21 аймгийн Үндэсний лигийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Twitter Print
2017 оны 03-р сар 21-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

МҮСБХ, МСБХ хамтран зохион байгуулсан 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээн таван сарын турш үргэлжилж энэ сарын 17-нд хөшгөө хаалаа. Үндэсний лигт анх удаа БНАСАУ-ын тоглогчид оролцсон нь Монголын сагсан бөмбөгт түүхэн үйл явдал болсон юм. Эрдэнэт, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт аялан тоглосон нь Үндэсний лигийн нэг онцлог юм. Монголд багийн спортын төрлөөр лигийн олон тэмцээн болдог ч ингэж орон нутагт зохиож, спорт сонирхогчдыг баярлуулж байсан нь үгүй. 

Багууд нэг хотоос нөгөө рүү аялан тоглож, хөгжөөн дэмжигчдээ баярлуулдаг нь мэргэжлийн лигийн жишиг. NBA-гийн багууд бусад багийнхаа харьяалагддаг хотод зочлон тоглож, хожил, хожигдлын торгон мөчөө хөгжөөн дэмжигчтэйгээ хуваалцдагийг бид цэнхэр дэлгэцээр л хардаг.

Харин “Үндэсний лиг” хасагдах шатны зарим тоглолтоо хөдөө орон нутагт хийж, аймгийнханд өөр өөрсдийн дэмждэг багийнхаа тоглолтыг дэргэдээс нь үзэх боломж олгосон нь Монголын сагсан бөмбөгийн спортыг шинэ шатанд гаргасан алхам байлаа. Манай сагсан бөмбөгийн багууд спортод элэгтэй хувь хүн, томоохон байгууллага, компанийн дэмжлэгээр л тэмцээнд оролцдог.

Өнөөх байгууллага, хувь хүн нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй болбол тухайн баг тарахаас өөр аргагүй байдалд ордог нь гашуун үнэн. Хэрэв аймгууд тогтмол сагсан бөмбөгийн шигшээ багтай байж, лигийн тэмцээнд оролцдог болчихвол тамирчдын амжилт, ур чадвар илүү хурдан ахих нь мэдээж.


Баруун бүсийн аварга Архангай аймгийн Архангай Алтан Дорнодын Дайчид, Зүүн бүсийн аварга Сүхбаатар аймгийн Сүхбаатар Альянс Тех баг финалд шалгарав. Аваргын төлөөх цувралын эхний тоглолтод Сүхбаатар хожсон. Хоёр дахь тоглолтоос хойш Архангайчууд өрсөлдөгчдөө боломж олгосонгүй. Тэд цувралыг 3-1 болгон тэргүүлж байлаа.

Тав дахь тоглолт тун өрсөлдөөнтэй эхэлсэн. Эхний хагас тэнцүүхэн дууслаа. Гуравдугаар үед Архангай бага зэрэг давамгайлсан ч Сүхбаатар амар бууж өгөх учраа биш гэдгээ харуулан оноог холдуулахгүй байлаа. Тоглолтын тооны харьцаа тун ойрхон явсаар дөрөвдүгээр үед өрсөлдөөн дээд цэгтээ хүрч, нутгаа дэмжиж буй хөгжөөн дэмжигчид багаа уухайлан дэмжиж байв. Шийдвэрлэх үед Архангай аймгийн хамгаалагч Э.Дорж-Арилд хоёр ч удаа бөмбөг тасалж, Роберт Тюрнер алсын зайн шидэлтээ байнд нь тусган Архангай Алтан Дорнодын Дайчид өрсөлдөгчөө 96:92-оор буулган авлаа.

Ийнхүү Архангай аймгийн Архангай Алтан Дорнодын Дайчид цувралд 4-1-ээр илүүрхэн Үндэсний аваргаар тодорлоо. Тус тоглолтод Архангайгаас О.Энхбаатар 22 оноо, 10 самбар, М.Хэммондс 17 оноо, 8 самбар, Р.Тюрнер 15 оноо, 7 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн байна. Сүхбаатараас Карл Блэйр 24 оноо, 10 самбар, Э.Дөлгөөн 24 оноо, 14 самбар авсан бол М.Харрис 14 оноо, 10 самбар, Золбаяр 10 оноотой тоглолтыг өндөрлүүлэв. Финалын үнэ цэнэтэй тоглогчоор цувралын турш онцгой тоглолт үзүүлсэн Роберт Тюрнер тодорсон юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.