Байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох үед дэлбэрэлт болж, 2 цэрэг нас барлаа

2017 оны 04-р сар 11-нд 22:52 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр /2017.04.11/ 17.40 цагийн орчим Төв аймгийн Алтанбулаг сум дах Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд дадлага сургууль хийж байсан цэргүүдийн гранат дэлбэрч 2 хүн нас барж, 8 хүн шархадсан ноцтой осол гарлаа.

Одоогийн байдлаар ЗХЖШ болон ЦЕГ-аас шуурхай тусгай бүлэг ослын газарт ажиллаж байна. Шархадсан долоон иргэний бие маш хүнд байгаа гэсэн мэдээлэл байна.

Мөн ослын газарт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ очжээ. Энэ талаар хэдхэн минутын өмнө Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох албаныхан шуурхай мэдээлэл хийлээ.

-Ослын талаар мэдээлэл  өгөөч. Ямар нөхцөл байдалд сургуулилт хийж байсан бэ?

-ЗХЖШ-ын орлогч  дарга, хошууч генерал Ж.Бадамбазар: Өнөөдөр 2016-2017 онд батлагдсан сургалт бэлтгэлийн төлөвлөгөөны дагуу хээрийн сургалт дадлага хийгдэж байх үеэр харамсалтай осол гарч, 2 хүн амиа алдаж, найман хүн шархадлаа. 17. 40 минутын орчимд осол гарсан.

Ослын шалтгааныг тогтоохоор шуурхай комисс ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон холбогдох байгууллагууд хамтарч шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа. Эцсийн дүгнэлт гарсны дараа тодорхой мэдээлэл хийнэ.

-Ослын  шалтгааны талаар урьдчилсан таамаг байна уу?

-
Зэвсэгт хүчний жанжин штабын 350 дугаар ангийн хээрийн сургалт дадлага явагдах үеэр байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох үед ахмад М ахлан ажиллаж байсан. Харамсалтай нь тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн гэх мэдээлэл бидэнд байна.

Уг дэлбэрэлтийн үеэр ахлагч, байлдагч А, М нар газар дээрээ нас барж, 8 хүн шархадсан. Энэ дагуу Цэргийн төв эмнэлэг дээр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Ослын мэдээллийг Батлан хамгаалах яамны сайд тэргүүтэй холбогдох албаныханд хүргүүлж, чиглэл авсан байгаа.

-Шархадсан цэргүүдийн биеийн байдал ямар байна вэ? 

-Цэргийн тав эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар: Осол болсны дараа эмнэлнэгийн бүрэлдэхүүн яаралтай тусламж үзүүлсэн 19:50 минутын үед эхний шархадсан хүмүүсийг хүлээн авч 20:05 цагт сүүлийн албан хаагчийг эмнэлэгт хүргэсэн.

Одоогийн байдлаар 2 цэргийн албан хаагч яаралтай хагалгаанд орж байна. Бусдынх нь биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Г.Ганаа

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.