С.Зоригийн хэрэгт зарим улс төрчид нөлөөлөх гэж оролдож байгаа нь хууль бус гэв

Twitter Print
2017 оны 04-р сар 06-нд 12:53 цагт
Мэдээний зураг,

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх хурлын шийдвэртэй холбогдуулан янз бүрийн мэдээлэл иргэдийн дунд тархах болсон.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт гэмгүй хүмүүсийг яллаж байгаа гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Тэрчлэн Нийслэлийн Прокурорын Газрын Хэрэг Бүртгэх, Мөрдөн Байцаах Ажиллагаанд Хяналт Тавих Хэлтсийн Дарга Ж.Сандагсүрэн МҮОНРТВ-ээр хэрэгтэй холбоотой зарим баримтыг ил болгосон билээ. Улмаар иргэдийн ихэнх нь шүүхийн шийдвэрт үл итгэж, төөрөгдөх болсон ба "тавилттай жүжиг" гэж харах болсон.

Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар анх удаа тайлбар хийж, мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Үндсэн хуулийн байгууллага юм. Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. 2016 оны 12 дугаар сарын 21-27-ны өдөр анхан шатны, 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдөр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу хаалттай хийж, шүүхийн шийдвэрүүд гарлаа.

Албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон. 

Энэ хэргийн шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах хугацаа дуусаагүй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсгийн дагуу шүүхийн шийдвэр эцсийн болоогүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон байдаг.

Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах тул эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагаатай холбоотой эрх зүйн хийдэл, нийцэлгүй зохицуулалт байгаа, түүний улмаас хүний эрхийн хамгаалалт, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарч байгаа бол уг асуудлыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар шийдэх ёстой.

Гэтэл зарим улстөрч, албан тушаалтан, иргэн уг хэргийн тухай хувийн тайлбар, дүгнэлтээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй хууль зөрчсөн үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.