Пак Гын Хэ 45 жилийн ял сонсож магадгүй

Twitter Print
2017 оны 03-р сар 24-нд 19:12 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг авилга авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, бусдад дарамт шахалт үзүүлсэн зэрэг 13 хэрэгт буруутгаж байна. Эдгээр 13 хэрэг нь түүний найз Чой Сун Шилийг шалгах үед илэрсэн баримтууд юм. Хэрэв бүх хэрэгт буруутай гэж үзвэл Пак Гын Хэ 45 жил хүртэл ял сонсож магадгүй гэж хуулийн мэргэжилтнүүд үзэж байна.

Пак Гын Хэ өнгөрсөн мягмар гаригт прокурорын газарт очиж 14 цагийн турш мэдүүлэг өгч, 7 цаг орчим өгсөн мэдүүлэгтэйгээ танилцсан билээ.

Үүсгэсэн хэргүүд дундаас хамгийн ноцтой нь түүний багын найз Чой Сун Шил БНСУ-ын томоохон корпорациудын нэг болох “Самсунг”-аас ихээхэн хэмжээний авилга авсан хэрэг юм. Өнгөрсөн сард “Самсунг Электроникс” компанийн Дэд захирал Ли Жэ Ёнг Чой Сун Шилийн Герман улсад байдаг “Кор Спортс” гэх компанид 7.8 тэрбум вон буюу 6.82 сая ам.доллар өгсөн хэргээр хоригдсон. Тэгвэл Пак Гын Хэ уг хэргийн эзэн холбогдогчоор тодорвол 35 тэрбум вон буюу авсан авилгын хэмжээг 5 дахин нэмэдүүлсэн хэмжээний мөнгөн торгууль төлөх хуулийн заалттай.

Пак Гын Хэ нь найз Чой Сун Шил болон Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ан Чонг Бумтай хамтран 53 томоохон үндэсний хэмжээний групп, корпорацийг дарамталж Чой Сун Шилийн эзэмшилд байдаг “Мир” болон “Кэй-Спортс” гэх хоёр сэжиг бүхий байгууллагад 77.4 тэрбум воны хандивыг өргүүлсэн гэж БНСУ-ын прокурорууд үзэж байгаа юм.

Өнгөрсөн жил Пак Гын Хэг шалгах явцад эдгээр хэргүүд нь өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх заалтад багтаж болохыг БНСУ-ын прокурорууд онцолж байсан бөгөөд тухайн үед түүнийг 8 тооны хэрэгт буруутгаж байсан. Үүний дараа дээрх үйлдэл дээр нь гуравдагч этгээдэд авилга авахад хамтран оролцож, дэмжиж тусалсан хэмээн 5 хэрэгт нэмж буруутгасан юм.

Одоо прокурорууд шүүн байцаах ажлаа тэлж, “SK Групп” болон бусад томоохон компани, корпорациудаас өөр санхүүгийн ноцтой асуудал бүхий дэмжлэг туслалцаа авсан эсэхийг шалгаж байна. “SK Групп”-ын захирал Чэй Тэ Вон өнгөрсөн 7 хоногийн бямба гаригт байгууллагуудад 11.1 тэрбум вон хандивлаж, хариуд нь Ерөнхийлөгчөөс өршөөл гуйсан хэрэгт шалгагдсан. Тухайн үед Чэй Тэ Вон мөнгө угаах болон бусад хэргээр шоронд хоригдож байсан юм. 

Мөрдөн байцаагч нар дээрх хэргүүдийг Пак Гын Хэ болон Чой Сун Шил хамтран үйлдсэн эсэхийг тодруулахаар ажиллаж байна.

Түүнчлэн Пак Гын Хэ өөрийнх нь засаглалыг эсэргүүцсэн, сөрөг намыг дэмжсэн уран бүтээлчдийг хар дансанд оруулж, Засгийн газраас аливаа дэмжлэг үзүүлээгүй гэх хэргээр мөн сэжиглэгдэж байна. БНСУ-ын Соёлын сайд асан Чү Юүн Сүн болон Ерөнхийлөгчийн албаны дарга асан Ким Ки Чүнийг тус хар дансыг хөтөлж байсан гэх хэргээр баривчилсан байна.

Нэмэхэд, Пак Гын Хэ өөрийнх нь үзэл бодол, хэрэгжүүлсэн хөтөлбөр, хар данс хөтлөх зэрэг үйлдлийг эсэргүүцсэн төрийн албан хаагчдыг өөрийн эрх мэдлийг ашиглан ажлаас нь халсан хэмээн мэдээлж байна.

Эцэст нь Пак Гын Хэ өөрийн зөвлөх асан Жон Ху Сон нь төрийн нууцлалтай материалыг Чой Сун Шилд хүргүүлсэн гэх хэргээр мөн буруутгагдаж байгаа юм.  

Эх сурвалж: Korea Times

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Болд С

      (139.5.217.67) 2017-03-27 11:25
      • 0
      • 0

      Солонгост улс төрчдөөс хараат бус төрийн захиргааны алба ажиллаж байгаа юм байна.Манай улсад ерөнхий прокурорыг нь ерөнхийлөгч томилдог. Ерөнхий шүүгч, авилгатай тэмцэх газрын дарга гээд л бүгдийг улс төрч гэж нэг нөхөр томилдог. Дархлаагүй төр

      Хариулах

    • Zochin

      (220.117.22.61) 2017-03-25 19:05
      • 0
      • 1

      Muutai nohorlovol mogoin hor shuu.humuusee.

      Хариулах