Александр Тенчой: Таганка, Чертаново, Киширская... гэхчлэн Москвагийн Монгол-Татаар олон нэрийн тухай...

2017 оны 04-р сар 23-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

Оросын Төрийн Думын депутат Михаил Слипенчук Монголд аялсныхаа дараа сүлжээнд орос олон үгийн гарвалын (этимологи) тухай сонирхолтой сэдэв хөнджээ. Үүнийг нь Оросын зохиолч Александр Тенчой өлгөн авч 2 өгүүлэл бичсэний эхнийхийг хүргэж байна. Монголчуудад нэн сонирхолтой нь эргэлзээгүй. Одоо удаах нэн сонирхолтой өгүүллийг орчуулан хүргэж байна. Харин мэдэмхийрээд, цэцэрхээд, загнаад, балайраад байвал больж л орхино шүү…

Төр засгийн байгууллагуудын төлөөлөгчид орос болон монголын ард түмний түүх хийгээд харилцан хамаарлыг судлаж сонирхох нь өнөө үед нэн чухал юм. Энэ нь Орос оронд ихээхэн өвөрмөц уламжлалтай буриад зон олон зуунаар амьдарч, жишээлбэл одоо болтол манай эх орны нийслэлийн нэр, түүний зарим гудамжны нэрийг бүрдүүлсэн тэр л үгээр одоо болтол ярьж байгаа учраас бүр ч их ач холбогдолтой.

Монголын Мушгиа (муруй, сүлжилдсэн) хэмээх үг үнэхээр Москва хотын нэрийн үндэс болсон юм. Мөн Хэрэм хэмээх монгол үг нь хана гэсэн утгатай ба орчин үеийн манай Кремлийн нэртэй ав адил. Монголын аравт буюу 10 гэсэн үг нь Кремлийн талаас арав дахь гудамжны Арбат гэсэн нэр болно.

Дээр дурдсан бүх үг иргэн Кузьма Минин, хан Д.М.Пожарскийн хөшөө сүндэрлэн буй Улаан Талбайтай ч холбоотой. Энэхүү Д.М.Пожарский хан 1629-1624 онуудад Ямскийн тушаалыг хөтөлж байжээ.

“Ямской” гэх үг нь Монголын “ям” гэх үгнээс гаралтай, энэхүү “ям” бол XIII-XIY зуунд Монголын эзэнт гүрний бүх нутаг дэвсгэрт ажиллаж байсан шуудан болон өртөөний систем юм. Ямын замуудаар 35-40 км бүрт нэг өртөө байдаг байв.

Ингээд Депутат М.Ю.Слипенчукын эхэлсэн сэдвийг үргэлжлүүлье.

Манай Нийслэлд монгол-татаар үгээр нэрлэгдсэн маш олон том жижиг гудамж, тэр байтугай дүүргүүд буй. Жишээ нь: Таганка, Чертаново, Измайлово, Каширскийн их зам (шоссе), Нахимовский проспект (өргөн чөлөө), Басманная слобода, Ямское поле (талбай) г.м.

Одоо метроны станцуудаас нэрлэе: Черкизовская, Тимирязевская, Кутузовская, Измайловская, Арбатская, Таганская, Лермонтовский проезд, Чертановская, Кантемировская, Тургеневская, Каширская, Нахимовский проспект, Бульвар Адмирала Ушакова, Бунинская Аллея зэрэг нь бүгдээрээ монгол үгнээс гаралтай. Манай метронд түүхэн нэртэй, зарим нь Оросын яруу алдарт хөвгүүд, Эх орныхоо төлөө амиа өргөсөн баатруудаар нэрлэсэн олон станц буй. Мөн алдар нэр нь түгсэн эрдэмтэн, зохиолчийн нэртэй ч бий. Гэхдээ дурдсан хүмүүс бүгдээрээ монгол-татаарын удам хойч бөгөөд нэр усаа хадгалж иржээ. Жишээлбэл:

И.С.Тургенев.

Мурза Лев Тургенев бол Алтан Ордын дээд язгууртны төлөөлөгч Тургенев овгийг үндэслэгч болно. Тургенев гэсэн нэр нь буриад-монголын “түргэн, шаламгай” гэсэн үг юм.

М. И. Кутузов.

Кутузовын овог бол “галзуу, цочмог” гэсэн түрэг үгнээс үүссэн Кутуз нэрээс гаралтай.

К.А. Тимирязев.

Тимирязев-ынхан гэдэг овог бол 1408 онд их ван Василий Дмитрович руу Алтан Ордоос очсон Ибрагим Тимирязев-аас эхэлсэн болно. Энэ нь монголын “төмөр яз” буюу “төмөр цэрэг” гэсэн утга юм. Түүнчлэн Москвад монгол-татаарын нэрд гарсан удам хойчист зориулсан олон гудамж буй. Жишээлбэл:

А. П. Ермолов

Кавказын дайны баатрын өвөг дээдэс Арслан-Мурза-Ермола 1506 онд гэгээн Ионноос адис авч Москвад их ван Василий Ивановичид Алтан Ордоос анх иржээ. Одоо Москвад генерал Ермоловын нэртэй гудамж буй.

Н. М.Карамзин.

Карамзин овог бол крым-татаарын “kara mirza” гэсэн түрэг үгнээс үүдэлтэй. Монголоор бол “хар”, “мирза” нь сурвалжит гаралтай хүний цол болно. Карамзины овгийнхны сүлд тэднийг Ази гаралтайг нотолдог. Москвад түүнд зориулсан “Проезд Карамзина” бий.

Москвагийн зүүн хэсгийн Вешнякийн дүүрэгт ЗХУ-ын баатар Алия Нурмухамбетовна Молдагулова-гийн дурсгалд зориулсан “Молдагуловагийн гудамж” 1970 онд бий болсон. Али Нурмухабетовнагийн сурч байсан мэргэн буучийн сургууль энэ гудамжаас холгүй байдаг.

“Старая Басманная” болон “Новая Басманная” гудамжнууд XYII зууны үед Москвад үүссэн Басманы гацаа (словода) нэрнээс үүсэлтэй. Тэнд басма бэлтгэдэг цалин мөнгөний дархчууд суудаг байжээ. Басма гэдэг нь басманы цалин мөнгө, хааяа алт, зэс, төмрөөр хийсэн иконы жаазны хээт чимэглэл юм. Өөр нэг таамаглалаар энэ гацаанд оршин суух басма нарыг (басманники) татаараар “басман” гэдэг (дээд талд нь янз бүрийн дүрсийг “басмалж” болгон хийж, өөрөөр хэлбэл тэмдэг дардаг) байжээ. Басман жигнэдэг талхчныг нэрлэдэг “басманник” гэсэн үг XYII зуунаас үүсчээ. Басманный гэх тэмдэг нэр басман, басманная палата буюу “пекарня”-аас үүссэн гэх таамаглал хамгийн магадтай юм. Мөн 1 болон 2 дугаар Ямскийн гудамж, 1, 3, 5 дугаар “Ямское поле” гудамжууд бүгдээрээ хуучны “Переяславская ямская слобода” гудамжийг дахин нэрлэх явцад XIX зуунд үүсчээ. Эдгээр нь бүгдээрээ монголын “ям” гэсэн үгнээс гаралтай.

Кашира гэдэг нь монголын “кошар” буюу мал хаших гэсэн үг юм. (Каширын шоссе)

Черкизово гэдэг нь академикч С.Б.Веселовскийн (1876-1952) үзсэнээр Алтан Ордын хатан Сергиз-ийн нэрээс үүссэн бөгөөд загалмайн адис хүртсэний дараа Иван Серкиз-ийнхэн болсон. (https://ru.wikipedia.org/wiki)

Таганка гэдэг нь эрт дээр үед “таган” хийдэг урчуудын гацааг нэрлэж байжээ. Монголоор “таган” гэдэг нь тогооны дор тавьдаг гурван хөлт төмөр тавиурыг хэлдэг. (http://www.nouikip.ru/taganka.html)

Балчук гудамж нь монголын “балчиг” буюу шавар, намаг, нялцгай гэсэн утгатай нэрээс үүсэлтэй. (https://ru.wikipedia.org/wiki/)

Москвагийн Варшавын шоссе хийгээд өнөөгийн Сумскийн өргөн гарцны Чертаново тосгоны дунд орших Чертаново дүүрэг XYII зууны Чертаново тосгоноос үүдэлтэй юм. Энэ нь уг газрыг эзэмшигч Чета гэгчийн нэрээр нэрлэгджээ. Энэ бол москвачуудтай сайн харилцахыг дэмжиж, үүнийхээ төлөө Иван Калита-гаас харъяа нутгаар шагнуулсан монгол татаарын мурза (татаарын язгууртны цол) Чета юм. Энэ газрыг “Четановскийн” хэмээн нэрлэж, тэнд урсах голыг Четановка гэж нэрлэжээ. Мурза Чет нь оросын алдарт овог Годуновы-хон, Юсупов-ынхон, Сабуров-ынхан овгийг үндэслэгч болно. (https://ru.wikipedia.org/wiki/)

Түүнчлэн Моксвагийн түүх буриад үндэстэн, нэрт инженер-зохион бүтээгч Бароно Имегенов (Эмгэн гэсэн үг байх- Х.Д.Г.)-ын нэртэй салшгүй холбоотой. XYIII зууны эхээр I Петрийн зарлигаар Москва, Санкт-Петербург хоёрыг холбосон усан замын байгуулалт эхэлжээ. Энэ нь тухайн үеийн зорчигч болон ачаа тээврийн нэлээд хэсгийг үүрдэг байлаа. Харин 1709 оны зун сувгийг буруу байгуулсан тодорхой болж, усан онгоц чөлөөтэй хөвөх ус хүрэлцэхгүй болжээ. Төслийн дутууг М.И.Сердюков хэрэгжүүлжээ.

М.И.Сердюков буюу буриад нэр нь Бароно Имегенов (1678-1754) бол Оросын худалдаачин, усны техник, усан онгоц бүтээгч бөгөөд тэр Буриадын Хиагт хотоос гаралтай байлаа. Тэрээр Вышневолоцкийн усан систем байгуулснаараа алдаршжээ. 1719 оны 06 дугаар сарын 29-нд хааны зарлигаар Михаил Сердюковт Вышневолоцкийн суваг болон хаалтыг удирдах эрх олгожээ. 1742 оны 11 дүгээр сарын 15-нд хатан хаан Елизавета Петровна-гийн зарлигаар тайж хэргэм олгожээ.

Ингээд дүгнэж хэлэхэд энэхүү өгүүллийг бүх талын түүхэн болон хэл зүйн судалгаа болгох гэж хийгээгүй гэдгийг онцлон тэмдэглэж байна. Энэхүү өгүүллийг бичих болсон шалтгаан нь би өөрөө Москвад амьдардаг буриад хүн, тэгээд монгол-татаар гаралтай үгнээс үүссэн манай нийслэлийн гудамжны нэрсийг өдөр болгон сонсож байгаад оршино.

Би түүхийн болон хэл зүйн өөр онолууд байгааг мэддэг ба тэдгээрийн зохиогчдыг хүндэтгэж байна. Тухайн тохиолдолд миний судалгааны зорилго бол өргөн олон уншигчдыг оросын түүх, соёлд сонирхолтой болгох, ялангуяа монгол хэлний бүлгийн буриад хэлэнд анхаарал хандуулах, Монгол, Оросын агуу их ард түмний харилцаанд шударга ёсыг сэргээн тогтоох агуулгатай болой.

МОСКВА ХОТЫН ТҮҮХ, СОЁЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ НЭРЛЭСЭН МОНГОЛ-ТАТААРЫН НЭРД ГАРСАН ОВГУУДЫН ЖАГСААЛТ. 

(Орчуулагчийн тайлбар: Орос хүний нэр дээр “Ы” дагавар залгавал “энэний”, “тэрний” удам, бүл, угсаа гэж буудаг. Энэ нь манай “ынхан”, “ийнхан” гэсэн бөөгнөрүүлэн хамаатуулах дагавартай адил. Жи: “Булгаков” нэрийн ард манай “ынхан”, “ийнхан гэсэн дагавар нэмж орчуулав. Энэ нь хүний нэр, овгийн нэр холилдож будлихаас сэргийлэх гэсэн арга болно.)

БУЛГАКОВЫ: Энэ бол XIY зууны сүүлчээр Литвад ойн очсон хияд овогт Мамай-Мансурын хөвгүүдээс үүсэлтэй нэр. (В.,D.,1986, st. 22). 1408 онд тэдний зарим нь Свидригайл-ын албатаас (свите) Оросын албанд орж, Новгород, Москва орчимд газар хүлээн авчээ. (ОГДР, I, с. 2-3). XY зуунаас тэд тайж хэмээгдэн гарч ирсэн ба 1481 онд Новгородын захирагч гэж тэмдэглэгджээ. (Веселовский 1969, с. 30-34).

Анхны болон бусад Булгаков-ынхан бүгдээрээ түрэг-татаарын “Булгак” гэсэн үгнээс гаралтай ба энэ нь “бардам хүн” гэсэн утга болно. Мөн Москвад Булгаковын хөшөө музей бий.

БУНИНЫ: Алтан Ордоос рязаны вангууд руу ирж, Ряжский хошуунд газартай болсон Бунин Прокуда Михаилов-ийн (1595 онд нас барсан) нэрээс үүдэлтэй. (Веселовский 1974, с.260). Өөр нэг сурвалжаар 1445 онд Их ван Василий-д алба хааж байсан Бунко хэмээх рязан хүний нэр дурдагддаг. (Веселовский 1969, с.310). Бунин-ыхан дундаас нэртэй эрдэмтэн, төрийн зүтгэлтэн, зохиолчид, түүний дотор Нобелийн шагналт Иван Алексеевич Бунин төрөн гарчээ. Одоо Москвад түүний нэрээр нэрлэгдсэн “Бунинская аллея” гудамж буй.

ДАВЫДОВЫ: Алтан Ордоос Их ван Василий Дмитриевич рүү ирж, загалмайн сахиус авсны дараа Симеон нэртэй болсон (ОГДР,II, с.51; V, с.33; БК,.II, с.306, № 215) мурза (татаарын язгууртан) Минчан Касаевич-ийн хүү Давуд-ын (Давыд) удам 1500 оноос эзэмшил газартай, түүний дотор Нижегород, Симбирск мужид газар эзэмшжээ. Тэд Уваров-ынхан, Злобин-ыхан, Оринкин-ынхны овогтой садан төрөл. Давыд-Давуд-Дауд хэмээх овог еврейн Давид нэрийн түрэгжсэн хэлбэр бөгөөд “дурласан”, “дурладаг” гэсэн утгатай. (Гафуров 1987, с. 142; Баскаков 1979, с.97).

Эдний удмаас дайчид (Денис Давыдов), декабристууд, дипломатууд, академичид олноороо төрсөн. (РБС, VI, с. 10 — 15; ЭС, 1987, с. 355). Москвагийн баруунаа байх Дорогомилово дүүрэгт “Денис Давыдовын гудамж” бий.

ЕСЕНИНЫ: Исенев-ынхан (орчуулагч би бээр үүнийг “Эсэн” гэсэн монгол үг гэж бодож байна-Х.Д.Г.) бол албат татаарууд юм. Албат татаарын суурингийн дарга Исенев Байгильдей 1592 онд Азов дахь Оросын дипломат ажиллагаанд оролцож байсан. Эдгээр бүх овог, нэр нь бүгдээрээ монгол түрэг язгууртай. Зарим Исенев-чүүд волгийн булгаруудтай холбоотой байж болно.

Есен гэсэн түрэг нэртэй түүхэн бодит хүн Мещерт байсан эсэхийн эцсийн хариуг архивын баримтуудаас олж болно. III Иван, Ногайн хаан Шейдак нарын харилцсан захидалд Ногайн язгууртан Ураз-Бердей тухайн үед Мещер дэх Мунмыш ванд алба хааж байсан өөрийн хүү Есень-Берди-д (“Есөн-Бүрд” байж болох юм-Орч.Х.Д.Г.) явуулсан захидлын тухай бичсэн нь буй. Энэ захидал 1505 оноос хойш бичигдээгүй. Ийм маягаар Мещерт буюу Касимовын болон Темниковын ханлигт алба хааж байсан ногайн татаарууд (энэ бол монголчууд юм-Орч-Х.Д.Г.) дунд Есень-Берди (Есөн-Бүрд) байжээ.

Анхны Есенин-ынхан тэрхүү татаар язгууртан Есень-ийн удам байсан уу, эсвэл “тэжээсний” учир түүнд үнэнч байсан есениний тариачид байсан уу гэдгийг одоо магадлахад хүнд. Овгийн үүслийг угсаатны хамааралтай хольж хутгаж болохгүй нь мэдээж. Нэрт яруу найрагч Сергей Есенин орос хүн байсан нь бас л мэдээж. Гэхдээ түүний овгийн түрэг гарлын таамаглалыг судлах л хэрэгтэй. Манай Москвад “Есениний бульвар” бий.

ИЗМАЙЛОВЫ: Аль XY-XYI зуунаас нэрд гарсан тайж, язгууртнууд. 1427-145 онуудад Их ван Ольга Игоревич Рязанскийд алба хаахаар ирсэн Солохмирскийн хан (Солых эмир) Шай шейхын ач Измаиль-аас (Исмагил) энэ овог үүссэн. (ОГДР, II, с.34) Рязаны вангийн өргөөнд Шабан Измаил нэртэй шонхорчин байжээ. (Зимин 1980, с.267). 1494 онд Инка хочтой Иван Иванович Измайлов рязаны вангуудын цэргийн ноён байв. Тэр үед түүний садан Кудаш, Харамза нарын нэр дурсагддаг. (Веселовский 1974, с. 127).

XYIII зууны дунд болон сүүлийн хагаст Измаилов-ынхан Москвагийн околич (боярин буюу тайжийн дараа орох ордны цол), цэргийн дарга нар болжээ. Тэдэнд Москвагийн ойролцоох Измаилово тосгон харъяалагдаж байсан ба (РБС, VIII, с.65-66) түүнийг нь Хааны гэр бүл худалдан авч Хааны хотын гаднах Ордон болгожээ. Эртний Измаилов-ынхантой холбоотой Измаил, Солых эмир, Шабан, Кудаш, Харамза нэрүүд бүгдээрээ түрэг гаралтай. (Баскаков 1979, с.93; Гафуров 1987, с. 87,153). Хожмын Измаилов-ынхан дундаас төрийн зүтгэлтэн, эрдэмтэд, зохиолчид, цэргийнхэн олноороо төрсөн. (РБС, VIII, с. 65 — 68; ЭС, 1987, с.479).

МИНИНЫ: “Мин” бол кипчак-ордын тэргүүлэх овгийн нэг бөгөөд тэдний дундаас Алтан Ордын олон язгууртан төрсөн. Жишээлбэл: Ордынскийн ван Москвагийн “даруга” (“дарга” байх-Орч.Х.Д.Г) Мин Булат болно. (ПСРЛ, 25, с.249). Энэ овгоос гаралтнууд Минин-ийнхэн, Минчак-ынхан гэж нэрлэгддэг.

МИЧУРИНЫ: Баскаковын үзэж байгаагаар (1979,с.229) 1685 онд тайж хэргэм хүртсэн Байчурин-ынхан – Бачурин-ынхан хожим Тамбов мужид Бичурин-ынхан – Мичурин-ынхан нэрээр хувирч гарч ирсэн. Булгар-татаарын Бай чура гэдэг нь “баян баатар” гэсэн утгатай. (Баскаков 1979, с.229). Москвад зөвлөлтийн ургамал судлаач, селекционер Иван Владимирович Мичуринд зориулж 1956 онд хөшөө босгосон.

ПОЖАРСКИЙ: Дмитрий Михайлович Пожарский (1548-1642) ван бол хагас түрэг цустай Бекемишева-гийн хүү болно. (РБС, XVII, с. 220-221).

РАХМАНИНОВЫ: Рахман бол Алтан Ордоос гаралтай араб-мусульман овог. Рахман “энэрэнгүй” гэдэг. (Гафуров 1987,с.87,181). Казаны ханлигийн орчноос түрэг хэлтнүүд ялгаран гарсныг хожмын үеүдэд түрэг нэр бүхий Рахманинов-ынхан цөөнгүй тохиолддогоор нотолж болно. Жишээлбэл: Казаньд гажиж, маш их дэлгэрсэн Нур Али нэрнээс үүссэн Муралей Рахманинов бол 1597 оны Рязаны помещик юм. (Веселовский 1974, с. 208). Энэ овгоос Оросын алдарт хөгжмийн зохиолч С.В.Рахманинов төржээ. Одоо Москвад “Большой Ордынка” дахь хуучны харшийг засч байгаа бөгөөд удахгүй тэнд Сергей Васильевич Рахманиновын музейг нээх юм. Түүнчлэн Москвагийн зүүн тойрогт С.В.Рахманиновын нэрэмжит хүүхдийн хөгжмийн 27 дугаар сургууль бий.

РОМАНОВЫ: Энэ овог Шереметь хочит Андрей Кобыло-гоос салбарлан үүссэн Шереметев-ынхан, Колычев-ынхан овгуудтай их холбоотой. (Баскаков 1979, с.82). Андрей Кобыло-гоос салбарлан үүссэн Шереметь Романов-ынхан Москвад баруун талд нь байшин нь байсан тайж И.В.Романовын нэрээр гудамжаа гэрлэжээ. Иван Никитович Романов бол Оросын хамба лам (патриарх) Филерат-ын ах, мөн тайж Романовын удмын анхны хаан Михаил Федорович-ийн өвөө болно.

САБУРОВЫ: 1330 онд Алтан Ордны нэгэн ноён Чет-ээс Их ван Ионн Данилович руу ирж, загалмай авсныхаа дараа Захарии нэртэй болсон Сабур-аас гаралтай. Түүний ач нь Фёдор Иванов Сабуров ба тэднийхэн Оросын хаанд үйлчлэх болжээ. Сабур нь “тэвчээртэй” гэсэн түрэг үгнээс гаралтай. (Баскаков 1979, с.57)

Тэдний Алтан Ордоос гаралтайг БК (II, с.373), А.А.Зимин (1980, с.273) нар баталдаг. Энэ үзэлтэй С.Б.Веселовский (Сурвалж:1969, с.166-194) маргаж, энэ бол XY зууны эхний хагаст амьдарч байсан Фёдор Иванович Сабур-аас гаралтай, гэвч тэр өөр бүтээлдээ Сабров овгийг үнсдэслэгч Фёдор Иванович Сабур бол XIY зууны сүүлийн хагаст хамаарах ба түүний удам нь 1304 онд алагдсан костромын тайж Александр Захарьевич Зерно-г гэж үзсэн. Эндээс Захария-Чета Алтан Ордоос бүр эрт гарсан байж магадгүй юм. Сабуров-ынхан Вельяминов-ынхан, Годунов-ынхан, Пильемов-ынхны овгуудтай холбоотой. Хожим нь Сабуров-ынхан IY Иван хааны ноёд, цэргийн дарга нар, сенаторууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд болсон. Москвагийн өмнөд хэсэгт Сабуровын дүүрэг байдаг.

СТРОГАНОВЫ: Дмитрий Иванович Донской-н үед татаараас ойн гарч, христианы Спиридон нэр авсан татаар овог (ОГРД,I, с.33). 1568 онд Казаньд Оникий Строганов овог тэмдэглэгдсэн. Энэ овгоос хожим аж үйлдвэрийнхэн, дипломатууд, төрийн зүтгэлтнүүд төрөн гарсан. Александр Григорьевич Строганов-т (1795-1891) зориулсан “бефстроганов” гэсэн хоол байдаг. Москвагийн Мясницкая 43 гудамжинд Строгановское гэсэн сургууль байдаг.

СУВОРОВЫ: Суворовын овгийнхныг алдаршуулах гэж Оросоос 1622 онд гарч явсан швед угсаат Сувор-той холбож “дээд” гаралтны домог зохиосон. (ОГДР, II, с.14). Үнэн хэрэг дээрээ Суворов-ынхан бол бүр XY зууны үед тэмдэглэгдсэн албат хүмүүс бөгөөд 1482 онд Горяин Суворов хэмээх албат хүн байсан, XYI-XYII зуунд ийм нэртэй тайж нар Бежецк болон Кашин-д олон байсан. (Веселовский 1974, с. 303-304).

Сурвалж ИРРД (I, с247)-д Суворов-ынхныг Ишук Бухарин-ынхан, Кобяков-ынхан, А.А.Зимин нартай төрөл садан гэж үздэг. Мөн Суворов-ынхан Рязаны тайж угсаатнууд Измайлов-ынхан, Сунбулов-ынхан, Коробьин-ынхан нартай холбоотой гэж үздэг. Дээр дурдсан бүх нэр түрэг гаралтай. Суворов нэрийн гарал нь түргийн “Сувор” буюу “морьтон” гэдэг үндэстэй байгаагаар батлагдаж байна гэж үзэж болно. (Баскаков 1979, с. 84-85). Одоо Москвад Суворовын нэгдүгээр бага гудамж, А.В.Суворовын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байдаг. Мөн Суворовын талбайд уран барилгач Комовын бүтээсэн Их жанжин Александр Васильевич Суворовт зориулсан хөшөө сүндэрлэдэг.

СЫТИНЫ: Орос руу ойн ирсэн монгол-татаар Сыт-аас гарсан. (БК, II, с.383). 1489 онд Ростовын эзэмшлийн эрхэлсэн түшмэл (дьяк) Фёодор Сыта-ийн нэр гардаг, 1510 онд Юрий Иванович вангийн Демтрово дахь газрын эрхэлсэн түшмэл түшмэл Фёдор Евстафьевич Сытин гэж байсан. (Веселовский, 1974, с. 310). Москвагийн төвд Пресненскийн болон Тверскойн дүүргийн дунд “Сытинский переулок” гудамж бий.

ТИМИРЯЗЕВЫ: 1408 онд Их ван Василий Дмитриевич-д алба хаахаар Алтан Ордоос ирсэн Ибрагим Тимиряз ноёноос гаралтай. (ОГДР, VIII, с. 16). Энэ ноён эхэндээ 1408 онд Москва руу довтолсон Эдигейн цэрэгт байсан. Энэ овгийн үндсийг монголын “төмөр яз” буюу “төмөр дайчин” гэх үг бүрдүүлдэг. (Баскаков 1979, с.215). Энэ овгоос нэрт эрдэмтэд, цэргийнхэн төрөн гарсан.

ТУРГЕНЕВЫ: 1440 оны орчим Их ван Василий Иванович-д алба хаахаар ирсэн Алтан Ордын язгууртан Турген Льва (Арслан)-аас салбарлан үүссэн. XYI зууны сүүлээр тайж хэмээн тодорхойлогдож байв. (ОГДР, IV, с.53; БК, II, с.389). XYI зууны дунд болон сүүлийн хагаст Оросоос Ногай, Астрахань дахь элчин оросын албат Пётр Тургенев гэж нэр гардаг, мөн 1566-1568 онуудад Казанийн хот (Кремль) дэх тайжийн хүү гэж гарах болсон. (ПКК, с.10). Энэ овгийн нэр монголын “түргэн, шаламгай” үгнээс гаралтай. (Баскаков 1979, с.156). Оросын их зохиолч И.С.Тургенев энэ овгийн хүн.

ТУХАЧЕВСКИЕ: Баскаковын үзэж байгаагаар (1979, с.201-203) энэ овог монголын “тугчин” гэсэн үгээс гаралтай. Энэ овгоос зөвлөлтийн жанжин, маршал Тухачевский тодрон гарсан. Маршал Тухачевскийн гудамж Москвагийн баруун байгаа Хорошёво-Мнёвник дүүрэгт буй.

УЛАНОВЫ: Түрэгийн Улан буюу “залуу, идэр хүү, морьтон” гэх үгээс үүссэн маш их тархсан овог. (Веселовский 1974, с.331) (Харин би “улаан” гэсэн монгол үг гэж бодож байна.Х.Д.Г.) Уланов-ынхан дунд белоруссын Полосье-д газар авсан польш-литовын татаарууд бий. 1791-1792 онуудад Оросын төрийн албанд хурандаа Александр Уланов шилжин ирсэн. 1737 онд эрхэлсэн түшмэл Иван Иванович Уланов-ын амьдарч байсан байшин буй гудамжийг түүний нэрээр нэрлэсэн. Энэ гудамж Москвагийн төвд “Спасской Садовой”-ийн үргэлжлэлд “Уланский” болон “Уланов переулок” гэж байгаа.

УШАКОВЫ: Энэ овог Касуйн Ордын түрэг хэлт ноён Редег-ээс үүссэн. Түүний хоёр хүү Юрий, Роман хэмээх нэр хүртэж, киев-славяны албанд шилжин ирсэн. Тэдний ач Роман Редегич Григорий Слепой Ушак нэрт хүүтэй байснаас Ушаков-ынхан гарчээ. (ОГДР, VIII, с.9). Ушаков овог түрэгийн “Ушак” буюу “намхан, тагжгар” гэсэн утгатай. (Баскаков 1979, с.71).

Ушаковский 1-й, Ушаковский 2-й и Ушаковский 3-й переулки гэсэн гудамжууд Москва голын эрэг дагуу үргэлжилдэг. Москва голын Пречистенской хэсэгт байх байшинг Хааны Ордны зөвлөх Аполлон Степанович Ушаков эзэмшиж байжээ. Эдүгээ энэ хавийн дэвсгэр газарт Адмирал Ушаков-ын өргөн чөлөө бий.

ШЕРЕМЕТЕВЫ: Оросын ноёд, язгууртны дунд ихэд тархсан овог. Шереметьево овгийн гарал, удмыг судалдаг А.А.Зимины үзэж байгаагаар (1980, с.180) XIII зууны үед Александр Невскийд алба хаахаар Алтан Ордоос томилогдон ирсэн Андрей Кобыло-оос гаралтай аж. Кобыло-гийн удмын 5 дугаар үеийн ач нь Андрей Шеремет, түүний дүү Семён Епанча нар бөгөөд тэд XYI зууны сүүл хэрд амьдарч байв. Энэхүү Андрей Шеремет-аас XYI зуунд Казанийг эзлэн авах болон Ливоны дайнд алдаршсан, XYII-XYIII зуунд I Петр хааны хамтран зүтгэгчид олон гавъяатан төрөн гарсан. (РБС, ХХIII, с.106-230). Энэ овог түрэг-булгаар (чуваш) хэлний Шеремет буюу “ядуу” үгнээс үүссэн. (Гафуров 1987, с.212). Одоо Москвад нэрд гарсан “Шереметьево” нисэх буудал бий.

ШИШКИНЫ: 1586 оноос үүссэн оросжсон тайж нарын овог. (ОГДР, III, с. 43). Гэхдээ XYI зуунд алдаршсан Шишкин-ынхан түрэгийн ертөнцтэй холбоотой, түрэг хэлийг бүгдээрээ маш сайн мэддэг байсан. Шишкин Иван Васильевич 1549-1550 онд Казаньд сууж, 1550 онд Москвад илгээгдэж байсан. (ПСРЛ, 29, с. 62). Шишкин Русин Никитич 1556 онд Ногайд, 1566 онд Урус мурза-д элчин хийж байлаа. Энэ овог түрэгийн Шишка буюу “хавагнасан” үгнээс гаралтай, дээр нь оросын “ин” дагавар нэмснээс үүссэн байна. (Н.А.Баскаков.1979, с. 123-124).

Москвагийн Умард тойргийн Сокол дүүрэгт Шишкиний гудамж бий. Түүнийг Оросын нэрт зураач Иван Иванович Шишкины дурсгалд зориулж 1928 онд босгосон аж.

ЮСУПОВЫ: Ногайн язгууртан Юсуф, түүний хүү Муса нараас үүссэн орос ноёдын овог. Ногайгаас XYI зууны 70-аад оноос хойшгүй Оросын албанд шилжин ирсэн Юсупов Иль-мурза ноён Борис Годунов хааны хамт Оросын цэргийн тэргүүн хороог удирдаж байв. (ПСРЛ, 34, с. 233).

Юсупын охин Юсуфа Казанийн хатан хаан царица Сююмбик гэж алдаршжээ. Москвад Большой Харитоньевский гудамжинд Юсуповский Ордон байдаг.

Үргэлжлэл бий…

Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог 

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • mnbv

      (212.197.173.23) 2017-04-19 01:58
      • 0
      • 0

      bolihol ugui ju chamaar tutahgui bije tooson amitan be

      Хариулах