Далай дээр барьсан нисэх буудал - Гайхамшигт инженерийн бүтээн байгуулалт

2017 оны 04-р сар 30-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

Хоёр мянганы тэртээ Хүн гүрний хаан Модунь Шаньюн “Газар бол улсын үндэс мөн” гэх үгээс л газар гэдэг улс үндэстний хамгийн том баялаг гэдгийг ойлгож болно. Бүхий л түүхийн турш эзэнт гүрнүүд нэгнийхээ газрын төлөө цусаа урсган дайтаж, аялагч эрдэмтэд амьдралаа шинэ газар хайхад зориулсаар ирсэн.

Эдүгээ ч одон орончид, сансар судлаачид амьдрах боломжит шинэ гараг эрхэсийг огторгуйгаас эрсээр л буй. Учир нь дэлхий дээрх газар зургаан тив, 778 томоохон арлуудаар хязгаарлагддаг ч нийт хүн ам 7,4 тэрбум цаашид ч эрчимтэй өссөөр байна.

Энэ удаагийн нийтлэлээрээ дэлхийд 4-рт жагсдаг хиймэл арал болох "Кансайгийн нисэх буудал"-ын талаар танилцуулъя. 

1 сая ажилчдын 10 сая ажлын цаг

1980 оны үед Японы худалдаа арилжааны төв болсон хоёр дахь том хот “Осака”-н нисэх буудал ачааллаа дийлэхгүй болж өргөтгөлийн төлөвлөгөө гаргасан ч хот орчимд сул газар байсангүй. Энэ цаг үед Токио хотын оршин суугчид ч Нарита нисэх буудлын чанга дуу чимээг эсэргүүцэж эсэргүүцэл хөдөлгөөн өрнүүлээд байсан нь инженерүүдийг оршин суугч багатай газар хайхад хүргэсэн. Гэвч тийм газар 2.7 сая хүн амтай Осака хотод байсангүй, харин оронд нь задгай далай дээр өөрсдөө газраа бүтээж түүндээрээ нисэх буудлаа барихаар шийдэж. Төлөвлөгөө ёсоор, 4км урт 2,5км өргөнтэй нийт 10км² талбай далайн түвшинээс 5метр өндөр ХИЙМЭЛ АРЛЫГ  15 тэрбум ам.долларын өртгөөр бүтээв.

Хиймэл арлын байгуулалт:

Нисэх буудлыг Осака эргээс 5км, хотын төвөөс 38км зайд, 80метр усны түвшинтэй хэсэгт барихаар шийдсэн. Товчилбол, усан дунд далайн гүнд эхлээд хана тойруулж барих бөгөөд дараа нь дундах эзэлхүүнийг эх газрын шороо чулуугаар дүүргэж далайн түвшин дээр газар үүсгэсэн юм.

Далайн гүнд бетон байгууламж байгуулахад хамгийн том тулгарсан асуудал нь гүний гадарга нь шаварлаг, нягт багатай байлаа. Шууд олон сая тонны масстай нисэх буудал дээр нь барьвал шаварлаг хөрс жигд бус суулт үзүүлж байгууламж нурах юм.

Геомэханик инженерүүд далайн шалны шаварлаг хөрсний шингэнийг соруулж авч нягтыг ихэсгэснээр дээр нь барилга барихаас өмнө хөрсний суултыг эрчимтэйгээр өрнүүлж барилгын суурийг аюулгүй болгосон.

 Өөрөөр хэлбэл, далайн гүн дэх шаварлаг хөрс нь шинж чанараараа аяга таваг угаадаг хөөсөнцрийг усанд дэвтээсэнтэй адил бөгөөд дээр нь хэдэн сая тонн байгууламж байрлахад яг л хөөсөнцрийг базаж байгаа мэт ус нь ялгарч шалчийж суулт үзүүлэх юм. Үүнээс урьдчилан доторх усыг тусгай хоолойгоор соруулж авснаар, хөрсний суултын 80-90%-ийг маш хурдан хугацаанд өрнүүлж дахиж эрчимтэй суулт өгөхөөргүй болсон үед дээр нь барилгын ажил явагдсан.

Суурийн асуудлаа шийдсэнээр эзэлхүүнийг шороо чулуугаар дүүргэх ажил эхэлсэн бөгөөд нэг бүр нь 30см орчимын хэмжээтэй уулын чулуулгыг буталж хэрэглэсэн. Нийт 200сая метр куб буюу 70 ширхэг Гинза Пирамид барих хэмжээний чулуулгыг ойр орчмын гурван уулыг нурааж тээвэрлэсэн.

Нисэх буудлын барилга:

Дээр дурдсанчлан арал хүнд байх тусам хөрсний суулт ихсэх учир, арал дээрх барилга маш хөнгөн гэхдээ мэдээж байгалийн гамшигт тэсвэртэй аюулгүй байх шаардлагатай байлаа. “Renzo Piano” архитектор хамгийн ашигтай өвөрмөц загварыг бүтээсэн бөгөөд 2км урт нисэх буудлын барилгыг хатуужуулсан ган болон шилээр барьсан.

 

 

 

Дэд бүтцийн асуудал:

Эргээс 5км зайд далайн дунд орших арлыг эх газартай хоёр давхар галт тэрэг болон автозамын “Тэнгэрийн үүд” гүүрээр холбосон. Гүүр нь тухайн цаг үедээ дэлхийн хамгийн урт “Трасс” төрлийн гүүр болон тэмдэглэгдэж байжээ. Энэ гүүр нь доогуур нь усан онгоц явж багтахаар дээгүүр нь онгоц газардаж болохуйц өндөртэйгээр нарийн тооцоологдон баригджээ. Дээд тавцан нь зургаан эгнээ хурдны автозам, доод тавцан нь хос төмөр зам ба цахилгаан, цэвэр бохир ус, интернэт холбоо болон байгалийн хийн хоолой бүхий хос тавцант трасс гүүр билээ.

Жилийн 365 хоног 24 цаг нэг ч хормын зогсолтгүй ажиллах 2 терминал бүхий аварга нисэх буудал, Ази Америк Европыг холбосон цэг, зочид буудал, галт тэрэг бүгдийг цахилгаан энергиэр тасралтгүй найдвартай хангахын тулд өөрсдийн 40 МегаВатт чадалтай цахилгаан станцийг байгуулсан. Мөн, онгоцны шатахуун агуулах, цэвэрлэх байгууламж, нэгдсэн хөргүүр халаагуурын станц, оффис, шуудан… гэх мэт шаардалагатай бүх дэд бүтэц нь биеэ даасан үйл ажиллагаа явуулах боломжийг ханган хамтран ажиллаж байна.

Эдийн засгийн нөлөө

1994 онд нээлтээ хийсэн эхний сард л өдөр бүр 10,000 хүн, хүний гараар бүтсэн хиймэл арал дээр хөлөө тавьж үзэх гэж зуулчилж байжээ. 81 онгоц зэрэг хүлээн авах чадалтай Кансай нисэх буудалд жилд дунджаар 129 мянган онгоц 16,8 сая зорчигч тээвэрлэдэг бөгөөд Японы хоёр дах худалдаа бизнессийн төв болон Киото Нара зэрэг дэлхийн зуулчдын хамгийн эрэлтэт цэгүүдтэй ойр учир Японы эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэж байна.

 Аюул:

Инженерүүдийн хуурайшуулсан шаварлагын доорхи гүний хөрс тооцоолсноор илүү суулт өгч байгаа нь 1999 онд буюу таван жилийн дараа тодорхой болсон бөгөөд аль хэдийн 8метр ээр арал живчихсэн байлаа.Төлөвлөгөө дагуу 40н жилийн дараа хүрэх ёстой байсан гүндээ 5н жилд хүрчихэв. Мөн, тооцоолсноос бага зэрэг зөрж тэгш бус хэмтэй суулт явагдаж байв.

Асуудлыг инженерүүд суурин дунд бидний машин өргөхдөө хэрэглэдэгтэй адил үйл ажиллагаатай шингэн даралтын өргүүрийг барилгын багана бүрд суулгаж, жигд бус суултыг онлайн удирдлага бүхий өргүүрүүдийн тусламжтайгаар тэнцвэржүүлж асуудлыг шийдэж чадсан.

 

Эх сурвалж: National Geography 

Мөнхдалай, Япон улс,

Зам гүүр, дэд бүтцийн инженерийн ангийн оюутан 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.