Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дэвшигч Мун Жэе Ин яллаа

2017 оны 05-р сар 10-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

Seoul (CNN) Өнөөдөр 06:00-20:00 цагийн хооронд БНСУ-ын 19 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Санал хураалт өнөөдөр орон нутгийн цагаар 20:00 цагт дуусчээ. Санал авах цаг дууссаны дараа саналын хуудсыг автомат машинаар тоолох ажиллагаа орон даяар эхэлж, нэр дэвшигчдийн авсан саналын тоог олон нийтэд телевиз, радио болон цахим хуудсаар шууд мэдээллээ.

БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Мун Жэе Ин ялалт байгуулсан дүн гарсан талаар exit-polls мэдээллээ. Ардчилсан намаас нэр дэвшигч Мун Жэе Ин 41.1 хувь, Консерватив намаас нэр дэвшигч Хон Чжун Пхё 23.3 хувь, Ардын намаас нэр дэвшигч Ан Чхоль Су 21.8 хувийн саналыг тус тус авчээ. 

Хэрэв тэрбээр ерөнхийлөгчөөр батлагдаж, тангаргаа өргөвөл Хойд Солонгосын талаар Сөүлийн баримталж буй бодлогыг зөөлрүүлж, улмаар хойдуудтай хийх яриа хэлэлцээрийг амжилттай болгох боломжтой гэсэн хүлээлт олон нийтийн дунд байгаа юм. 

Мун бодлогын хувьд хэд хэдэн шинэ зүйл гаргаж тавьж байгаагийн нэг нь Хойд Солонгосын талаар баримтлах бодлого юм. Тэрбээр Хойд, Өмнөдийн харилцааг шинээр “бүтээхийг” хүсч байгаагаа сонгуулийн кампанит ажлын үеэр хэлсэн. Хойдуудын талаар Өмнөдийнхний барьж ирсэн харилцааг эрс өөрчилж, Хойд Солонгосыг ганцаардуулахын эсрэг, мөн АНУ-ын зүгээс Пхеньянд үзүүлж байгаа дарамтын эсрэг байгаагаа илэрхийлсэн.

Муны өөр нэг анхаарал татаж байгаа байр суурь нь АНУ-тай харилцах харилцаа юм. Хоёр долоо хоногийн өмнөөс суурилуулж эхэлсэн пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD системийг БНСУ-ын нутаг дэвсгэрт байршуулах АНУ-ын шийдвэр зөв эсэхийг эргэн харах бодолтой байгаагаа илэрхийлсэн. 

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд 42 сая хүн санал өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийт 14 мянган санал хураах байр ажилласан байна. Гэсэн ч Сонгуулийн үндэсний комиссийн мэдээлснээр 33.8 сая хүн саналаа өгсөн нь сонгуулийн насны хүн амын 77.2 хувь буюу 1997 онд Либерал намаас нэр дэвшигч Ким Дэе Жун Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан сонгуулиас хойш хамгийн өндөр хувийн ирцтэй сонгууль болж буй юм. 

South Korean presidential candidate Moon Jae-in reacts Tuesday in Seoul after hearing exit poll results.

Ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан байдлаар ялсан Moon Jae-in ялалтаа тэмдэглэж байна

Экс ерөнхийлөгч Пак Гын Хэ авлигын хэрэгт холбогдон албан тушаалаасаа огцорсны улмаас уг сонгууль хугацаанаасаа нэг жилийн өмнө зохион байгуулагдаж байгаа юм байна.

Урьдчилсан байдлаар ялагч Мун Жэе Ин 2012 оны сонгуульд ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д маш бага зөрүүгээр ялагдсан бөгөөд түүний улс төрийн зам "цэвэр" байсан гэж ажиглагчид дүгнэдэг.

Мун Жэе Ин нь 2000-аад оны эхээр Ерөнхийлөгч Ким Дэ Жуны үед Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Ким Дэ Жун нь Хойд Солонгосын талаар “Нарны гэрэл” бодлогыг хэрэгжүүлсэн. Энэ үе нь Хойд, Өмнөдийн харилцаа дээд зэргийн найрсаг болсон бөгөөд хойдууд өмнөдийнхний тусламжийг талархан хүлээн авдаг үе байсан. Мөн энэ үеэр хоёр Солонгосын эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон Кэсоны аж үйлдвэрийн цогцолбор баригдан ашиглалтад орж байсан юм.

Түүнчлэн тэрбээр 2007-2008 оны хооронд Ерөнхийлөгч Но Му Хёны Тамгын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай улс төрч билээ. 

Эх сурвалж: CNN

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.