Эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан өмгөөлөгч Г.Батбаяр 29-р сургуулийн багш нарыг өмгөөлж буйг хуулийн байгууллага шалгах ёстой гэв

Twitter Print
2017 оны 04-р сар 27-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын эрхийг хамгаалах асуудлаар болон өмгөөлөгч Г.Батбаярын хууль бус үйлдлийн талаар "Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо" ТББ-ын тэргүүн Т.Цэдэнбал, Сонсголгүй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Н.Амаржаргал, Монголын үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл ТББ-ын тэргүүн М.Ганбаатар, Сонсголгүй иргэдийн мэдээллийн төвийн мэдээллийн ажилтан Б.Нэмэхбаяр, "Ноцтой мэдээ" сонины эрхлэгч Б.Галсансүх нар мэдээлэл хийж, сүүлийн үед 29-р сургууль дээр өрнөөд байгаа асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны гүйцэтгэх захирал н.Амаржаргал "Бидний өнөөдөр тавьж байгаа санал, уриалга бол 29-р сургуулийн хүүхдүүдийн болон эцэг эхийн эрхийг хамгаалахад бидэнтэй хамтран ажиллаач гэдэг зүйл юм. Сонсголгүй хүүхэд бол сэтгэцийн өвчтэй биш. Багш нар дохионы хэлээр ганцхан харилцах нь нийгэмшихэд нь муу нөлөөтэй гэдэг буруу зүйл юм. Хүүхдүүдэд дохионы хэлээс гадна харах чадвар дээр нь суурилж мэдлэг эзэмшүүлэх ёстой. Тэгвэл ЕБС-ийн хүүхдүүдтэй адил түвшинд сурах боломжтой.

Энэ ганц 29-р сургуулийн асуудал биш. Төр засаг өөрөө энэ талын бодлого байхгүй. Холбогдох яам тамгын газрууд сурч, хөгжих нөхцлийг бий болгож, төр өөрөө бодлого боловсруулж байж шийдэгдэх ажил. Тиймээс төр засгаас яаралтай арга хэмжээ аваач гэж хүсмээр байна. 29-р сургуулийн захирлыг томилохдоо сонсголгүй хүний эрхийг давуу байлгахыг хүсч байна" гэлээ.

"Монголын сонсголгүй иргэд" ТББ-ын тэргүүн Т.Цэдэнбал "Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль 2010 онд батлагдсан. Энэ хуульд сонсголгүй хүний эх хэл дохионы хэл мөн гэж хүлээн зөвшөөрсөн. Би 29-р сургуулийг төгссөн. Одоогийн нөхцөл байдал ч мөн тухайн үед байсан. Олон жил тэвчсэн. 50 жилийн түүхт сургуулийг хараад сэтгэл их урагдаж байна. Хүүхдүүд дохионы хэлээр хичээл заа гэж хэлснийх нь төлөө өмгөөлөгч хөлслөн авч, 60 гаруй багшийг хүүхдүүдийн эсрэг турхирч буй маш муухай үйл явдал болж байна. Батбаяр өмгөөлөгч өөрөө хууль бус үйл ажиллагаа явуулж байна.

Сонсголгүй хүмүүсийг мэдэхгүй байж, мөнгөний төлөө сонсголгүй хүүхдийн эрх ашгийг хөндөж байна. Хүүхдүүдтэй ярилцахгүйгээр яагаад багш нарын эрх ашгийг хамгаалж байгаа юм бэ? 29-р сургуулийн захирлыг халаад энэ асуудал шийдэгдчих юм биш. "Eagle" телевизийн сэтгүүлч энэ талаар үнэнийг олон нийтэд дэлгэсэнд баяртай байна. Энэ хүн үнэн зөв нэвтрүүлэг хийсэн байхад яагаад цагдаа шүүхээр шалгаад байгаа юм бэ? Энэ хүн үнэн юм хэлж байна. Нийт сонсголгүй иргэдийн төлөө их сайн нэвтрүүлэг хийсэн. Бид хараад маш их баярласан.

Ирээдүйд 29-р сургуулийн захирлыг томилохдоо сонсголгүй хүний эрхийг давуу байлгахыг хүсч байна. Сонсголгүй хүний дуу хоолойг сонсох хэрэгтэй. Бидний төлөө үнэн сэтгэлээсээ ажиллах хүн томилно гэж хүсэж байна. Цаашид бидний эрх ашгийг хязгаарлахаа больцгоо. Бид сонсохгүй нь хамаагүй, бид бүгдийг мэдэж, бүгдийг харж байдаг. Бид мал биш. Хэрэв Батбаяр бидний эсрэг үйл ажиллагаагаа зогсоохгүй бол тэмцлээ хурц хэлбэрт шилжүүлнэ. Бид босох цаг ирсэн гэж бодож байна. Хүмүүстэй харилцахад хүүхдүүд маань дохионы хэлээ мэдэхгүй байна" гэв.

Монгол үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөлийн тэргүүн М.Ганбаатар "30 хоногийн хугацаанд сонсголгүй хүн дохионы хэлээр асуудлаа илэрхийлсэн үйл явдлын гэрч боллоо. Бид энэ хугацаанд интернэтээс мэдээлэл аваад, маш их харамсаж байна. Боловсролын яамнаас сонсголгүй хүний хөгжих орчин сайжирч байна гэж худлаа судалгаагүй зүйл ярьж байна. Дохионы хэл бол миний хэл мөн. Би хүмүүстэй дохионы хэлээр харилцаж байна.

Хүмүүстэй харилцахад хүүхдүүд маань дохионы хэлээ мэдэхгүй байна. Зүрх сэтгэл минь өвдөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд сонсголгүй хүний хэл дохионы хэл мөн гэж заасан. УИХ-ын дарга дохионы хэлний хуулийг батлах хэрэгтэй" гэлээ. Хүүхдүүдийн хүслийг сонсооч, та нар. 55 жил 29-р сургууль аман болон бичгийн хэл чухал гэж яриад байгаа. Одоо болио, тэрийгээ зогсоо.

Надад бичгийн болон дохионы хэл хэрэгтэй байна. Хүүхдүүдтэй дохионы хэлээр харилцах гэхээр тэд дохионы хэлээ ч мэдэхгүй байна. Би хараад маш их харамсаж байна. Дохионы хэл бол миний хэл мөн. Бүх 13 мянган иргэн дохионы хэлээр ярьж чадна. Бид дуу хоолойгоо дохионы хэлээр илэрхийлмээр байна. Бид тэгш эрхтэй гэдгээ л хэлмээр байна" гэсэн юм.

Сонсголгүйн боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжав "Сонсголгүй хүүхдийн үзэл бодол, хүсэл эрмэлзлэлийг хэн зохицуулах ёстой юм бэ? Албан ёсоор хэлмээр байна. Хүүхдүүдийг хэн ч турхираагүй. Хүүхдүүд боловсролоо сайн авч чадахгүй байна. Бид тэдгээр хүүхдүүдийн саналыг дэмжсэн. Би өөрөө сонсголгүй хүн. Бид хүн. Түүнээс сэтгэцийн өвчтэй хүн лав биш. Хавар болохоор сэтгэцийн өөрчлөлтөд ордог хүмүүс бид биш. Дохионы хэл хангалттай баялаг хэл. Энэ сонсголгүй хүүхдүүд ямар ч чадваргүй гэж хэлэхээ больцгоо. Тэдгээр хүүхдүүд маш их сурах хүсэлтэй байна.

2014-2016 онд хос хэл соёлын арга зүйн хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Багш нарт хангалттай мэдээлэл өгсөн. Тэд хүлээж аваагүй. Боловсролын яамнаас багш нарыг шалгах биш хүүхдүүдийг шалгаач. Хүүхдүүдийн хүслийг сонсооч. Дохионы хэлний үйлчилгээ эрхлэх журмыг яаралтай гаргахыг шаардаж байна" гэсэн бол Ерөнхий сайдын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зөвлөх С.Сэлэнгэ "Бид Боловсролын яам, нийгэм хамгааллын яаманд дохионы хэлний үйлчилгээ эрхлэх журмыг яаралтай гаргахыг шаардаж байна. Хүүхдүүд шаардлага хүргэснээс хойш 30 хонож байна. Тэдний шаардлагыг хүлээж авах цаг нь болсон.

Боловсролын салбар бол онцгой салбар. Гэтэл аль нэгэн намын юм уу, төрийн бодлогоор гарч ирсэн хүн боловсролын салбарыг удирдаж байна. Энэ тусгай сургуулиудын хувьд мэргэжлийн өндөр чадвартай хүн удирдах ёстой. Сонсголгүй хүнийг ялгаварлан гадуурхаж байгаа нь гэмт хэрэг. 29-р сургуулийн багш нар мэргэшсэн байх учиртай. Хүн хөгжиж дэвжих ёстой биз дээ. Багш нар охидод бэлэг өгч, гар хөлийг нь барьдаг гэдгийг би мэдэхгүй. Энэ хүүхдүүд жагссан нь зөв. Босох цаг ирсэн. Энэ асуудал нууц хэвээрээ, өмнө нь ч байсан асуудал.

Сонсголгүй хүүхдийн тухай зүйд нийцэхгүй юм ярьж байгаад дургүй хүрч байна. Хүний чанар, ёс зүй хаана байна? Хэл ам гаргаад байгаа дохионы хэл сурдаггүй багш нарыг өөрчилье. Сурган хүмүүжүүлэгч суралцагчдаа сэтгэцийн өвчтэй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр боловсролын яаманд тусгай сургуулийг хариуцсан хэлтэс байгуулмаар байна.

Сүүлийн үед яригдаж байгаа энэ асуудал бол хүний эрхийг зөрчиж байгаа явдал. 29-р сургуульд сэтгэл засал, согог зүйч, нийгмийн ажилтан зэрэг тусгай мэргэжлийн хүмүүс хэрэгтэй. 29-р сургуулийн хүүхдийн эрхийг хамгаалах өмгөөлөгч, хуульчдыг хамтран ажиллахыг уриалж байна" гэлээ.

Энэ үеэр "Ноцтой мэдээ" сонины ерөнхий эрхлэгч Б.Галсансүх "Өмгөөлөгч Батбаяр хүний мөнгө залилсан гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан нөхөр. 29-р сургуулийн багш нарыг өмгөөлөөд хуульч хийгээд явж байгааг эсэргүүцэж байна. Мөн бусдын биед гэмтэл учруулсан гэсэн хэрэгт холбогдож байгаад Өршөөлийн хуульд хамрагдсан юм билээ. Ийм хүмүүс өмгөөлөгч хийж яваад хууль хяналтын байгууллагынхан анхаарах цаг нь болсон. 29-р сургуулийн хүүхдийн эрхийг хамгаалах өмгөөлөгч, хуульчдыг хамтран ажиллахыг энэхүү хэвлэлийн бага хурлаар уриалж байна" гэлээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.