Рассэл Вэстбрүүк 41 дэх трипл даблаа авч түүхэн амжилттай тэнцлээ

2017 оны 04-р сар 05-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Оклахома Сити Тандэр багийн түлхүүр тоглогч болсон Рассэл Вэстбрүүк 2016-2017 оны улиралд онцгой тоглолтоороо тэсрэлт хийж чадсан тоглогч гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Улирал эхлэхээс өмнөхөн NBA-ийн элит тоглогчдын нэг Кевин Дурантыг алдсан Тандэр багийг Рассэл Вэстбрүүк ганцаараа чирч 2017 оны Плэй-оффд орох эрхээ аваад байна. Мөн энэ улиралд хийж буй тоглолтууд, тоглолтын үзүүлэлтүүд NBA-ийн түүхэнд байхгүй үзүүлэлтүүд юм. Тиймээс ч түүнийг энэ улирлын Хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авна гэж сагсан бөмбөгийн аналистууд үзэж буй юм.

Өнөөдөр Милвауки Баксийн эсрэг талбай дээрээ хийсэн тоглолтод 12 оноо, 13 оновчтой дамжуулалт, 13 самбар авснаар энэхүү улирлын 41 дэх трипл даблаа хийлээ.

NBA-ийн 1961-1962 оны улиралд домогт тоглогч Оскар Робертсон 41 трипл дабл хийж байсан юм. Ийнхүү Рассэл Вэстбрүүк түүхэн амжилттай тэнцэж одоо дахин нэг трипл дабл хийхэд шинэ амжилтын эзэн болох юм. Түүнд энэ улирал дуусахад 5 тоглолт үлдсэн аж.

Тэрээр NBA-ийн 17 багийн эсрэг трипл дабл хийсэн бөгөөд энэ улиралд дунджаар 31.9 оноо, 10.4 оновчтой дамжуулалт, 10.6 самбар авч буй юм. 

Онцлоход NBA-ийн элит тоглогчид болох Двэйн Вэйд, Трэйси Магрэйди, Кармело Антони нарын карьертаа хийсэн трипл даблтай харьцуулахад Рассэл Вэстбрүүк хол тасарсан байна. Эдгээр гурван тоглогч нийт 2,823 тоглолт хийхдээ нийлээд 10 трипл дабл хийсэн бол Рассэл Вэстбрүүк сүүлийн 12 тоглолтод л гэхэд 10 трипл даблыг хийгээд байгаа юм.

Эх сурвалж: CBS Sports, Bleacher Report

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.