Б.Чойжилсүрэн сайд VS Тост Тосон бумбын нуруу

Twitter Print
2017 оны 03-р сар 23-нд 11:11 цагт
Мэдээний зураг,

Ирвэс хамгаалагч хүү Т.Лхагвасүмбэрэлийн амиараа хамгаалж байсан Тост Тосон бумбын хэмээх домогт нуруу, орон нутгийн байгалийн нөөц газарт хэдийнэ дархалсан байсан Хөвд, Хуршуутын голд өнөөдөр дахиад л дажин дэгдэж байна.

Уг нь хэдхэн хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаас Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох шийдвэр гарч, тэр ч бүү хэл Тост Тосон бумбын нурууны төлөө тэмцэгсэд, байгаль хамгаалагчид бие биедээ баяр хүргэн, талийгаач Т.Лхагвасүмбэрэл агсны үйл хэрэг биеллээ гэлцэж байв.

Гэвч үүнээс хэдхэн хоногийн өмнө мөнөөхөн байгалийн нөөц газарт авах ёстой Хуршуутын голд “Сауд гоби коал транс” ХХК тэрэг техниктэйгээ дайран орж ирж, кэмпээ байгуулан, бүр зам тавьж, хөрс тэгшилж эхэлсэн аж. Энэ талаар яг Засгийн газрын хуралдаан болохын өмнөх өдөр дуулиан дэгдэж, нутгийн иргэд сошиалаар сэрэмжлүүлэг мэдээ цацаж, яг Засгийн газрын хуралдаан болсон өдөр буюу гуравдугаар сарын 15-нд ”Сауд гоби коэл транс” ХХК-ны талбайд Гурвантэс сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Отгонбаяр, БОХУБайцаагч А.Атар, Тост багийн Засаг дарга Н.Галаахүү, Урт багийн Засаг дарга Л.Пүрэвдорж, Байгаль хамгаалагч Ж.Пунцагбал,Ч.Энхзаяа нар хамтран хяналт шалгалт хийж, чамгүй зөрчил илэрсэн учир үйл ажиллагааг нь зогсоох акт гаргажээ.

Гэвч “Сауд гоби коал транс” ХХК бардмаар кэмпээ үргэлжлүүлэн барьж байсны учир нь тэд энэ өдрийн 19.00 цагт Засгийн газрын тогтоол гарна гэдгийг аль хэдийнэ мэдэж байсан хэрэг аж.

Харин мөнөөхөн гурвантэсчүүд баярлаж угтсан тогтоол нь үнэндээ өмнө нь УИХ-аар Тост, Тосон Бумбын нурууны хилийн нөөцийг 896.527.44 га талбайг тусгай хамгаалалтанд авахуулах хууль баталсан атал өөрчлөлт оруулан 743.000 га болгочихжээ.Алга болсон 153.000 га талбай “хэний”-х байсан нь тодорхой. Засгийн газрын тогтоол гарахыг аль хэдийнэ мэдэж байсан тэд тайвнаар гэр кэмпээ байгуулж, нутгийнхныг дооглон тохуурхсаар, Балжинням, Дашням давхацсан 2017.03.18-ны өдөр хөрс хуулалтаа хийж баяраа тэмдэглэжээ.

Эндээс та Монголын төрд хэн хүчтэй, нутгийн ард иргэд ямархуу хөөрхийлөлтэй, хэн ч үгийг тоож эс хэрэгсэх, бүр хэдэн жил дараалан тэмцэж, амиа хүртэл алдаж байхад Засгийн газрын хэдхэн “нөхөр” асуудлыг шийдэж байгааг харсан биз дээ.

Дашрамд дурдахад “Сауд гоби коал транс”-ийг хэдийнээсээ Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн гэж ярьдаг, нутгийнхан сайн мэддэг, өөрөө ч хүлээн зөвшөөрч байсан, үүнийг батлах иргэдийн яриа ч бий. Тухайлбал Khumbaa Tumendelger өөрийн фэйсбүүкт

-Б.Чойжилсэн Сангийн сайд болоогүй, их хурлын гишүүн байхдаа, жил гаруйн өмнө, Төрийн ордонд Засаг дарга асан Г. Гангамаа, ИТХурлын дарга Б. Дэжид бид гурвын яг өөдөөс харж суугаад “Би энэ газар тийм чухал ус булагтай гэж мэдээгүй л дээ, манай дүү нар л энэ газар хямдхан зарагдах гээд байна, ирээдүйд хэрэгтэй гээд байхаар нь авчихсан юм аа. Одоо үнэхээр залхаж байна, үүнийг эсвэл авчих хүн байвал өгөөд хэдэн төгрөгөө салгаж аваад сэтгэл амар салмаар байна” гээд улаан цайм, минчийж ирээд л яриад байсан хүн дээ гэж бичиж байсан байна.

Харин одоо Б.Чойжилсүрэн үнэхээр айдаггүйгээ авдартаа хийж, амиараа дэнчин тавьж, нутгийн ардууд хэдэн жил тэмцэж, өмнөх УИХ-ын эмэгтэй гишүүд хүч хавсран баталсан Тост, Тосон Бумбын нурууны хилийн заагийг тэр хурууныхаа үзүүрээр өөрчилж. Засгийн газарт ямар шийдвэр гарахыг ч Өмнөговийн нэг нүүрсний компанийн кэмпд урьдчилан мэдчихсэн байдаг болчихсон байж шүү дээ.

Ийн УИХ-ын хэт үнэмлэхүй олонх болсон, шүүх ч бидний өмнөөс дуугарах эрхгүй болсон “уяач”-дын, “нүүрсчид”, байгал руугаа дайрагсдын Засгийн газрынхныг ч хэн ч дийлэхээ больжээ. Одоогоор Өмнөговийн Гурвантэсийн иргэд нэгдэж тэмцэнэ гэж байгаа ч одоогийн байдлаар Засгийн газрын тогтоол нэгэнт ингэж гарсан болохоор найдвар тун багатай. Дашрамд сануулахад МАН-ын гишүүдийн пээдийгээд байгаа Засгийн газар захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татагдахгүй гэсэн нэг сонин "гаргалаа" ч мөн Б.Чойжилсүрэнгийн арыг бат хамгаалах бөгөөд байгаль хамгаалагчид шүүхэд хандаад ч тусыг эс олох нөхцөл бий болж магадгүй.  

Энэ бол Тост Тосон Бумбын байгалийн нөөцийн газар  хуулиар бол багтчихсан Хөвдийн гол, үүнээс холгүйхэн Б.Чойжилсүрэн Засгийн газрын тогтоолоор хамгаалуулсан компанийн кэмп, газар тэгшлэн сүрийг үзүүлж буй техникүүд нь арсайн зогсоо. Говь нутагт ховорхон тохиох баян бүрд, усны шувууд тэгширсэн, дэлхийд давтагдашгүй байгалийн тогтоцтой Хөвхийн баян бүрдээс холгүйхэн бас Монгол Улсын дархан хилээ манаж байгаа, хилийн застав бий. Өнөөдөр Б.Чойжилсүрэн сайдын компанийн дайран орох нь тодорхой Хуршуутын үзэсгэлэнт бяцхан гол, давтагдашгүй баян бүрдүүд бий. Магад тэд энэ хавартаа ч Б.Чойжилсүрэнгийн “танк”-нд няцлагдан, улаанаараа эргэсэн ухсан нүх болох биз. Магадгүй тэд өнөөдөр өөрсдийг нь хэн ч дийлэхгүй гэдэгт итгэн омойтож байгаа биз. Үнэхээр ч тэднийг хэн ч дийлэхгүй ч юм уу?

Ийм байж болох уу, Өмнөговьчууд аа?

Ийм байж болох уу, Өмнөговиос сонгогдсон эрхэм түшээд ээ?

Ийм байж болох уу, Монголчууд аа?

А.Алтантуяа

Эх сурвалж: https://www.infomongol.mn/

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.