгжүүлсэн тухайгаа тэрээр хайртай эхнэртээ хүртэл хэлээгүй чандлан хадгалж ирсэн байдаг.  

Бүх хэрэг явдал алсран замхарч, аюул занал холдон одож, энх тайван цаг баттай ирсэн үед буюу 50 жилийн өмнө л тэрээр анх удаа энэ тухай ам алдсан байдаг. Тэгэхдээ асар чанд нууцлан хадгалсан эдгээр 669 хүүхдийнхээ нэр овгийг ил болгосон байж. 

Уинтон 106 насандаа 2015 онд нас барсан. Харин BBC агентлагийн 1988 онд хийсэн энэ бичлэг зөвхөн Их Британийн төдийгүй дайны хөлд нэрвэгдэж зовсон олон орны хүмүүс, үзэгчдийн сэтгэлд үүрд бахархалтайгаар хадгалагдан үлдсэн билээ. 

Зураг авч байхад тэрээр зааланд сууж байсан. Эргэн тойрон түүний аварсан хүүхдүүд хүрэлцэн ирж заал дүүрэн суусныг тэрээр мэдээгүй байв. Нэвтрүүлгийн хөтлөгч хажууд нь суугаа эмэгтэйг танилцуулж, дайны үед түүний амийг нь аварсан охин одоо хижээл насны эмэгтэй болоод сууж буйг хэлэхэд тэрээр сэтгэл нь ихэд хөдөлж, итгэж ядан нулимсаа арчиж байсан.

Дараа нь нэвтрүүлэгч ноён Уинтоны сайхан сэтгэл, амь дүйсэн чармайлтын үрээр амьд гарсан өөр хэн нэгэн энэ зааланд байна уу хэмээн асуухад заал дүүрэн суусан хүн бүгд бослоо... 

Энэхүү гайхамшигт явдал яаж болсон бэ? Хэн зохион байгуулав? Түүний эхнэр Грета ноён Уинтоны аварсан 669 хүүхдийн нэрсийн жагсаалтын дагуу лавлахаас хайж олоод 669 хүнд захидал илгээсэн аж.

Харин 200 гаруй хүн захидлыг хүлээн авснаа илэрхийлж, нууцаар хүрэлцэн ирж, нууц задрах хүртэл тэвчээртэйгээр зааланд чив чимээгүй суужээ. Грета гэх гайхамшигт энэ эмэгтэй нөхөр нь хэзээ нэгэн цагт ирэх аюул заналаас аварсан хүүхдүүдээ хамгаалан нууцыг чанад хатуу хадгалж байсны адил нэвтрүүлэгт бүгд хүрэлцэн ирж нууц задрах хүртэл нөхөртөө ямар ч "хар, сэр" авахуулалгүй, эгээ л "тагнуул" мэт ажиллаж, нууцалж чаджээ.

Түүний эргэн тойрон суусан энэ олон хүн түүний амь амьдралыг нь авран хамгаалсан тэдгээр өнчин еврей хүүхдүүд гэдгийг мэдээд өөртөө ирэх аюулыг үл хайхран зүтгэсэн хатан зоригт эр нулимс дуслууллаа. Гайхамшигтай түүх биш гэж үү...

Сэр Уинтоныг 2015 онд нас барахад Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон эмгэнэл илэрхийлж, "Дэлхий дахин нэгэн гайхамшигт хүнээ алдлаа. Сэр Николас Уинтоны өөрийн амийг алдахаас олон хүний амийг аврахыг илүүд үзсэн гайхамшигт түүхийг хэн ч хэзээ ч мартахгүй" гэсэн билээ. Их Британид суугаа Израйлийн Элчин сайд Даниэль Тауб "Тэр бол нацистуудын гараас 669 хүүхдийг аварч, амьдрал бэлэглэсэн манай үеийн баатар. Хав харанхуй хонгилийн үзүүрт тодоос тод гэрэл асааж, бидэнд итгэл найдвар бэлэглэсэн агуу сэтгэлтэн байлаа. Бид түүнийг үеийн үед дурсан санана" гэжээ. 

Хүнд хэцүү цагт харанхуйг гэрэлтүүлэх гайхамшигт сэтгэлтэн, агуу хүмүүс үргэлж бидний хажууд байдгийг санаж явах хэрэгтэй. Сэр Николас тийм л хүмүүсийн гайхамшигт нэгэн жишээ болсон юм. 

Ред: Фашистуудын хомроглон устгах харгис ажиллагаанд 6 сая еврей үндэстэн өртөж амиа алдсан гэсэн тоо байдаг. 20-р зууны эхэн хагаст буюу 1933-45 онд Европ дахиныг "чичрүүлж" байсан фашист үзэлтнүүд өөрийн нутаг болон холбоотнууд, эзлэн авсан орнуудын нутаг дэвсгэр дээрх еврейчүүдийг хорьж бөөнөөр устгах зорилгоор 7,000 гаруй хорих газар байгуулсны хамгийн том  нь Освенцим юм.  Освенцим бөөнөөр хорих лагерь нь Польшийн Краковын ойролцоох Освенцим хот (Польшоор Oświęcim, немцээр Auschwitz)-ын дэргэд байдаг. Ойролцоогоор 500 га газрыг эзлэн орших Освенцим хэмээх энэ хорих лагерьт гэхэд л хэдхэн жилийн дотор ЗХУ, Польш, Франц, Бельги, Унгар, Нидерланд, Румын, Чехословак, Югослав болон бусад улс орнуудын 4 сая гаруй хүн амиа алдсан байна.

Эх сурвалж: http://missmodern.ru/

Орос хэлнээс орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.