Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан улс байх төсөл боловсруулжээ

Twitter Print
2017 оны 04-р сар 17-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлаад байгаа Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ, Засгийн газрын түвшинд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Зөвлөлдөх санал асуулга явуулах гэж байгаатай холбогдуулан өөрийн боловсруулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө танилцуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр УИХ, Засгийн газрын төвшинд боловруулж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эсэргүүцэж байгаа юм байна.

“Ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан улс байх тогтолцоог агуулсан төсөл боловсруулсан. Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдоод Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ томилдог. Засгийн газар нь аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нараа томилдог. Аймаг, дүүргийн Засаг дарга нар нь сум, хорооны Засаг даргаа, сумын Засаг дарга нь багийн Засаг даргаа томилж, чөлөөлдөг удирдлагын босоо тогтолцоотой байх юм.

Намууд зөвхөн УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоно. Гүйцэтгэх засаглал нь улс төрийн намуудын нөлөөнөөс ангид байна. Босоо удирдлагын тогтолцоотой босноор удирдах ажилтнуудыг сонгохдоо салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг томилох боломжтой болдог. Мөн итгэл алдсан хүмүүсийг хурдан шуурхай солих боломжтой болно. Тэгэхгүй бол одоо нэг хүнд хариуцлага  тооцох гэхээр нам нь хамгаалаад суучихдаг” гэлээ.

УИХ, Засгийн газрын төвшинд боловруулж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эсэргүүцэж байгаагийнхаа шалтгааныг тэрбээр "“Давхар дээл”-тэй байхыг Үндсэн хуулийн түвшинд баталгаажуулах гэж байна. Мөн Ерөнхийлөгчийн нэлээд олон эрхийг Ерөнхий сайдад шилжүүлэхээр боловсруулсан.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс дөрвөн Ерөнхийлөгч сонгосон. Төрийн ажил явдаггүй, боловсон хүчний бодлого оновчгүй, төсвөө зөв зүйл зарцуулдаггүй, төсвийн мөнгийг шамшигдуулдаг, хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцож чаддаггүй нь дөрвөн Ерөнхийлөгчөөс болоогүй байх гэж бодож байна. Харин парламентад суудалтай намууд, түүн дотор байдаг фракцууд төрийн бодлогыг үймүүлэн завхруулж ирсэн. Үүнийг төсөл боловсруулсан нөхдүүд олж хараагүй байна” гээд Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд дээрх хуулийн төслөө ард нийтээр хэлэлцүүлнэ гэлээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.