Л.Болд: Эрдэнэтийн 49 хувийг ард түмэндээ эзэмшүүлэх нь зөв шийдэл болно

Twitter Print
2017 оны 04-р сар 08-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Та бүхэнд УИХ-ын гишүүн Л.Болдтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Сүүлийн өдрүүдэд уг шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан ид өрнөж байна. Компанийн гэрчилгээг сольж ТУЗ-ийг нь 100 хувь төрөөс бүрдүүлсэн талаар та юу хэлэх вэ?

-Хэдийгээр УИХ-ын шийдвэр гарсан ч гэлээ Эрдэнэтийн 49 хувийг “Монголиан Коппер Корпорейшн” гэдэг тэр компаниас ийм болхи байдлаар шууд нийгэмчилж байгаа юм шиг авч болохгүй л дээ. Бид зорилго нь аргаа зөвтгөнө гэдэг коммунист арга барилаар биш хуулийн засаглал доор ажиллаж амьдардаг эрх зүйт төрийн тогтолцоог 25 жилийн өмнө сонгосон, энэ нь манай улсын язгуур эрх ашиг юм гэдгээ мартаж болохгүй.

Нөгөөтэйгүүр компанийг төрд 100 хувь авлаа гээд сайн сайхан болчих итгэл найдвар байхгүй, харин ч эрх мэдэлтнүүдийн идэж уух савны хэмжээ томорч байдгийг бид харж байна. Эрдэнэтийн олон дарга, захирлуудын цалин хангамж, шахааны талаар манай хэвлэл мэдээллийнхэн эрэн сурвалжилж гаргаж тавьж байгаа нь сайн хэрэг. Чонын амнаас гараад барын аманд орлоо гэдэг шиг хууль бусаар авсныг залруулж байна гээд улсын нэрээр хулгайлагчид дураараа тонгочих эрхгүй.

Ерөөс иймэрхүү төрийн өмчит, байгалийн баялагт суурилсан компаниудын засаглалыг сайжруулж иргэдэд бодит үр өгөөж хүртээх Монгол Улсад илүү ашигтай, алсын хараатай шийдэл бий.

-Таны шийдэл тэгээд юу гэж?

-Ажлын хэсгийн гаргасан баримтаас үзэхэд “Монголиан Коппер Корпорейшн”-ий “Худалдаа хөгжлийн банк”-наас зээлж оросын талд төлсөн 400 сая ам.долларын дийлэнхи хувь нь Монголбанк, Хөгжлийн Банкнаас авсан зээлээр санхүүжсэн юм билээ. Мөн Эрдэнэт үйлдвэрээс нь өөрөөс нь одоогийн байдлаар 60 гаруй сая ам.долларыг ногдол ашиг, гэрээний төлбөр байдлаар авчихсан гэж байгаа.

Тиймээс Монголын төр эдгээр компанитай хэлэлцээ хийж тооцоо нийлэх зарчмаар Эрдэнэтийн 49 хувийг буцааж аваад улсынхаа бүх ард түмэнд хувьцаа болгон эзэмшүүлэх бүрэн боломжтой. Боломжтой төдийгүй заавал хийх ёстой ажил.

Ингэж оролцогч аль аль талдаа ашигтай, ард түмэндээ хожоотой байдлаар шийдэхгүй л бол бид нийгмээрээ, намаараа талцаж үзэлцээд энэ асуудал хэзээ ч үр дүнтэй шийдэгдэхгүй. Сонгууль болгоны сэдэв болж эрх барьсан нам бүр нэг янзаар шийддэг болж саалийн үнээ маань хэрүүлийн алим л болж дуусна.

-49 хувийн хувьцааг ард түмэнд эзэмшүүлэхийн давуу тал нь юу вэ? Тавантолгойн хувьцаа шиг бас нэг үлгэр болохгүй байх баталгааг яаж хангах вэ?

-Би цөөнгүй жилийн өмнөөс стратегийн ордуудын төрд ногдох хувиар Баянмонгол корпораци байгуулж бүх ард иргэддээ хувьцааг нь эзэмшүүлэх санаачилга гаргаад яриад зүтгүүлээд явааг та мэдэх байх. Баямонгол корпорацийн тухай хууль санаачлаад оруулсан ч ганцаараа хүчгүйдэж янз бүрийн саналтай холилдон утга агуулга нь хазайж явсаар өнөөг хүрлээ. Гэхдээ ингэж зүтгэсний үр дүнд Хүний хөгжил сан, Эрдэнэс Монгол гэдэг стратегийн компани байгуулах гэх мэт асуудал шийдэгдэж Тавантолгойн хувьцааны тодорхой хэсгийг ард иргэддээ эзэмшүүлсэн.  Ирээдүйн өв сангийн тухай хуульд ч зарим зарчмууд тусгалаа олсон.

Гэхдээ Тавантолгойн хувьцаа иргэдэд хангалттай өгөөжөө өгч чадахгүй байгаа нь иргэдэд очсон хувьцаа саналын болон хяналтын эрхгүй, тухайн компанид төрөөс томилогдсон дарга нар дураараа авирлах боломжтой шахааны газар болсноос болж байгаа юм. Дээр нь Тавантолгойг тойрсон улс төржилт компанийн үнэ цэнийг өсгөхгүй, иргэдийн гар дээрх хувьцааг амь оруулахгүй байна.

Чухам ийм учраас Эрдэнэтийг 100 хувь төрд авч бас л нэг үр ашиггүй ажилладаг, улс төрчдийн шахааны компани болгохын оронд 49 хувийг нь иргэддээ эзэмшүүлээд хяналтыг нь өгчих хэрэгтэй. Энэ бол миний яриад байдаг Баянмонгол санаачилгын гол концепц юм. Өнгөрсөн онд л гэхэд 49 хувийг худалдаж авсан “Монголиан Коппер Корпорейшн” 50 гаруй сая ам.долларын ногдол ашиг авсан байна билээ. Ийм үнэ цэнийг иргэддээ эзэмшүүлэх түүхэн боломж, нөхцөл одоо л бүрдээд байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.