Лондон хот террорист халдлагад өртжээ

Twitter Print
2017 оны 03-р сар 23-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр шөнө буюу манай цагаар 22:40 цагийн орчим Лондон хотын парламентын ордны ойролцоо халдлага гарч 5 хүн амиа алдан 40 хүн бэртжээ.

Нэгэн этгээд Уэстминстэрийн гүүрэн дээр явж байсан иргэд рүү автомашинаар дайрч парламентын ордны гаднах хашлагыг мөргөн зогссон байна. Тэнд машинаасаа буун ордны нэгэн цагдааг хутгалан хөнөөж ордон руу орохыг завдаж өөр нэг цагдаад буудуулж алагдсан байна.

Халдлагад өртсөн иргэдийн дунд Францын дунд сургуулийн сурагчид, Өмнөд Солонгосын жуулчид багтаж байна. Амиа алдсан 5 хүний хоёр нь цагдаа болон террорист өөрөө байсан бөгөөд бусад гурав нь автомашинд дайруулсан иргэд байжээ. Амиа алдсан цагдаа 15 жил цагдаагийн алба хашсан 48 настай Киеф Палмер байсан байна.  

Их Британий Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр орой мэдэгдэл хийхдээ алуурчныг ганцаарчилсан халдлага үйлдсэн гэдгийг баталсан байна. Тэрээр хэлэхдээ “Энэхүү халдлага парламентын ордны дэргэд болсон нь тохиолдлынх биш. Уг террорист халдлага үйлдэгч олон төрлийн шашны хүмүүс, өөр өөр соёл бүхий олон улсын иргэд амьдардаг манай улсын зүрх болох нийслэл хот руу халдлаа. Бидний ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг хүч хэрэглэн сүйтгэх оролдлогууд эцэст нь ямар ч амжилтад хүрэхгүй” гэжээ.

Одоогийн байдлаар алуурчны хэн болохыг цагдаагийн алба тогтоосон ч олон нийтэд мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Өчигдөр парламентын хуралдааныг цуцалж, ордонд хөл хорио тогтоож ордонд ажилладаг хэдэн зуун хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна. Харин өнөөдрөөс нийтийн танхим, лордын танхим хоёул хэвийн горимоор ажиллаж хуралдааныг эхлүүлжээ. 

Уг халдлагын дараа Парис хотын Эйфелийн цамхаг Лондон хотод эмгэнэл илэрхийлж гэрлээ унтраажээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британий Ерөнхий сайд Тереза Мэйтэй утсаар холбогдон эмгэнэл илэрхийлж энэхүү халдлагын эздийг тогтоон зогсооход АНУ-ын Засгийн газар бүрэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. 

Энэхүү халдлага нь 2005 оны 7-р сард Лондон хотод Исламын шашинтай 4 хүн өөрсдийгөө дэлбэлж 52 явган зорчигчдын амийг хөнөөсөн хэргээс хойш болсон хамгийн том халдлага боллоо. 

Эх сурвалж: Reuters

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.