Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Twitter Print
2017 оны 04-р сар 12-нд 18:45 цагт
Мэдээний зураг,

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.12) хуралдаан 09 цаг 40 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б. Чойжилсүрэн ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс оролцов.

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй, тул Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй 20 гаруй санал тус бүрээр санал хураалт явууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нарын гаргасан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “7.2.Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө” гэснийг бүхэлд нь хүчингүй болгох гэсэн саналыг дэмжээгүй. Уг саналыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  хэлэлцсэн ч, хуралдаанд оролцсон гишүүд энэхүү заалтыг хэвээр үлдээв.

Харин "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Гадны хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг тухайлбал, Оюу толгой, Тамсагийн хөрөнгө оруулалтын гэрээний  үр ашгийг дээшлүүлэх болон борлуулалтын мөнгийг заавал Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт нэмж оруулах”  гэсэн Эдийн засгийн байнгын хорооноос дэмжсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,6 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Тэтгэврийн нас нэмсэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бууруулсан нь иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түшинд хэрхэн нөлөөлж байгаад хяналт, үнэлгээ хийж үр дүнг жил бүр танилцуулж байх, шаардлагатай бол авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж УИХ-д оруулж байхыг тус Байнгын хороонд даалгах” заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.0 хувь нь дэмжлээ.

Хуралдааны үеэр хүүхдийн мөнгийг 40 хувьд олгох гэснийг нийт хүүхдүүдийн гэж ойлгох уу, нийт өрхийн хүүхдүүд гэж ойлгох уу гэдэгт тайлбар өгөхийг гишүүд хүсэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, “Намайг баруун аймгуудаар албан томилолтой байх хугацаанд Засгийн газраас ОУВС-тай уулзаж, ярилцсан байсан. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд 737,9 мянган өрх бүртгэлтэй байгаа. Энэ өрхийн 40 орчим хувь буюу амьжиргааны түвшин доогуур 300 мянган өрхийн 0-18 насны 520 мянган гаруй хүүхэд байгаа. Энэ нь монголын нийт хүүхдийн 51.3 хувь юм. Эдгээр хүүхдүүд тэрхүү хүүхдийн мөнгөний 40 хувьд хамрагдана” гэж тайлбарлав.

Түүнчлэн Төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс “Төсвийн тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 23.12 дахь хэсгийн “өмч хувьчлалын орлогыг төсвийн орлого хэсэгт бүртгэхгүй” гэсний дараа “төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр талд бүртгэнэ” гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэрэгжих хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гэснийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

“Концессын асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудалд хэвээр үлдээх нь зүйтэй” гэж үзээд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хууль санаачлагчид буцаах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжив.

Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуралдаанаар Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүд, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр  санал хураав.  

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсвийн зарлагад  “Монгол Улсын 2017 оны төвсийн тухай хуулиар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал, 2017 оны төсвийн тодотголд нэмэгдэхээр тусгагдсаныг гадаад зээл, тусламжаар санхүүжих, шүүхийн шийдвэрийн дагуу болон валютын ханшийн зөрүүгээр нэмэгдсэн, төсвийн ерөнхий захирагчдын хооронд эсвэл тухайн  төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад зохицуулалт хийгдсэн, өөрийн орлого, эх үүсвэртэйгээ нэмэгдсэн зардлуудыг нэмэгдсэн дүнгээр нь хэвээр үлдээж, улсын төсвөөс санхүүжүүлэхээр  нэмэгдүүлснийг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож бууруулах” гэсэн Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85,7 хувь нь дэмжсэн юм.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хуралдааны үеэр “Төсвийн тодотголыг ОУВС-тай тохиролцсон тэрхүү зарчмын дагуу л хийж байгаа. Тиймээс төсвийн тодотголын үеэр шинэ хөрөнгө оруулалт, шинэ обьект барих яриа байхгүй. Ийм саналыг дэмжихгүй гэдэг дээр Төсвийн байнгын хороо хатуу зогсч, төсвийн сахилга батаа сахина ” гэдгийг онцгойлон анхаарууллаа.

Иймд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын хөрөнгө оруулалтын жагсаалтад шинээр нэмэгдсэн, саналын томъёоллын хавсралт 01-д тусгагдсан 28,718.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2017 онд санхүүжих  дөрвөн төсөл, арга хэмжээг Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас хасах” Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь  дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүдээс гаргасан холбогдох байнгын хороодоос дэмжлэг авсан шинээр хөрөнгө оруулалтын зардал нэмсэн зарчмын зөрүүтэй нэлээдгүй саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадсангүй.

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл нарын  “Хавдар судлалын үндэсний төвийн сити томографын аппарат төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг 500.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, үлдэгдэл санхүүжилт болох 500,0 сая төгрөгийг 2018 оны төсөвт нэмж тусгах” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь дэмжив.  Учир нь Монгол Улсад хавдрын эрт оношлогооны ийм  аппарат нэг ч байдаггүй аж.

Байнгын хорооны гишүүд экспортыг дэмжсэн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх саналыг 100 хувь дэмжиж байлаа. Тухайлбал, Уул урхай, хүнд үйлдвэрийн сайдын төсвийн багцын өөрийн орлогыг 20.000,0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх Ажлын хэсгээс гаргасан санал 84,6 хувиар дэмжигдэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энхболдын гаргасан “Хууль зүйн сайдын багцын хөрөнгийн зардалд Гашуунсухайт боомтоор нүүрс зөөвлөрлөж байгаа тээврийн хэрэгслийн гарах, орох замын урсгалыг шалгаж, бүртгэхэд шаардлагатай шалгалтын кабин барихад шаардагдах 360,0 сая төгрөг”, “Гашуун сухайт боомтын авто замын шалган нэвтрүүлэхэд ажиллах шалгагч, гэрээт цэргийн цалинд 820.0 сая төгрөгийг нэмж тусгах” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. 

Ингээд  Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.