Жолооч нарын амралтын байрыг сэргээж ашиглалтад оруулна

Twitter Print
2017 оны 04-р сар 19-нд 09:35 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  өнгөрсөн долоо хоногт нийтийг хамарсан томоохон арга хэмжээнд оролцож, иргэдийн өмнө тулгамдсан асуудалтай өөрийн биеэр очиж танилцсан юм.

Үүний нэг жишээ бол өнгөрсөн мягмар гаригт “Таван шар-Офицер” чиглэлийн автобусаар хотын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн зорчиж, “Ухаалаг систем”-ийн үйл ажиллагаатай танилцан, нийтийн тээврийн төсөв, санхүү, зарлага, өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, иргэд болон салбарынхны сэтгэгдлийг сонссон явдал байлаа.

Энэ сарын 1-нээс эхлэн нийтийн тээвэрт 100 хувь картын төлбөрийн системд шилжүүлсэн. Шинэчлэл хийгдсэний дараах 10 хоногийн байдлаар шугамын орлого 25 хүртэлх хувиар өссөнийг холбогдох албаныхан хэлж байв. Иргэдийн хувьд нийтийн тээврийг “ухаалаг системд” бүрэн шилжүүлснийг талархан хүлээн авсан ч үйлчилгээ тааруу байдгийг хэлж байсан юм.

Нийтийн тээврийн асуудал хотын бүх л иргэнд хамаатай чухал үйлчилгээ. Улаанбаатар хот өдөр ирэх тусам өргөжин тэлж байгаа. Үүнийгээ дагаад нийтийн тээврийн системийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа билээ. Одоогийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 23 компани байгаа аж.

Үр ашиггүй татаас авдаг хэт олон компани байгааг хотын дарга шүүмжилж, тодорхой стандартад оруулж цөөлөх арга хэмжээ авах хэрэгтэйг онцолж байв. Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг Улиастайн автобусны эцсийн буудалд очин жолооч нарын амралтын байрны нөхцөл байдалтай танилцсан юм.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд Шархад, Нарангийн гол, Баянхошуу, Улиастай зэрэг дөрвөн газарт жолооч нарын амрах байрын барилгыг бариулсан ч одоогийн байдлаар зориулалтаар нь ашиглахгүй байгаа аж. Хотын дарга С.Батболд “Автобусны эцсийн буудлууд дээрх нийтийн тээврийн жолооч нарын амралтын байрны өмчлөлийн асуудлыг яаралтай шийдэж, зориулалтын дагуу ажиллуулах хэрэгтэй. Эхний ээлжид одоо байгаа дөрвөн цэгийг сэргээж ашиглалтад оруул.

Шаардлагатай гэж үзвэл 2018 оны нийслэлийн төсөвт тусган амралтын байрыг нэмж барих хэрэгтэй” хэмээн нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт үүрэг өглөө.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.