Амьдрал мөнх бус, энэ ертөнцөд төрсөн хэн боловч үхнэ

Twitter Print
2017 оны 04-р сар 23-нд 15:18 цагт
Мэдээний зураг,

Кусинагарагийн ойролцоо сала хэмээх ойд Шагжамуни сүүлчийн удаа сургаалаа айлдсан аж. Тэрбээр шавь нартаа хандаж номлосон нь:

Та нар өөрсдөө бусдын төлөө ассан гэрэл болцгоо! Та нар өөрсдөө өөрсдийнхөө түшиг тулгуур болж, хэнд ч бүү найдаж бай! Миний сургаал та нарт гэрэл гэгээ, түшиг тулгуурын аль аль нь болог! Бусад сургаал, номыг түшиж тулахаас цээрлэ! Бохир биеэ хараад бохирыг нь ухаарч, хэзээ ч гоё чамин хувцас бүү хүсч бай! Баяр цэнгэл, зовлон зүдгүүрийн аль аль нь зовлонгийн шалтгаан гэдгийг ухаарч, цэнгэл жаргал давтахыг цээрлэ! Сэтгэл санаагаа шинжээд тэнд өөрийн чинь "Би" бээр байхгүйг ойлгож, сэтгэлийн хөдөлгөөндөө бүү хуурт! Тэр цагт та нар зовлон зүдгүүрээс үүрд ангижирна.

Намайг энэ ертөнцөөс халин одсоны дараа ч гэсэн та нар, миний сургаалыг үнэн зөв даган мөрдөж чадвал, жинхэнэ үнэнч шавь нар минь болно.

Миний номлосон бүх сургаалыг цаг ямагт санаж яв, тэдгээрийн тухай үргэлж бодож бай, утга учрыг нь онохыг хичээ, ямар ч үед тэдгээрээс бүү татгалз. Хэрэв миний сургаалыг үнэн зөв дагавал та нар жинхэнэ жаргалыг амсана. Миний сургаалын хамгийн гол нь санаа сэтгэлээ удирдаж чаддаг болоход оршино. Өөрийнхөө хүслийг хазаарлан номхотгож, өөрийгөө ялж сурах хэрэгтэй. Биеэ зөв авч явж, зөв үйл хийж, сэтгэл санаагаа ариун байлгаж, хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Шунал хүслээсээ татгалзаж, уур хилэнгээ номхотгож, нүглээс зайлж, амьдрал мөнх бусыг үргэлж санавал зохино. Зүрх сэтгэлд чинь хүсэл шунал, нүгэл хилэнц орогновол, түүнийг ялах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ бүү захирагд, харин зүрх сэтгэлийнхээ эзэн болох хэрэгтэй. Зүрх сэтгэл нь хүнийг бурхан ч болгоно, буг ч болгоно. Төөрөлдсөн хүн шулам, гэгээрсэн хүн бурхан болно. Санаа сэтгэлээ ариун байлгаж, буяны замаасаа бүү хазай.

Миний сургаалыг дагаж бие биетэйгээ энх амгалан, эвтэй найртай амьдарцгаа, нэг нэгнийгээ хүндэлж бай, хоорондо бүү хэрэлдэж маргалд. Ус, сүү лүгээ адил бие биентэйгээ зохицож бай, ус, тос лугаа адил нэг нэгийгээ бүү түлх. Миний сургаалыг хамтдаа дагаж мөрд, сурч ухаар, хамтдаа төгс төгөлдөр болж, нэг нэгэндээ тусалж, буяны зам мөрийн баяр баясгалангаа хуваалцаж бай. Хэрэггүй юмыг эс шохоорхож, ашиггүй юманд цагаа бүү зарцуул, гэгээрэн гийхийн цэцэг, буяны зам мөрийн үр жимснээс хүртэж яв. Би бээр, та нарт өгч буй сургаалаа гэгээрснээр ухаарсан юм. Та нар энэ сургаалыг баримталж, хатуу мөрдөх хэрэгтэй. Миний сургаалыг дагахгүй бол миний дэргэд байсан ч намайг олж харахгүй. Харин сургаалыг минь дагавал надаас асар хол байсан ч үргэлж цуг байна.

Шавь нар минь, удахгүй миний цаг болох гэж байна. Та нараасаа салах цаг ойртлоо. Гэвч та нар гуньж гутарч үл болно. Амьдрал мөнх бус, энэ ертөнцөд төрсөн хэн боловч үхнэ. Би бээр үхэхэд миний бие модон тэрэг лүгээ адил өмхөрч алга болно. Ингэж хүний оршин тогтох мөнх бус гэдгийг дахин батална. Бүү гуньж гутарцгаа. Ертөнцөд ганц ч мөнх юм үгүйг ухаарч, хүний оршин тогтнохын утга учрыг онож мэдэцгээ. Хувирч өөрчлөгддөг бүхнийг үл хувиргахыг бүү хүс. Энэ хүсэл хэзээ ч бүтэж биелэхгүй. Энэ ертөнцийн тачаал шуналын шулам хэзээд бэлэн байдаг бөгөөд сонор сэрэмж чинь сулармагц та нарыг эзэмдэж эрхэндээ оруулна. Хэрэв гэрт чинь хорт могой үүрлэвэл, тэр амьтныг хөөж гаргахаас нааш амар амгалан нойрсож чадахгүй шүү дээ. Ертөнцийн тачаал шуналын шулмыг хөөж зайлуулах хэрэгтэй. Ертөнцийн хүсэл шуналын могойг хөөн гаргах хэрэгтэй. Сэтгэл санаагаа та нар сонор соргог хамгаалах ёстой.

Шавь нар минь, миний цаг ирлээ. Гэвч энэ бол миний бие махбодын үхэл гэдгийг бүү мартаарай. Хүн биеийг эцэг эхээсээ олдог, олсон биеэ хоол хүнсээр торддог учир, тэр нь эмгэгт хялбархан өртөж, шарх сорви авах нь ч түргэн, эцэстээ эвдэрч нурах л хувь тавилантай юм. Бурханы мөн чанар бие махбодод нь бус, гэгээрэхэд нь оршино. Бие махбод эвдэрч нурна, гэтэл гэгээрэл нь Номын үнэн болон үйл хэрэг нь мөнх оршиж байдаг. Бие махбодыг минь харж буй хүн бус, харин сургаал номыг минь ухаарч буй хүн л намайг олж үзнэ. Амьсгал хураасны минь дараа миний орхиж үлдээсэн Ном та нарын багш болно. Та нар түүнийг хайрлан хадгалж, тэгснээр надад үнэнч зүтгэх ёстой. Шавь нар минь, амьдралынхаа сүүлчийн 45 жилд би бээр айлдах ёстой болгоноо айлдсан, хийх ёстой бүхнээ хийсэн. Одоо та нарт үзүүлээгүй нууц надад байхгүй. Миний дотор ч тэр, миний гадна ч тэр хаана ч байхгүй. Би Номлох бүхнээ номлосон. Шавь нар минь, миний цаг ирлээ. Би бээр Нирванд орлоо. Энэ бол миний сүүлчийн номлол юм.

БШТөв Гандан Тэгчэнлин хийд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.