Сонгуульд нэр дэвшихдээ оффшорт данстай бол урьдчилан АТГ-т мэдэгдэнэ

2017 оны 04-р сар 19-нд 08:34 цагт
Мэдээний зураг,

УИХ-аар төсвийн тодотголтой зэрэгцүүлэн төрийн өндөр албан тушаалтан оффшор данс эзэмшихийг хориглох утга агуулга бүхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан.

Хуулийн төслийн бүтэн нэршил нь, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”.

Уг хуулийг баталсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуульд мөн нэмэлт өөрчлөлт орсон билээ.

Намрын чуулганы үеэр Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын гишүүд Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг буруушаан , эхний өргөн баригдсан хувилбарыг байнгын хорооны хуралдаанаар хууль санаачлагчид буцаах шийдвэр гаргаж байсан удаатай.

Гэвч УИХ байнгын хорооны саналыг хүлээж аваагүй учраас хуулийн төсөл үргэлжлүүлэн хэлэлцэгдэх визээ даруулсан билээ.

Тухайн үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан уг хуулийн төслийг тууштай эсэргүүцэж, ерөнхий сайд асан С.Батболдын зөвлөхөөр ажиллаж байсан Хуульзүй, дотоод хэргийн дэд сайдыг ашиг сонирхлын зөрчилтэй хууль оруулж ирлээ гэж хурцаар шүүмжилсэн ч, хаврын чуулганаар тус хуулийг батлах үеэр “Сайн хууль гарлаа” гэсэн утга бүхий хэвлэлийн хурал хийсэн.

Ингэж эрх баригч намын гишүүдийг нэгэн үес хүчтэй талцуулахад хүргэсэн хуулийн төсөл эцэслэн батлагдаж, УИХ тамгын газарт ёсчлогдохоор хүлээгдэж, тус хуулийн төслийг ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлж, Ерөнхийлөгч ажлын тав хоногийн дотор хориг тавих бүрэн эрхтэй ба хориг тавигдахгүй бол хууль албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.

Албан тушаалтан зөвхөн албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа хуулийн үйлчлэлд хамаарах гэнэ. Сонгуульд нэр дэвшихдээ оффшорт данстай бол урьдчилан  мэдэгдэхэд л болно. Харин сонгогдсон хойноо оффшор дахь асуудлаа гурван сарын дотор цэгцлэх ёстой. Цэгцлэхдээ дансаа хаалгаж, хөрөнгөө татах замаар хувийн асудлаа зохицуулах нь ээ. Мөнхүү оффшор дахь хөрөнгө, хуулийн этгээдээ бусдад шилжүүлэх, худалдах, дуусгавар болох эрх нь хуулийн хүрээнд нээлттэй.

Гэхдээ албан тушаалтан суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хөдөлмөр эрхлэх явцдаа оффшор бүсэд данс нээлгэхэд хуулиар түүнийг хориглоогүй.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн оффшор бүсэд хамаардаг гадны оронд эмчилгээ хийлгэхээр очихдоо тэнд данс нээлгэх бүрэн эрхтэй ба үүнийгээ АТГ-д бичгээр мэдэгдэхэд л болно. Гол хуулийн цоорхой нь энэ юм. Хуулийн хүрээнд асуудлаа цэгцэлсэн л бол ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, үүсч болзошгүй гэх үндэслэл болохгүй юм байна.

Харин тухайлсан заалтуудыг зөрчсөн бол албан тушаалтныг эргүүлэн татах үндэслэл болгохоор зааж өгчээ. 

Түүнчлэн оффшор бүсэд ямар орнуудын тухайлсан хэсгүүдийг хамааруулах асуудлыг засгийн газраас тогтоохоор хуульчлагджээ.

Хуулиндаа тухайлсан орнуудын нэр заах боломжгүй, гадаад орон гэсэн ерөнхий том нэрээр явуулж болохгүй гэх хэлэлцүүлгийн явц дахь маргаан явсаар засгийн газарт эрх нь хамаарах тусгагдсан нь энэ юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.