Догшин хутагт ба дорнын их бүтээн байгуулалт

Twitter Print
2022 оны 05-р сар 08-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

Шамбалын орон, энергийн төвийн цогцолбор газарт байршилтай “Өвгөн суварга”, “Хамарын хийд”-ийн талаар өгүүлье.

Өвгөн суварга

Хамарын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залсан нь “Өвгөн суварга” юм. Уг суваргыг 2011 оны 09 дүгээр сарын 10-нд нээсэн цагаас хойш мөргөлчин, аялагчдын хөл тасраагүй. Хүмүүс “Өвгөн суварга”-ыг үзэх дуртай байдаг нь дотоод засал чимэглэлтэй холбоотой байх хэмээн нутгийнхан ярина. Үнэхээр ч “Өвгөн суварга” бусдаас онцгой содон.

Монгол гэрийн хэлбэртэйгээр барьж байгуулсан “Өвгөн суварга” нь 32 метр өндөр, 5 талтай хийгдсэн учраас Монголдоо “Монгол бөх”-ийн өргөөний дараа орохуйц бөөрөнхий хэлбэртэй бүтээн байгуулалт болжээ.

“Өвгөн суварга”-ын дотор, таван талд нь Бурхан багшийн таван дүр буюу Язгуурын 5 бурхан заларч, оройд нь соёмбо байрлуулсан төдийгүй бурхадын хөөмөлдсөн хөргийн дор нь тус бүр тайлбарыг нь бичиж байршуулжээ. Мөн уламжлалын дагуу тарнийн хүчийг оршоож олон боть цай, 7 тонн арц, иж бүрэн тавилгатай таван ханатай гэр хоёрыг, бурхан шүтээн, Улааны шашны номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг шүншигт нь хийсэн байна. Мөн оройн хэсгийн бунхан дотор Ноён хутагтын номлосон сургаалийн дагуу жинхэнэ шүншигийг нь хийж битүүмжилсэн аж. Гол амин мод буюу сорогшинг Төв аймгийн Батсүмбэр сумын Минжийн хангайгаас авчирч, эргэн тойронд нь олон суваргын чуулбар хийжээ.

Түүнчлэн эл хийдэд Ноён Хутагтын 9 дүгээр дүр болох Данзанлувсантүдэв гэгээнтэн залардаг учраас сүсэгтэн олны хөл тасардаггүй байна. Гэхдээ Гэгээнтэн Данзанлувсантүдэв Энэтхэг улсад бясалгал хийж байгаа учраас ойрын таван жилдээ нутагтаа суурин байхгүй ирэн очин байх аж. Харин таван жилийн дараа “Хамарын хийд”-д суурин байж сүсэгтэн олонтойгоо хамт байх тухай Гэрэлт-Од хэмээх хөтөч ярив. Гэгээнтэн эзгүй ч түүний олбог, өмсөж байсан дээл тэргүүтэн нь “Өвгөн суварга”-д байрлах суудал дээр нь залаастай байв.

1823 онд Ноён хутагт энэ суваргыг анх бүтээхдээ Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээсэн гэх түүхтэй юм билээ. Уг суварга 1937 он хүртэл үйл ажиллагаа явуулж байсан боловч их хэлмэгдүүлэлтийн “хөлд” үрэгдэн буулгагдсан байсныг сэргээн шинээр барьж байгуулсан нь Монголын их шүтээн суваргын нэг болжээ.

Хамрын хийд

XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа “Өвөр хамар” гэдэг газар “Хамарын хийд”-ийг байгуулжээ. “Хамарын хийд” нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ.

Хамрын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж ирсэн хэмээн тус хийдийн түүхэнд бичсэн байна.

Тэдгээр үлдсэн зүйлийг Хамрын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн аж.

Д.Данзанравжаа Улааны шашныг Монгол хүний бие, оюун санаанд хамгийн тохирсон шашин гэж үзэж тухайн үеийн нийгмийг шүүмжилж шинэтгэхийг зорьж байсан ба Хамрын хийдэд Монголын анхны театрыг 1830-аад онд “Намтар дуулах дацан” нэртэйгээр байгуулсан байна. Энэ нь Монголын театр урлагийн түүхэнд анхны театр байсан гэж судлаачид үздэг. Хамрын хийдэд театраас гадна “Хүүхдийн дацан” нэртэй сургуулийг байгуулж, хүүхэд багачуудаас гадна эмэгтэйчүүдийг сурч боловсорч бичиг үсэгтэй болохыг дэмжиж байжээ. Данзанравжаа Хамрын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж “Шамбалын орон” байгаа газрыг тодорхойлжээ. “Шамбалын орон” гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юмуу оюун санаагаараа очиж чадах “Бурханы орон” гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа “Шамбалын орон”-ыг тойруулан суварга бүхий хашаа босгож тохижуулж, Гаадамбын 77 боть судрыг залсан аж. Шамбалын орон 25 хаадтай бөгөөд жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж ном уншдаг.

Биднийг очих үеэр Үржантэгчэнлин сүмд гурван лам ном уншин сүсэгтэн олонд адис хүртээж байв. Ном унших тусгай тарифтай бөгөөд заслын номнууд нь ихэвчлэн 500 төгрөгийн үнэ ханштай байв. Ном унших үеэр лам босож тухайн өрхийн тэргүүний нэр, ам бүлийн тоог нь хэлээд уншуулах номнуудынх нь нэрийг нэг бүрчлэн уншиж сонсгоно. Үүний дараа тусгайлан бэлтгэсэн арц, рашаан тэргүүтнийг өгөх бөгөөд энэ бүхэнд номын хүч оршсон гэнэ.

Сүмийн дотоод засал чимэглэлийн хувьд хэн ч харсан эерэг сэтгэгдэл төрүүлэм дулаан өнгийг сонгосон байх бөгөөд хоймор хэсэгтээ 1000 бурханаар хүрээлүүлсэн Бурхан багш заларч байх аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.