Кавабата Ясүнари - Зуны гутал /Богино өгүүллэг/

Twitter Print
2018 оны 11-р сар 09-нд 18:25 цагт
Мэдээний зураг,

Суудлын морин тэргэн дотор нэг эмээ, энэ өвөл бэрсүүт жүрж сайхан ургажээ хэмээн ярьж явахуй таван хүн нойрмоглон явна. Морин тэрэгний хурдан хүлэг далайн цахлайтай уралдах мэт урт саглагар сүүлээ намируулан давхина. 

Морин тэрэгчин Канзо моринд их хайртай. Мөн найман хүний морин тэрэгтэй нь энэ тосгонд ганцхан Канзо. Бас тэрбээр морин тэргээ бусад хүний морин тэрэгнээс цэвэр сайхан байлгах гэж ихэд хичээнэ. Өгсүүр замаар явах бол морио хайрлаад суудлаасаа годхийн үсрэн бууна. Ингэж годхийн бууж суух нь тунчиг хөнгөн шалмаг бөгөөд түүндээ тэр дотроо сэмхэн бардамнана. Мөн морин тэргэндээ сууж явахдаа тэрэгнийхээ найган хөдлөх аясаар тэрэгний ард хүүхэд зүүгдсэнийг шууд мэддэг тул годхийн үсэрч буугаад мөнөөх хүүхдийг барьж аваад толгойг нь тагхийтэл цохино. Тийм учраас тосгоны хүүхдүүд Канзогийн морин тэрэгт зүүгдэхийг хамгийн их санаархах бөгөөд мөн түүнээс хамгийн их айна. 

Гэвч өнөөдөр түүнд хүүхэд ер баригдсангүй. Өөрөөр хэлбэл сармагчин мэт морин тэрэгний араас зүүгдэх гэмт этгээдийг газар дээр нь барьж авч чадахгүй байгаа аж. Уг нь бол муур шиг огло үсрэн буугаад ард зүүгдэх хүүхдийг ухасхийн барин авч гараа зангидан толгой руу нь таг хийтэл цохингоо омогтой нь аргагүй ингэж хэлдэг байв: 
- Задарсан муу тархи.

Тэр дахин морин тэрэгнээсээ бууж үзлээ. Гурав дахь удаагаа бууж байгаа нь энэ. Арван хоёр, гурав насны жаахан охин хацар нь түнийтлээ улайчихсан түргэн түргэн алхаж явна. Мөр нь дээш доош хөдөлтлөө аахилж уухилаад нүднээс нь түмэн оч сацрана. Гэвч охин ягаан европ хувцас өмсчээ. Оймс нь хөлийн нь шагай хүртэл унжиж тэгээд гуталгүй. Тэрэгчин Канзо охин руу хялайн харав. Охин хажуу тийш далай руу харцаа буруулан алхангаа морин тэргийг гүйцэн ирлээ. 

- Чсс! гэж нэг зандраад Канзо морин тэргэндээ буцан суулаа. Үзэж хараагүй хөөрхөн охин далайн эргийн амралтын газарт ч юм уу ирсэн юм байх даа гэж бодон жаахан нэрэлхэж байсан боловч гурван удаа буугаад барьж чадаагүй учир түүний уур хүрчээ. Бүр хоёр бээр газар энэ охин морин тэргэнд зүүгдсээр ирсэн ажгуу. Уурандаа хайртай морио хүртэл хүчтэйхэн ташуурдаад явлаа. 

Морин тэрэг жижигхэн тосгонд ойртон ирлээ. Канзо бүрээгээ чанга үлээн улам хурдлан давхив. Хойшоо эргэн харвал охин тайрмал гэзгээ мөрөн дээрээ сэгсчүүлэн хар хурдаараа гүйж ирэв. Өрөөсөн хөлийн оймсоо гартаа барьжээ. Удсангүй охин морин тэргэнээс зуураад авах шиг боллоо. Канзо гэдрэг эргэн суудлынхаа арын шилний цаанаас хартал охин бултас хийн биеэ эвхэх шиг болов. Гэвч Канзо дөрөв дэх удаагаа буухад охин хэзээний морин тэрэгнээс холдон алхаж явав. 
- Хөөе. Хаашаа явж байгаа юм?
Охин доошоо харан үл дуугарна. 
- Боомт хүртэл зүүгдээд явах санаатай юу?
Нээрэн л охин хариу дуугарсангүй. 
- Боомт уу?
Охин толгой дохив. 
- Наад хөлөө хар. Цус болчихсон байна шүү дээ. Ямар зоригтой охин юм бэ чи, аан? 
Канзо өөрийн эрхгүй хөмсөг зангидав. 
- Аваад явъя. Аль ороод суу. Зүүгдээд явбал моринд хүнд шүү дээ. 
Канзо ийн хэлээд морин тэрэгнийхээ хаалгыг онгойлгов. 

Хэсэг явж байгаад Канзо шилэн бүхээг рүүгээ эргэн харвал охин морин тэрэгний хаалганд хавчуулсан хувцасныхаа хормойг татая ч гэсэнгүй, саяын галтай, цогтой царай нь үгүй болж чимээгүйхэн ичингүйрэн урвайж явлаа. 

Тэгтэл далайн боомтоос хоёр бээр газар харьж явах замд хаанаас ч юм нөгөө охин морин тэрэгний хойноос гүйн ирж явав. Канзо уриалгахан морин тэрэгнийхээ хаалгыг онгойлговол охин:
- Ах аа, дотор суух чинь муухай. Суухгүй ээ, дургүй гэв.
- Наад хөлийнхөө цусыг хар. Оймс чинь бүр ув улаан болчихсон байна. Үгүй, яасан айхтар охин бэ. 

Морин тэрэг дөрвөн бээрийн өөдөө замаар намас намасхийн зөөлөн явсаар тосгондоо ойртон ирлээ. 
- Ах аа, энд бууя. 

Канзо санаандгүй замын хажуу руу харвал нэг өрөөсөн жижигхэн гутал хатсан өвсний толгой дээр цагааханаар дэлбээлжээ. 
- Өвөл ч гэсэн цагаан гутал өмсдөг юм уу?
- Би энд зун ирсэн юм чинь. 
Охин гутлаа өмсөнгүүтээ эргэж ч харалгүй цагаан дэглий мэт цаад намхан уулын орой дээрх хүүхдийн засан хүмүүжүүлэх байр руугаа дэгдэн одлоо.

Япон хэлнээс орчуулсан: Дамдинжавын Алтанцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.