Хорвоод хосгүй урлагийн бүтээл - Ялалтын одон

Twitter Print
2019 оны 05-р сар 10-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

Командлах дээд бүрэлдэхүүнийг шагнаж байх одон бий болгох саналыг ЗХУ-ын удирдлагад 1943 онд тавьж, анхандаа “Эх орондоо үнэнч зүтгэсний төлөө” хэмээн нэрлэж байжээ. Одонгийн загварыг хийлгэхээр нэртэй зураачдыг дайчилж, шилдэг гарамгай цэргийн жанжнуудыг шагнаж байх зориулалт бүхий өвөрмөц, үнэт чулуу шигтгэн суулгасан одонгийн загварыг бүтээхийг даалгажээ.

Эх орны дайны одонгийн загварыг бүтээгч, зураач Кузнецов очир алмаас шигтгэсэн улаан таван хошуу, дэлгэмэл улаан туг, алх хадуур, Кремлийн Спасскийн цамхаг бүхий одонгийн хэдэн арван ноорог зургийг хийж байжээ. Улаан армийн ар талыг удирдах газрын дарга хурандаа генерал А.В.Хрулёв 1943 оны аравдугаар сард ноорог зургуудтай  танилцаж байхдаа одонгийн голд “Ялалтын одон” юмуу “Ялалт” гэсэн үг оруулах санал хэлжээ.

Одонгийн загварыг 1943 оны аравдугаар сарын 25-нд дээд ерөнхий командлагч И.В.Сталинд танилцуулахад одонгийн голд байрлуулсан В.И.Ленин, И.В.Сталин хоёрын хөрөг зургийн оронд ЗСБНХУ-ын сүлд, Кремлийн хэрмийн хэсэг бүхий Спасскийн цамхагийн дүрсний аль нэгийг оруулахыг даалгажээ. Түүний хэлсэн засварыг  хийж, одонгийн эцсийн хувилбарыг аравдугаар сарын 29-ний өдөр баталсан байна.

Гоёлын цагны үйлдвэрт цагаан алт, очир алмаас, бадмаараг зэрэг үнэт чулуугаар одонгийн анхны хувилбарыг хийж, түүнийг Сталин ихэд сайшааж, гурав хоногийн дараа одонг батлах тухай зарлиг гарчээ.

Зарлиг гаргасан өдөр нь 1943 оны арваэннэгдүгээр сарын 8-ны өдөр буюу Октябрийн хувьсгалын ойтой давхацжээ. Дайн үргэлжилж, дайсан хүчтэй хэвээр байсан ч Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэсээр.

Одонгоор шагнах тухай зарлигт “Цэргийн хамгийн дээд одон болох “Ялалт” одонгоор байлдааны ажиллагааг амжилттай явуулж, фронтын байдлыг Улаан армид ашигтайгаар эргүүлсэн Улаан Армийн удирдах дээд бүрэлдэхүүний генералуудыг шагнах” тухай онцлон заасан байна.

“Ялалт” одон нь гадна байдлаараа очир алмаас шигтгэн чимэглэсэн бадмаараг бүхий таван хошуу юм. Одонгийн үнэт чулууны нийт жин нь 16 карат ажээ. Москва хотын гоёл чимэглэлийн үйлдвэрт анхны 30 ширхэг “Ялалт” одон хийх захиалга ирэхэд, өндөр зэрэглэлийн мэргэжилтэн И.Ф.Казенов маш чухал үүрэг гүйцэтгэжээ. Одон хийхэд 180 очир алмаас, 50 бадмаараг, 300 гр цагаан алт хэрэгтэй болоход ЗСБНХУ-ын Ардын комиссар нарын зөвлөлийн шийдвэрээр 5400 очир алмаас, 155 бадмаарг, 9 кг шижир цагаан алт олгожээ.

Эсрэг байрлалтай туяаны хоёр үзүүрийн хоорондын зай 72 мм хийгээд туяануудыг цагаан алтаар урлажээ. Одонгийн гол хэсэгт царсан болон лаврын алтан навчаар Кремлийн хэрэм, цамхгуудыг хүрээлүүлж, доод талд нь В.И.Лениний Мавзолейн дүрсийг байрлуулжээ. Дугариг хэсгийн доод талд улаан паалан тууз дээр “Победа” гэсэн үг, доод талд нь “СССР” гэсэн үг байрлуулсан байна.

Сталин “Ялалт” одонг бүтээхэд зөвхөн эх оронд олборлосон үнэт чулуу ашиглахыг тушаасан гэдэг. Гэхдээ очир алмаасыг нь Оросын хаадын эрдэнэсийн сангаас авч байжээ. И.Ф.Казенов Москва хотод хадгалагдаж байгаа бүх бадмаарагийг цуглуулж үзсэн ч хоорондоо адилхан бадмаараг ер олдоогүй ажээ. Тэгээд адилхан өнгөтэй хиймэл бадмаараг урлажээ. Тэр энэ нууцаа насан туршдаа хадгалж, амьсгаа хураахынхаа өмнө гарын шавь Беляевт итгэн хэлсэн гэдэг.

“Ялалт” одонг бүтээснээс дөрвөн сарын дараа буюу 1944 оны гуравдугаар сард зөвлөлтийн цэргийн гарамгай жинжин, ЗХУ-ын маршал Г.К.Жуков, А.М.Василевский хоёрыг анх шагнажээ.

Маршал Г.К.Жуков 1944 оны эхээр Украиний нэгдүгээр фронтын командлагчаар томилогдсоны дараа фашистын армиудын өмнөд жигүүрийг шахаж, гуравдугаар сарын эхээр хийсэн давшилтын үр дүнд 350 км урагшилж, дайсны цэргийн томоохон бүлэглэлийг устгаж, зөвлөлтийн 57 хот, хэдэн зуун тосгон гацааг чөлөөлсөн байна.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа генерал Д.Эйзенхауэр улс төрч болж 1952 онд ерөнхийлөгчийн сонгуульд оролцох үедээ “Ерөнхийлөгчид нэр дэвшигч коммунист улсын шагналтай байх зохимжгүй” гэсэн шүүмжлэлд өртөж, “Ялалт” одонгоо Абилин дахь гэр музейдээ шилжүүлжээ.

Түүний нэгэн туслахын дурсамжид “Генерал “Ялалт” одонг 100 мянган ам.доллараар үнэлж даатгуулсан. Генерал одонгийн очир алмаасыг хэд дахин тоолж үзсэн. Харин бадмаарагийн хэмжээг тодорхойлж чадаагүй. Мэргэжилтнүүдэд хандахад тэд тийм том хэмжээний бадмаараг үзээгүй болохоор одонд шигтгэсэн бадмаараг нь жинхэнэ, хиймэл болохыг тогтоож чадаагүй гэсэн байна. Зөвлөлтийн уран гартнууд “Ялалт” одонг бүтээхдээ хорвоод хосгүй урлагийн бүтээл туурвисан байжээ.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.