Автобусны хөдөлгүүр хэсгийн цахилгаан гэмтсэнээс болж гал гарсан байна

2017 оны 03-р сар 21-нд 14:39 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр 09.36 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Сансарын тунель, Баянцээлийн автобусны буудлын ойролцоо "НЧБ” ХХК-ийн Баруунсалаа-Халдварт чиглэлд иргэдэд үйлчилдэг 36-71 УБГ улсын дугаартай автобусанд гал гарч, шатсан. Тухайн үед тус автобусанд 6-7 хүн зорчиж явсан бөгөөд ямар нэгэн бэртэл гэмтэл авч, угаартаагүй байна. Түүнчлэн дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчид очиход зорчигчид тээврийн хэрэгслээс бүрэн гарч, аюулгүй байдалд шилжсэн байжээ. Гал гарсан автобус нь 2007 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн, 2016 оны тавдугаар сард Монгол улсад импортоор орж ирсэн байна.

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Н.Нямхорлоо, Нийтийн тээврийн газрын орлогч дарга Д.Булгаа нар мэдээлэл хийлээ.

Автобусанд гарсан гал түймэр мотор буюу хөдөлгүүрийн хэсгээс тархаж эхэлсэн бөгөөд жолооч нь мэдсэн даруйдаа галын хор ашиглан унтраах гэсэн боловч гал намдаагүй байна. Гал сөнөөгчид очиход автобусны хөдөлгүүр болон бүхээгийн хэсэгт гал түймэр тархсан байсныг 30 литр хөөс ашиглан, 20 минутын хугацаанд унтраажээ.

НОБГ-аас гал гарсан шалтгааныг галын дүгнэлтэд үндэслэн 14 хоногийн хугацаанд тогтоох аж. Урьдчилсан дүгнэлтээр автобусны хөдөлгүүр хэсгийн цахилгааны гэмтлээс үүдэн гал гарсан болохыг тогтоожээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны техникийн бүрэн бүтэн байдлыг өглөө бүр шалгах автомат механик авто баазуудад байдаг. Уг автомат механикаар тоормос, гэрэл, сигнал зэрэг хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг шалгадаг аж. Харин цахилгаан зэрэг далд гэмтлийг шалгах боломжгүй байдаг ажээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.