Тунгалгийн булчирхай цочиж үрэвсэхэд эмч нар гахайн хавдартай эндүүрэх нь бий

2017 оны 05-р сар 18-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Хүний биеийн эсэргүүцэл сулрахад тунгалгийн булчирхай үүнтэй тэмцэж, дархлааг дэмжиж байдаг. 

Товчхон хэлбэл, дархлааны эрхтэн юм. Тунгалгийн булчирхай нь цусны системтэй маш ойр буюу судас даган байрлах ба уг системийн тэжээгч гэж хэлж болно. Хүний биеэс хорт бодисыг гадагшлуулдаг цогц тогтолцоо гэсэн үг. Уг булчирхай нь хүний биеийг гаднын нөлөөтэй халдвар авах, илүүдэл шингэн хуримтлагдах, таргалах болон биед хорт бодис тархах зэрэгтэй тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг байна. 

Хүний биед 501-700 тунгалгийн булчирхай байдаг бөгөөд тал нь ходоод, бүдүүн гэдэс орчимд байрлана. Суга орчимд гэхэд л 100 орчим нь байдаг бөгөөд хөлс, нус, өтгөн, шингэн, шүлс зэргээр гадагшилж, шүүгдэж байдаг. Тунгалгийн булчирхайд асар их хэмжээний инестин агуулагдана. Энэ нь биеийн дархлааг сайжруулан, хүний биед агууллагддаг ашигтай нэгдлүүдийг ашиггүйгээс нь зааглан, хөгшрөлтөөс сэргийлдэг ажээ.

Булчирхай эрүүл байвал өвчин тусахгүй 

Хөдөлгөөний дутагдал, иодын дутмагшил, элдэв өвчлөл болон хоол боловсруулах системийн доголдол зэрэг нь тунгалгийн булчирхайн хэвийн үйл ажиллагааг гацааж, улмаар бие өвчлөхөд хүргэдэг. Малын тунгалгийн булчирхай ч мөн ижил үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч учраас малын эмч нар хүнсэнд хэрэглэх малын эрүүл мэндийг шалгахдаа булчирхайн үйл ажиллагааг зайлшгүй харгалздаг. Тэр дундаа тунгалгийн булчирхай өвчилсөн бол шаардлага хангахгүй гэж үздэг байна.

Энэ булчирхай ямар чухал үүрэгтэй болох нь эндээс харагдах байх. Манайд тунгалгийн булчирхайн үрэвслийн талаарх хамгийн сүүлийн судалгааг 1993-2000 онд хийсэн. Ер нь энэ талаар мэргэжлийн эмч нар ч ойлголт муутай байдгийг салбарынхан хэлж байв. Судалгааны үед ч, түүнээс хойш ч хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 40 орчим хувь нь энэ төрлийн үрэвсэлтэй байж.

Судалгаагаар энэ өвчин хүүхдүүдэд харьцангуй элбэг тохиолддог гэсэн дүгнэлтэд хүрээд буй. Гол шалтгаан нь хүзүү, нүүр, эрүү орчмын байрлалтай архаг үрэвсэл байдаг аж. Тухайлбал, хоолой байнга өвдөх, чихнээс булаг гоожих нөлөөлнө. Мөн шүд цоорох, буйл үрэвссэнээс болж эрүү, нүүрний булчирхайнууд цочдог. Тунгалгийн булчирхай цочиж үрэвсэхэд өрхийн эмч нар гахайн хавдартай эндүүрэх нь бий. Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүд эмчид хандалгүй таамгаар оношилж буруу эмчилгээ хийдэг.

Ингэснээр булчирхайг улам үрэвсүүлж, хүндрүүлдэг аж. Эрт оношилсон тохиолдолд эм, физик эмчилгээгээр эмчлэх боломжтой. Харин хожуу оношилж, цаг алдсанаас идээ бээр биеэр тарсан бол мэс засал зайлшгүй хийлгэдэг юм байна. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ цоорсон шүдийг эмчлүүлэх, хоолойн махыг нь авахуулах зэрэг суурь өвчнийг нь устгавал өвчлөхгүй байх боломжтой аж. Үүгээр ихэвчлэн 0-5 насныхан өвчилдөг. Учир нь хүүхэд төрөхдөө дархлааны систем нь сайн хөгжөөгүй байдаг.

Манайд ихэвчлэн 0-5 насныхан өвчилдөг

Таван нас хүрэхэд хангалттай хөгжиж дуусдаг тул тэр хүртэл жилд хэд хэдэн удаа ханиад хүрч, суулгахыг барууны анагаах ухаанд хэвийн гэж үздэг ажээ. Дархлаа муудсан үед хүүхдийн биед вирус орж, түүнийг антибиотикоор дарах боломжгүй болдог гэж зарим эмч үзэж байна. Харин барууны орнуудад өсвөр насны хүүхдүүд энэ өвчинд гол төлөв өртдөг байна. Энэ нь үнсэлцэх үед шүлсээр халдвар, вирус авах болон аяга халбага солих зэрэг олон шалтгаантай ажээ.

Яг өсвөр насны охиноо ийм өвчнөөр өвчилснийг мэдээд эмчлүүлсэн Г.И гэгч эмэгтэй хүүхдээ өвчнөөс хэрхэн ангижруулсан түүхээ хуваалцсан юм. Тэрбээр “Монголд тунгалгийн булчирхайн үрэвсэл гэж оношилсон ч зайлшгүй хагалгаа хийлгэх хэрэгтэй гэсэн. Би үүнтэй санал нийлээгүй тул охиноо аваад Бээжинд очиж үзүүлэхэд хүчтэй антибиотик уулгаж, эдгээсэн.

Булчирхай мэс засалд их эмзэг, мэс хүргэж болдоггүй гэж сонссон учраас хагалгаа хийлгэх эмч нарын саналыг хүлээж аваагүй” гэв. Мэс заслын дараах ариун цэврийг сахиагүй, шаардлагатай эмчилгээ хийлгээгүй тохиолдолд өвчин дахих магадлалтай байдаг ажээ.

Дархлалын тогтолцоо тунгалгийн булчирхайн үйл ажиллагааг өөртөө нэгтгэж явдаг бөгөөд энэ нь бие махбодийг халдвараас хамгаалах гол хэрэгсэл болдог. Тунгалгийн тогтолцооны идэвхтэй үйл ажиллагааны дүнд биеийн эсүүдийн завсраас шингэн ялгарч, хуримтлагдан гадагшилдаг. Энэ мэт нарийн үйл явц дундаа тунгалгийн булчирхайнууд нь хүний бие махбодод гаднаас орсон бактери, хорт зүйлүүдийг устгах чадалтай ажээ.

Г.Сайнзаяа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.