11 настай хүү тархины бяцралттай байсан учир хоёр ч удаа хагалгаанд оржээ

2017 оны 03-р сар 21-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд болсон "Майдар эргэх ёслол"-ын үйл ажиллагааны үеэр нутгийн иргэд хурдан морины уралдааныг дур мэдэн 3 насны морьд уралдуулан зохион байгуулжээ. Засаг даргын зөвшөөрөлгүйгээр ийнхүү нууцаар морин уралдааныг зохион байгуулсан нь 11 настай хүүг амиа алдахад хүргэжээ. Сумын удирдлагууд уралдаан болдог өглөө нь уралдаан эхэлснийг мэдсэн учраас сумын цагдаа, эмнэлэг, нийгмийн ажилтнууддаа үүрэг чиглэл өгөөд гаргасан аж.

Хэдий хүүг уралдааны явцад мориноос унаж амиа алдсан гэж байгаа ч морь гарааны төхөөрөмжид толгойгоо цохиулан улмаар мориноосоо унаж бэртсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Хүүг бэртсэний дараа аймгийн төвийн эмнэлэгт авчран, хоёр ч удаа хагалгаанд оруулсан ч тархины бяцралттай гэсэн оноштой байсан учраас ухаан орохгүй байсаар амиа алдсан байна.

Уралдааныг нууцаар зохион байгуулсан учраас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хүүхдийн аюулгүй байдал болоод хамгаалах асуудал дээр хяналт тавих боломжгүй байсан талаараа мэдээлжээ.

Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтсансүх “Гуравдугаар сарын 14-нд авсан мэдээллээр энэ хавар зохион байгуулагдсан уралдаануудын үеэр 54 хүүхэд мориноосоо унаж тэдгээрийн зургаа орчим нь гэмтэл аваад байсан. Бид энэ уралдааныг ямар ч зөвшөөрөлгүй зохион байгуулсанаас болж хүүхэд гэмтсэн асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандчихаад байгаа. Хүүхэд амиа алдсан учраас өчигдөрөөс эрүүгийн хэрэг үүсгээд цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ уралдааныг зохион байгуулсан, оролцсон хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээнэ” хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн хүүгийн эцэг эх шокын байдалтай, хүнтэй ярих ч тэнхэлгүй байгаа гэв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.