ОУВС-ийн тавьсан шаардлага төсвийн тодотголд эсрэгээрээ тусгагдлаа

Twitter Print
2017 оны 04-р сар 13-нд 16:58 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт оруулах тухай,  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Монгол Улсын 2018 оны төсвийг хэлэлцэх хүртэл Концессын тухай хуулийн 4.1.2 дэх хэсгийг тогтоолд оруулах” саналыг Ажлын хэсгээс  оруулав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2 нь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг  УИХ-ын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Мөн Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Ийнхүү МАН асуудлыг шуурхайлуулан олонхиор түрүү барьж батлахаар улайрч байгаа энэ үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд мэдээлэл хийж, төсвийн тодотголтой холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Хэвлэлийн хуралд бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар оролцов. Тэдний хэлсэн үг, илэрхийлсэн байр суурийг хүргэе.  


УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ


УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА

-Төсвийн тодотгол иргэдийн одоогийн орлогын хэмжээг бууруулахаар төлөвтэй орж ирж байна. Шатахууны онцгой албан татвар өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлнө.

Улс өөрөө хуримтлалтай болох бодлоготой байх ёстой. Нэгэнт ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаа бол зэрэгцүүлээд улс өөрийн хуримтлалаа өсгөх бодлого баримтлах нь зөв. Харамсалтай нь, Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд байгаа бүх мөнгөө төсвийн алдагдал руу хийгээд, 2024 он хүртэл энэ хуулиудын үйлчлэх хугацааг хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, сандаа хуримтлал үүсгэхгүй гэсэн үг. Тэгэхээр улс өөрөө ч хуримтлалгүй болж, иргэдэд хуримтлал үүсгэх боломж олгохгүй болно. Ийм алдаатай бодлого төсвийн багц хуулийн эцсийн үр дүнд гарахаар байна.

Гарцаагүй байдалд орсон гэдэг шалтгаанаар төсвийн алдагдлаа нэмээд байх юм бол эдийн засгийн хямрал удаан үргэлжилнэ. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай явъя гэж байгаа бол алдагдлаа нэмэхгүй, зарлагаа бууруулж, орлогоо нэмсэн тодотгол батлах хэрэгтэй.

Энэ мэт шалтгааны улмаас төсвийн тодотголыг Ардчилсан нам дэмжих боломжгүй байна гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм.

Түүнээс Ардчилсан намынхан ОУВС-гийн хөтөлбөрийн хямд өртөгтэй эх үүсвэр авахыг эсэргүүцэж байгаа асуудал биш юм. Хөтөлбөрт хамрагдахын тулд бид макро зорилт, төсвийн тэнцлийн орчноо муутгах шаардлагагүй. Монгол Улс өөрийн гэсэн Засгийн газартай, мөнгөний бодлоготой улс. Ирэх гурван жилд алдагдлаа хэдий хэмжээнд бууруулах вэ гэдэг асуудал манай Засгийн газрын бодлого байх ёстой. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг хайж байгаа болохоос зөвхөн ОУВС-гийн хөтөлбөр гэдэг нэрийн дор улс өөрийн зорилтоо муутгах шаардлага байхгүй.


УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ

-Аймаг, сумын Засаг дарга нар нэг л орлогчтой байх ёстой. Гэтэл одоо зарим нь хоёр орлогчтой байна. Би хоёр орлогчийн зардлыг хасах, дэд сайдын зардлыг хасах тухай санал гаргасан. Гэтэл МАН-ынхан нийтээрээ инээж байгаад кноп дараад, шийдэж байх жишээтэй. Эндээс энэ хүмүүст улс орны эдийн засгийг сайжруулах, иргэдийн амьдралыг сайжруулах хүсэл байна уу, үгүй юу гэдэг нь тод харагдаж байгаа юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.