Туркэд санал асуулгын дүнг эсэргүүцэгчдийг баривчилж, онц байдлыг сунгахаа зарлалаа

Twitter Print
2017 оны 04-р сар 18-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 16-нд болсон Туркийн үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөхийг дэмжигчид ялсан. Саналаа өгсөн иргэдийн саналын хуудсын 99.45 хувийг тооцсон бөгөөд 51.37 хувь буюу 24.3 сая хүн дэмжиж, 48.7 хувь буюу 23.2 сая хүн эсэргүүцсэн гэж Туркийн Сонгуулийн дээд хорооноос урьдчилсан байдлаар мэдээлсэн. 

Түүнчлэн гадаадад амьдарч буй Турк улсын иргэдийн тухайд нэг сая буюу 60 хувь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн байна. Туркийн Станбул, Анкара, Икмир зэрэг томоохон хотууд, мөн АНУ, ОХУ, Их Британид оршин суудаг туркчууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжээгүй бол Төв Европын орнуудад оршин суудаг туркчууд дэмжсэн санал өгсөн байна.

Уг урьдчилсан дүнг танилцуулах үед 600 мянга гаруй саналын хуудас тоологдоогүй байсан ч сонгуулийн дүнд нөлөөлөхгүй гэж үзэж байгаагаа Сонгуулийн дээд хорооны дарга Сади Гювен мэдэгджээ. Санал асуулгын эцсийн дүнг 11-12 өдрийн дараа зарлах юм.

Бүх нийтийн санал асуулга явуулахын өмнө парламентын түвшинд эсэргүүцэл гарсан. Туркийн Ардын бүгд найрамдах нам, курдуудийн Ард түмний ардчиллын нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцэж байсан юм. Харин Шударга ёс, хөгжлийн нам, Үндэсний хөдөлгөөний нам гэх үндсэрхэг үзэлтнүүд Турк улс Ерөнхийлөгчийн засаглалтай болсноор террорист халдлага, бусад гадны аюул, гамшигтай тэмцэх улс төрийн тогтвортой байдлыг хангаж үндэсний аюулгүй байдал дээрдэнэ гэж үзэж байгаа. 

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган санал асуулгын дараа Истанбул хотын Хубер ордонд үг хэлэхдээ “Сонгогчдын ихэнх нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэнээр засаглалын тогтолцоон дахь 200 жилийн зөрчилд цэг тавилаа. Энэхүү бүх нийтийн санал асуулга бол манай улс ирээдүйгээ хамгаалж байгаагийн томоохон илрэл” гэжээ.

Үндсэн хуульд оруулах гол нэмэлт, өөрчлөлтүүд

Үндсэн хуулийн гол өөрчлөлт нь парламентын эрх мэдлийг хумьж, Туркийн бүх эрх мэдэл Ерөнхийлөгчийн гарт шилжих юм. Засгийн газраа бүрдүүлэх, төсвөө батлах, шүүгчдийг томилох зэрэг эрх мэдлийг Ерөнхийлөгч өөр дээрээ авна. Түүнчлэн парламентын оролцоогүйгээр Дэд ерөнхийлөгчийг томилох, онцгой байдал зарлах зэрэг эрх мэдэл Ерөнхийлөгчийн гарт очиж Ерөнхий сайдын албан тушаал үгүй болно гэсэн үг. Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгч яам, тамгын газрыг цомхтгох, өргөжүүлэх, бүтцийг нь өөрчлөх эрхтэй болох аж. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтүүд орсноор Туркийн Ерөнхийлөгч бүрэн хүчин төгөлдөр хууль, захирамж гаргах эрхтэй болно. Харин парламент тэр хуульд өөрчлөлт оруулах эрхийг эзэмшинэ. 

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээс гадна парламентын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар шинэ Үндсэн хуульд тусгасан байна. Үүнд гишүүдийн тоог 550-иас 600 болж нэмэгдэх, төлөөлөгчдийн хамгийн залуу гишүүний босго 25-аас 18 болгож бууруулах, Ерөнхийлөгчийн томилсон төлөөлөгч намаасаа гарах эрхгүй байх зэрэг өөрчлөлтүүд тусгагдсан байна. 

Туркийн сонгуулийн системд мөн өөрчлөлт оруулж өмнө нь дөрвөн жилээр дуусгавар болдог байсан Ерөнхийлөгч болон парламентын эрхийн хугацааг таван жил болгон сунгав. Мөн Ерөнхийлөгч хоёр бүрэн эрхийн хугацаанд алба хаших эрхтэй болох юм. Туркт 2019 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох ба Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар өмнөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хамаарахгүй гэнэ. Ингэснээр Туркийн Ерөнхийлөгч Эрдоган 2029 он хүртэл албан тушаалдаа үлдэх боломжтой болж байна. 

Эрдоганы дэмжигчид Парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглал руу шилжсэнээр Турк улсыг бүхэлд нь шинэчлэх болно гэсэн үзэл бодолтой байгаа юм. Харин Туркийн хоёр гол сөрөг хүчин тус сонгуулийн дүнг эсэргүүцэж дахин тооллого хийлгэх хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байсан. 

Харин өнгөрөгч шөнө Туркэд энэхүү санал асуулгын дүнг эсэргүүцэж тус улсын иргэд жагсаал зохион байгуулжээ. Энэ талаар тус улсын мэдээллийн хэрэгслээр, Истанбул хотын Кадыкей дүүрэгт хоёр мянга орчим хүн жагсаалд нэгдсэн талаар мэдээлж байна. Мөн Бешикташ дүүрэгт мянга гаруй хүн жагсаалд оролцжээ. Тэд “Фашизмын эсрэг тэмцэнэ”, “Бидний зөв, бид ялах болно” гэсэн бичигтэй лоозонг гартаа барьсан байв. Дээрх жагсаалууд тайван болж өндөрлөсөн боловч Антальяд болсон жагсаалд 13 хүнийг саатуулсан хэмээн мэдээлжээ.

Түүнчлэн уг жагсаалын дараа, Турк улс онц байдлын хугацааг дахин гурван сараар сунгах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Энэ тухай Шадар сайд Нуман Куртулмус 4-р сарын 19-нд дуусгавар болж байгаа 3 сарын онц байдлыг дахин 3 сараар сунгах болсноо Үндэсний аюулгүйн зөвлөл дээр мэдэгджээ. Өнөөдөр Туркийн парламент энэ асуудлыг авч хэлэлцээд батлавал ёсоор болох юм. 

Ингэснээр 2016 оны 7-р сард болсон төрийн эргэлтээс хойш орон даяар зарлаад байгаа онц байдлыг гуравдах удаагаа сунгаж буй явдал болох юм. 

Төрийн эргэлт хийх оролдлого гарснаас хойш 9 сарын хугацаанд 47,155 хүн баривчлагдан хоригдож буйн дотор уг үйл явдалд оролцсон нь нотлогдоогүй олон мянган хүн байгаа аж. 

Туркийн Дотоод яамны албан мэдээгээр нийт 110,000 хүн уг хэрэг явдалд холбогдон саатуулагдсанаас 50,000 орчим хүн ямар нэгэн шалтгаанаар ял сонссон байна. Энэ тухай Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Кавусоглу CNN агентлагт өгсөн ярилцлагадаа ийм арга хэмжээ авснаар төрийн эсрэг дахин эргэлт хийхээс сэргийлж, ард олноо халдлагаас хамгаалж буй явдал хэмээн зөвтгөсөн билээ. 

Харин энэхүү олноор баривчлан хорих үйл явцыг олон улсын нийгэмлэг Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоганы төрийн эргэлт хийх оролдлого хийсэн гэсэн халхавч нэрийн дор сөрөг хүчнийхнийг хомроглон баривчилж, өөрийн хэмжээлшгүй эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн "чөтгөрийн заль" хэмээн нэрлэж буй юм.  
Эх сурвалж: BBC, CNN

Мөнхтөрийн Билгүүн, mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.