Дурсгалт газрыг түшиглэсэн музей байгуулахаар төлөвлөж байгаа гэв

Twitter Print
2017 оны 03-р сар 23-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ын Улаанбаатар дахь суурин төлөөлөгч  ноён Весиль Чифтжитийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар агаарын бохирдлыг бууруулах, хөрсний бохирдлыг сааруулах, Турк улсад хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийг илгээж сургалтад хамруулах, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилаа.

Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Мэргэн Тоньюкукын хөшөөний орчимд аялал жуулчлалын бүтээн байгуулалтыг хийх, ойг хөнөөлт хортон шавьжаас хамгаалах, тусгай зориулалтын буюу аргаль хонь, янгир ямаа, халиун бугын агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах, менежмент хариуцагчийг чадавхижуулах, жишиг агнуурын бүс нутаг болгох ан агнуурын менежментийг сайжруулах чиглэлээр  хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь Мэргэн Тоньюкукын  хөшөөний орчимд археологийн малтлага хийж, хамгаалалтад авсан. Цаашид энэхүү дурсгалт газрыг түшиглэсэн музей байгуулахаар төлөвлөж буйгаа ноён Весиль Чифтжит хэлсэн. Харин зарим нэг үүсээд буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос хүссэн юм.

ТИКА нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол нутаг дахь түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хамгаалах, малтлага, судалгаа хийх, Хөшөө цайдам музейг барьж байгуулах, Билгэ хааны автозам барих, цаатан иргэдийг дэмжих, цэвэр ус, усны эрүүл ахуй, эрүүл мэнд, боловсрол, чадавхыг бэхжүүлэх зорилгоор Турк Улсын туршлагыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.