Гашуунсухайт боомтын чиглэлд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэнэ

Twitter Print
2017 оны 04-р сар 12-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Автотээврийн үндэсний төвөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын чиглэлд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх "Хоногийн нэгдсэн график”-ийг боловсруулжээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайханы өгсөн ярилцлага.

- Энэ чиглэлийн ачаа тээвэрлэлтийг хуваарт оруулснаар ямар үр дүнд хүрэх тооцоолол байна вэ?

- Энэ оныг манай байгууллагаас "Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Гашуунсухайтад үүсээд буй нүүрсний тээвэрлэлтийг дагасан хүндрэлтэй олон зүйлийг цэгцлэхээр бид ажиллаж байна. Багагүй хугацаанд судалгаа хийсний үндсэн дээр "Хоногийн нэгдсэн график”-ийг мөрдөж ажиллахаар болж байна. Өмнө нь энэ графикийг ургацын тээвэрт ашиглаж байсан учир туршигдсан зүйл. Одоогоор нүүрсний экспорт нэмэгдэж, үнэ өссөнтэй холбогдуулан ачаалал улам нэмэгдэж байна. Ачаал нэмэгдэнэ гэдэг дугаарлалт үүсэх, жолоочийн ажил амралтын горим алдагдах, осол аваар гарах үндсэн шалтгаан болдог. Ийм учраас зайлшгүй графикийг мөрдөхөөс өөр аргагүй. Дээрээс нь импортын тээврүүдэд зориулаж төлөвлөлт хийх учиртай. Төлөвлөлт байхгүйн улмаас Гашуунсухайтын боомт дээр гарч байгаа шиг хүндрэлтэй байдал үүсч байна. Манайд бүртгэлтэй 2700 тээврийн хэрэгсэл байхад 5000 хүртэл нэмэгдэж, Гашуунсухайтынчиглэлдтээвэрлэлт хийж байсан. 2000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус тээвэрлэлт хийж байсан гэсэн үг. Мөн Гашуунсухайтын чиглэлд ачаа тээвэрлэлт хийж байгаа байгууллагуудыг албажуулж, тээврийн хэрэгсэл, жолоочид, байгууллагуудад зохих шаардлагыг хангуулж ажиллах болсон. Зөвхөн аж ахуйн нэгжүүд гэлтгүйтөрийн бүх шатны байгууллагууд нэгдсэн ойлголттой байх шаардлага үүсч байна. Мөн Монгол-Хятадын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг мөрдөж ажиллах ёстой.

-Тэгэхээр хууль бус тээврийг хэрхэн хянана гэсэн үг вэ?

-Дээрх хэлэлцээрээр хоёр улсын хоорондын байнгын ачаа тээвэрт "С” зөвшөөрлийн бичиг авч явах ёстойг заасан байдаг. "С” бичиг нь гурвансарын хугацаатай, энэ хугацаанд олон удаа ачаа тээвэрлэх, хилээр орж гарах эрх. Бидний хийж байгаа ажил бол жолооч нар зам дээр олон өдөрдугаарладаг, хонодог байдлыг л таслан зогсоож байгаа юм. Уг нь уурхайгаас ачаагаа ачаад зам дээр хонохгүйгээр хилээр гарч, эргэж ирээд байгууллагынхаа камп дээрээ хонодог байх учиртай. Хуваарьтай өдрөө ажиллаад бусад хугацаандаа жолооч нар амарч, машин тэрэгнийхээ бүрэн байдлыг хангах ёстой биз дээ. Гэтэл замбараагүй байдлаас болж, зарим жолооч зам дээр долоо хонодог байсан. Үүнээс шалтгаалж аваар осол гарах, жолоочид нь сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэх гэх зэргээр олон таагүй мэдээлэл гардаг. Харин энэ байдлыг цэгцэлснээр энгийнээр хэлэхэд тухайн жолооч ажил, амралтаа зохицуулдаг болно гэсэн үг. Хяналтын тухайд дан ганц Автотээврийн үндэсний төв биш Хилийн байгууллагууд зөвхөн"С” бичигтэй машин хилээр нэвтрүүлэх, замын цагдаа нь "С” бичигтэй машиныг зам дээр гаргах, уурхай нь ийм бичигтэй машинд л ачилт хийх зэргээр бүх түвшинд хамтарч хянах юм.

-"Энэ өдөр энэ байгууллагын ийм тээврийн хэрэгсэл ачаа ачина” гэсэн хуваарь гаргаж өгөх нь гэж ойлгож болох уу?

-Үндсэндээ тэгж ойлгож болно. Хуваарийн дагуу уурхай нь ачилтаа хийхээс эхлээд гэрээ журам, хуваарийнхаа дагуу ажиллаж тус тусынхаа хяналтыг тавиад явах юм. Зөрчил гаргавал бид тээврийн хэрэгслийг тээвэрлэлтээс хасах, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах зэрэг арга хэмжээг авна. Бид үүнийг хамгийн энгийнээр ойлгох учиртай. Нийслэлийн нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу явдагтай яг ижил юм. Энэ графикийн дагуу уурхай дээрээс 00:00 цагт ачаа ачсан машин замын постуудаар тодорхой цагт дайрч өнгөрөхөд 8.8 цаг зарцуулж хил гарахаар байгаа. Энэ найман цагийн хугацаанд 153 дахь км буюу Жавхлант баг дээр бүтэн цаг хооллож, амрах цаг багтаж байгаа. Ингэснээр жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, өөрийгөө сэргээхийн тулд сэргээшийн төрлийн зүйл хэрэглэх байдал алга болно. Тэгээд ч байгууллагууд авто аж ахуйн нэгдсэн системээр үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагатай. Өнгөрсөн дөрвөн жилд энэ байдал үндсэндээ алдагдсан. Тиймээс жолоочид амрах байртай, засварын газартай цагийн хуваарийн дагуу очоод ажлаа гүйцэтгэдэг байх боломжийг олохоор ажиллаж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд жолоочид амрах ёстой хугацаагаа зам дээр өнгөрүүлж, зарим тохиолдолд долоо хонож байсан ч үе бий. Үнэндээ байгууллагуудын хувьд хил гарах л чухал учраас жолооч хэрхэн ажил амралтаа зохицуулах зэрэг нь дараагийн асуудал болоод байсан юм.

-Цагаан хадны орчимд бас тээвэрлэлтийн хувьд эмх замбараагүй байдал үүсдэг гэсэн яриа бий?

-Үүнийг бид цэгцэлсэн. Цагаан хадны орчимд гаалийн хяналтын 12 талбай байгаа. Одоо найман талбайгаас 500-700 тээврийн хэрэгсэлд ачилт хийж байна. Үүнийг графикт оруулж өдөрт 120 тээврийн хэрэгсэл л гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт холбоотой төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагатай гурван удаагийн уулзалт хийсэн. Үүний үр дүнд хоногийн нэгдсэн графикийн ажлыг Цагаан хаднаас эхлүүлэх нь зөв гэдэг нэгдсэн ойлголцолд хүрсэн. Одоогийн байдлаар ажлаа эхлүүлээд явж байна.

-Графикийн дагуу явуулж, цаг хугацаагаар хязгаарлахаар дотоодын эдийн засагт тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөхгүй юу?

-Тийм зүйл байхгүй. Хил нэвтрэх байдал харин ч нэмэгдсэн. Өмнө нь өдөртөө 700-900 тээврийн хэрэгсэл гардаг байсан бол одоо 1100-1400 болж нэмэгдсэн. Цаашлаад энэ ондоо багтааж, боомтуудын онцлогт тохирсон тээвэр төлөвлөлтийг хийж ажиллана.

-Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт чиглэлийн авто замыг хэсэгчилж засварлана гэж шийдсэн. Үүнийг дагаад мэдээж хүндрэл гарч таарах байх?

-"Гашуунсухайт автозам” компанид яг энэ чиглэлээр манай байгууллагаас албан хүсэлт хүргүүлж байна. Ямар хэлбэрээр засвар хийх, тээвэрлэлтэд саад учруулахгүйгээр завсарлах боломж байгаа эсэхийг лавлана. Уг нь бид аль болох тээвэрлэлтэд саад учруулахгүй байхаар зохицуулалтыг хийх гэсэн зарчмын нэг байр суурьтай байгаа. Энэ бол зөвхөн тээвэр төлөвлөлт ч биш Монгол Улсын нийтлэг эрх ашигтай хамаатай. Тийм учраас аль болох тээвэр саатуулахгүйгээр зам засварын ажлаа амжуулах учиртай.

-Ингэхэд Цогтцэцийд танай байгууллага салбараа нээж байгаа гэсэн. Үүний давуу тал юу юм бэ?

-Тээврийн хэрэгслийн оношилгоо, бүртгэл, мэргэшсэн жолооч гэх мэт манай байгууллагаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг хэрэглэгчид ойртуулж байгаа л хэлбэр. Өмнө нь бүх автомашин Өмнөгоь аймгийнхаа төв дээр ирж бүртгүүлдэг, жолоочид нь ирж шалгалт өгдөг, ирж тээврийн хэрэгслээ оношилгоонд оруулдаг байсан. Одоо энэ байдал цэгцэрч зардал, чирэгдэл гарахгүй болно л гэсэн үг юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.